Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Хонда юниверс” загварын автобус нэгдүгээр сарын 8-ний өдөр 06.00 цагийн орчимд Замын-Үүд сум руу орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, амиа алдсан юм.
Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын газрын зүгээс осол гарахаас цаг орчмын өмнө хоёр жолооч ээлжээ солиод явсан гэсэн мэдээлэл өгсөн юм.
Цагдаагийн байгууллага жолооч хурд хэтрүүлэв үү, эсвэл зүүрмэглэсэн үү, техникийн бүрэн байдал хангагдсан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа байна. Урьдчилсан байдлаар жолооч зүүрмэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Э.БУРАМ