Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээгээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн байна.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа гэв. Энэ хаврын тариалалтад нийтдээ 48мянган тонн буудайн үр шаардагдаж байгаа аж. Тиймээс Тариалан эрхлэлтийн дэмжих сан болон Онцгой байдлын газраас дутагдсан үрийг гаргахаар болжээ.
Салбарын яамны зүгээс Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Мөн тариаланчдад учрах санхүүгийн дарамыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэжээ.
Төмсний тариаланд 33,9 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхүү үрийг дотоодоосоо бүрэн хангах бололцоотой аж. Мөн 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үрийг нийлүүлж, ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэхээр шийдэв. Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.
О.САР