Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж, заасан хугацаанд ашиглалтад ороход ямар ч асуудалгүй хэмээж байв. Гэвч барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадсангүй ээ. Олон жил царцаж буй барилгын ажлыг дахин сурвалжиллаа.
“УЛИРЛААС ШАЛТГААЛААД БАРИЛГЫН АЖИЛ ЗОГССОН”
Биднийг очих үед барилгын ажил зогссон байлаа. Барилгын А блогийн ажил гүйцэтгэл нэлээд өндөртэй байгаа харагдав. Харин В блокын ажил есдүгээр сард ямар байсан бараг тэр хэвээр байгаа харагдлаа. Гүйцэтгэгч талаас барилгын ажлын талаар лавлахад “Улирлаас шалтгаалаад арваннэгдүгээр сард барилгын ажил зогссон. Дулаарахаар барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Гэрээнд заасан хугацаанд барилгыг хүлээлгэж өгөх болно” гэлээ.
“ГЭРЭЭГ СУНГАЖ, 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТУСГАСАН”
Ингээд барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалт орж чадаагүйн шалтгаан болон хэзээ ашиглалтад орохыг Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Бадраагаас тодруулахад “Барилгын гадна талын зураг зэрэгт бага зэрэг өөрчлөлт орсноос гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орж чадаагүй. Тиймээс гэрээг сунгаж, 2019 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар тусгасан. Барилгын А блок буюу захиргааны хэсгийг “Цаст констракшн” хариуцаж байгаа. Гүйцэтгэл нь 90 орчим хувьтай яваа. Харин В блок буюу эмнэлгийн үндсэн хэсгийн барилгын ажлыг “Нутгийн зам” компани гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэл нь 60 орчим хувьтай яваа. Улирлаас шалтгаалаад одоогоор барилгын ажил түр зогссон. Хөрөнгө мөнгөний хувьд ямар нэгэн асуудалгүй болсон” гэлээ.
ТҮЛЭНХИЙН ТӨВ АЙЛЫН ХАЯА БАРААДААД НАЙМАН ЖИЛ БОЛЖ БАЙНА
Түлэнхийн төв нь өөрийн байртай, бие даасан эмнэлэг байв. Гэвч барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад найман жил болж байгаа юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн байранд очсон байдаг. Гэвч ачаалал нь дийлдэхгүй байсан тул хагас жил болоод “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүлгэж, сарын 28 сая төгрөгийн түрээс төлж байв. Тус эмнэлгийн шаардлагаар жил гаруй болоод байрыг нь суллаж өгснөөр дахин ГССҮТ-д ирээд байгаа юм.
Санхүүжилтээс шалтгаалан олон жил өөрийн байртай болж чадахгүй явсан Түлэнхийн төвийн барилгад Кувейтийн Засгийн газар 2017 оны тавдугаар сард найман сая ам.долларыг буцалтгүйгээр олгох болсноор 6.8 саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм.
Холбоотой мэдээ