УИХ-аас жил гаруйн өмнө “виз”-ээ авсан Элчин сайдууд Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичгээ авч чадахгүй байсаар буцаагдлаа. Тухайн улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр Элчин сайдаар томилогддог. Тэгвэл Элчин сайдад нэр дэвшигчдээс Итгэмжлэх жуух бичгээ хамгийн удаан хүлээсэн гурван хүнийг өчигдөр /2019.01.14/ буцаалаа.
Тодруулбал, Засгийн газраас Тайландын вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг томилж, УИХ-ын чуулганаар батлаад байсан ч Ерөнхийлөгч эдгээр Элчин сайдыг томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дээрх Элчин сайд нарын томилгоо гацаж байгаагаас хоёр улсын төлөвлөсөн ажлууд хойшлогдох магадлалтай байгаа учир горилогчдыг буцаан татах саналаа намын бүлэгтээ танилцуулжээ. Улмаар энэхүү санал нь бүлгийн олонхын дэмжлэгийг авч баталгаажсан байна. Тэдний оронд нэр дэвшүүлэх хүнийг ойрын хугацаанд Гадаад харилцааны яамнаас санал болгож, Засгийн газар, УИХ улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна.
Одоогоос нэг жилийн өмнө Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Япон, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад санал болгосон ч Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичиг өгөхөөс татгалзаж, Засгийн газарт өөр нэр дэвшигч оруулж ирэхийг үүрэгдэж байв. Энэхүү шалтгаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн албан бичигтээ дурдсан байдаг. Гэвч тэднийг дахин Элчин сайдад нэр дэвшүүлж, ингэхдээ Г.Тэнгэрийг Австралид, Н.Чимгүүндарийг Тайландад Монголыг төлөөлүүлэхээр УИХ-аар баталсан ч Ерөнхийлөгч дээр очоод гацсан нь эцэстээ буцаан татагдав. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичгээ хүлээж байсан хүний нэг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газраас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлж байв. Гэвч энэ томилгоо УИХ-ын зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхийлөгчийн зүгээс түүнд Итгэмжлэх жуух бичгийг гардуулаагүй юм. Тухайн үед Б.Хурцын томилгоо гацсан шалтгаан нь БНСУ-ын талаас хариу ирэхгүй байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж байлаа. Бүтэн жил гаруй хугацаанд Ерөнхийлөгчөөс “виз”-ээ хүлээсэн Б.Хурц, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын Элчин сайдаар явах хүсэл ийн талаар болов.
Мэргэшсэн, мэргэжлийн дипломатчид гэхээсээ хэн нэгэн албан тушаалгүй үлдсэн улстөрч гэгчийг Элчин сайдаар томилогддог гэх шүүмжлэл ч бий.
Элчин сайдад нэр дэвшигчдэд Итгэмжлэх жуух бичгээ гардуулах эсэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх юм. Итгэмжлэх жуух бичигт Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд гарын үсэг зурах ёстой аж. Итгэмжлэх жуух бичиг нь тухайн Элчин сайдыг улсаа төлөөлөн ажиллахын баталгаа болдог. Энэ ч утгаараа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ суух орныхоо төрийн тэргүүнд нь барьснаар дипломат ажлаа эхлүүлдэг. Венийн конвенцээр гадаад орнууд Элчин сайдад нэр дэвшигчийнхээ нэрийг эхэлж тухайн ажиллах орон руу илгээж, зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл ирсний дараа парламентаараа хэлэлцэж, баталгаажуулдаг байна. Харин манай улсын хувьд дээрхээс эсрэг буюу Венийн конвенцийг зөрчдөг гэж хэлж болно. Учир нь Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталсны дараа тухайн орноос зөвшөөрөл хүсдэг.
Тайланд, Австрали БНСУ-аас гадна Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа өнгөрсөн онд дууссан. Тиймээс дээрх улсад Элчин сайдаар томилогдох сайд нарын нэрс дуулдсан ч сураг тасрав. Тухайлбал, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр, Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдад томилохоор яригдаж буй.
Холбоотой мэдээ