АНУ Сириэс гарч, Ирантай дайн өдөөх үү?

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

АНУ Сириэс гарч, Ирантай дайн өдөөх үү?

АНУ Сириэс гарч, Ирантай дайн өдөөх үү?

АНУ нь өнгөрсөн оны сүүлээр Сири улсаас цэрэг, техникээ гаргахаа мэдэгдсэн. Цэргүүдийг татах тухай төлөвлөгөөг АНУ-ын Батлан хамгаалах яам баталж, ойрын хугацаанд багтаан “Исламын улс” бүлэглэлд эзлэгдсэн Сирийн газар нутгийг чөлөөлсөн 2000 орчим АНУ-ын цэргийг тус улсаас гаргахаар болсон. АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама Сирийн иргэний дайныг Афганистаны дайн шиг төвөгтэй зөрчил мөргөлдөөн болгохоос сэргийлж байсан ч 2014 оны есдүгээр сараас эхлэн агаарын цохилт өгч, дараа жил нь цэргүүдээ оруулсан билээ. Барак Обама Сирийн Засгийн газрыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласанд буруутган удаа дараа цохилт өгөхөөр сүрдүүлж байсан. Улмаар “Исламын улс” гэх харгис бүлэглэл Ойрхи Дорнодод гарч ирснээр АНУ-аас тэдний эсрэг цохилт өгөхөөр Сирид цэргээ оруулсан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири дэх цэргийн ажиллагааг дуусгаж, шинэ дайнд бэлтгэж эхэлсэн бололтой.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Иранд цохилт өгөх тухай ятгах болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Иракийн нийслэл Багдад хотноо өнгөрсөн намар АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо зэвсэгт бүлэглэлүүд миномётоор буудсан хэргийн дараа Цагаан ордноос Пентагонд хандан дээрх хүсэлтийг анх тавьжээ.  Иракийн Багдад хотноо өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын дипломат алба байрладаг бүсэд зэвсэгт этгээдүүд миномётоор буудсан ба хоёр хоногийн дараа Басра хотноо гурван ширхэг их бууны сум  АНУ-ын Консулын газрын ойролцоо унасан аж. Энэ хоёр халдлагын ард Ираны засгийн газартай холбоотой зэвсэгт бүлэглэл байгаа гэж АНУ-ын албаныхан үзсэн байна. Хэдийгээр дээрх халдлагуудад АНУ-ын өмч хөрөнгө хохироогүй, хүний амь эрсдээгүй боловч энэ нь Иранд цохилт өгөх хангалттай шалтаг болох гэнэ. "Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр Жон Болтоны тэргүүлсэн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан Ираны зэвсэгт дайчдын эсрэг цохилт хийх хүсэлтэд Пентагон хараахан хариулт өгөөгүй байгаа аж. Түүнчлэн АНУ-ыг дараагийн дайнд татан оруулах энэ төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжсэн эсэх нь тодорхойгүй.  69 настай Жон Болтон өнгөрсөн онд Цагаан ордын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар томилогдсоныг АНУ дайн хийх нь гэж ажиглагчид харж байсан нь батлагдав. Тэрбээр сүүлийн 30 гаруй жил Вашингтонд дээгүүр алба хашсан бөгөөд дайны стратеги боловсруулахдаа гаргуун нэгэн аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарах шийдвэр гаргаснаас хойш хоёр орны зөрчил улам нэмэгдсэн юм. Хэдийгээр Европын холбоотнууд АНУ-аас үл хамааран уг гэрээг авч үлдэхийг хичээж байгаа боловч Тегеран цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлнэ хэмээн сүрдүүлж байна. Дональд Трамп 2015 онд байгуулагдсан уг гэрээг “сул дорой, ёс суртахууны хувьд ялзарсан” гэж тодорхойлоод Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж чадаагүй, Ойрхи Дорнод даяар терроризмийг санхүүжүүлэх мөнгө олоход нь Тегеранд тус дэм болсон баримт бичиг гэж шүүмжилжээ. АНУ гэрээнээс гарснаар Ираны эсрэг  эдийн засгийн хориг сэргэж, тус улс ам.доллараар гүйлгээ хийх эрхгүй болсон юм. Улмаар санхүү болон газрын тосны хориг хэрэгжиж эхэлснээр Ираны экспортын орлого дахин буурах эрсдэл үүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж