Хориод хоногийн дараа сар шинийн барилдаан болно. Бүтэн бүлээрээ цугларч битүүний барилдаан үзэж, тэр жилийнхээ өнгийг тодорхойлох хүчит бөхчүүдээ бахархаж ярих хэчнээн сайхан. Харин өнөө жилийн хувьд Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны “арай л дэндүүдсэн” эр бяр гэхээсээ илүү зэрлэгшил үнэртүүлж айдас төрүүлсэн барилдаан санаанаас нэг л холдож өгөхгүй болов уу. Олон нийтийн мэдээллийн сүлжээнд хонон өнжин хоёр талцаж, “унаж сураагүй” залуу бөх Б.Лхагвадорж, унагаж сураагүй Н.Батсуурь аваргын тухай маргав. Төдөлгүй аварга тайлбар хийлээ. “Барилцааны явцад, давахад тийм зүйл болчихлоо. Санаатайгаар тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан” гэв.
Дараа нь тэр “зөөлөн унасан” бөхтэй холбогдлоо. “Зүгээр” гэнэ. “Эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон, хүзүү суулттай. 14 хоног эмчлүүлэхийг зөвлөсөн” гэнэ. Бөхчүүд бол “байдаг л юм” гэх байх. Гэхдээ үүнийг үзсэн үзэгчдээ бас бодоход илүүдэхгүй. Бөх гэдэг маань үзэгчид, сонирхогчидтойгоо хамтдаа Монголын баялаг юм аа.
Түүнээс биш Б.Лхагвадоржийг гүйж явахад нь бүдрээд унахад бид эвийлж өхөөрдөөгүй. Аварга Н.Батсуурийг “зодоод гэмтээсэнтэй” адилтгаж буруутгаагүй. “Яасан эвгүй унагав аа” гэхийн сацуу “Ай даа мөн аатай сайхан барилдлаа” гэх магтаал зэмлэл нь хамтдаа яваа.
Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.10-т заасан “Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа гурван минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс /гурван минутаас/ илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасч эмчилгээтэй бөхийг давсанд тооцно” гэдэг заалт энд үйлчлэх үү. Гэмтээсэн бөх нь эвтэйхэн татаж босгоод “зүгээр” гээд хэвлэлийнхэнд хэлчихвэл энэ дүрэм үйлчлэхгүй юу.
Нийт бөхчүүдэд хамааралтай нэг зүйлийг хэлэхэд бөхчүүдийн эрүүл мэнд “асуудалтай”. Бөхийн нэр хүнд эмзгээс эмзэг. Тиймээс нэг л унаанаас болж насны бэртэл гэмтэл авах, үгүйдээ л хүчтэй эм ууж, бэртлээ намдаагаад дараа нь допинг гэгч илэрч амжилтаа баллах нь олонтаа тохиолддог. Энэ бол бөх хүний хувьд том хохирол боловч бөхийн нэр хүндийнх нь дэргэд жижиг мэт санаж хохироод явж байдаг. Энэ байдлаа засч, дүрэмдээ өөрчлөлт оруулахгүй бол бөхийн эрх, хүний эрх хоёр тусдаа байдаггүй юм.
Нэмж сануулахад, бөх бол тулааны спорт гэж тайлбарлахдаа дахин нэг бодоод үзээрэй. Тулаан спорт, үндэсний бөхийн барилдаанаа ялгахтайгаа, мэргэжлийн болон сонирхогчийн спортыг ялгахтайгаа болтлоо Монголд спорт хөгжсөн юм. Бид нохой зодоон, цуст тулаанаас таашаал авдаг спортыг сонгож үзэж болно. Үндэсний бөх үүнээс хавьгүй цэвэр ариун, өв уламжлал ихтэй, үнэт зүйл юм. Үндэсний бөх үзэгч, сонирхогчтойгоо нэг цул байж энэ үнэт зүйл бий болдог. Өөр аль ч орны, ямар ч спорттой харьцуулах шаардлагагүй учраас “зүгээр л бөх” монгол бөхийн барилдаан гэдэг биз.
Монгол бол бөхийн орноос гадна хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, хуульт ёсыг эрхэмлэдэг орон билээ. Үндсэн хууль гэдэг нь “ойгоор нь барилддаг баяр” гэдгээс гадна Монголд мөрдөж буй бүх хуулийн үндэс суурь юм аа. Биеийн тамир, спортын тухай хууль гэж бий. Улсын баяр наадмын тухай хуульд нь Үндэсний бөхийн барилдааны дүрмээр шийдэхээр заасан болохоор гол зохицуулалт нь Үндэсний бөхийн барилдааны дүрэм болж таарч байна. Энэ дүрмээр нь голдуу барилдаанаас хасах, барилдахыг түдгэлзүүлэх “шийтгэлтэй” байх юм. Яаж бодохоороо өрсөлдөгчийнх нь эрхийг хасахаар өвчин нь илааршина гэж тооцсоныг бүү мэд.
Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэвэл нэг бөх нөгөөгөө санамсаргүйгээр, аархах сэтгэл агуулахгүйгээр, бөхийн дүрмийн цээрт заагаагүйгээр гэмтээсэн бол үзэгчид л буруутай юм байна. Эмэгтэй хүн байж яах гэж бөх үзэв, бөхийн тухай ярив гэж шүүмжилнэ. Барилдах, дэргэдээс нь үзэх хоёр өөр гэж нэг тайлбарлана.
Тиймээс Н.Батсуурь аваргаас уучлал гуйя. Арслан цол хүртсэнийхээ дараахан Оюунболдтой маргахад нь үзэгчид соёлгүйгээсээ болж ундааны сав болон элдэв зүйлээр шидэж сэтгэлзүйд нь нөлөөлж байсанд ч, энэ удаад хөндлөнгөөс харчихаад хөнгөн дүгнэлт хийсэнд ч үзэгчид буруутай. Начин өвөөтэй, харцага аавтай, япон соёлтой, жүдогийн ОУХМ, Монгол Улсын аварга Н.Батсуурь таныг цаашдын барилдаандаа үзэгчдийг бүү буруутгаж, бас бүү “айлгаж” байгаарай гэж л хүсье. Мөн таныг хүний ёс жудагийг дагаж “Батсуурь ах буруугүй” гэхээс өөрийг өчихгүй байгаа учраа бөхдөө “санамсаргүй болж өнгөрсөн үйл явцын” тухайд уучлал гуйж эрүүл мэнд, ирээдүйд нь санаа тавина гэж найдъя.
Сар шинийн барилдаан сайхаан. Энэ барилдааныг сайхан байлгаж, нийгмийн өмнө хүлээдэг цорын ганц үүрэг ард түмнээ цэнгүүлэн баясгаасай гэж нийт бөхчүүддээ хүсэн ерөөе!
Холбоотой мэдээ