"Үнэн, шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна” | News.MN

"Үнэн, шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна”

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

"Үнэн, шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна”

"Үнэн, шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна”

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, утга зохиол судлалын шинжлэх ухааны доктор, профессор, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуштай ярилцлаа.


-Ярилцлагаа энэ жилийн “Болор цом 36” наадмын сонин сайхнаас эхэлье. Хүмүүс энэ жилийн “Болор цом”-ын эзнийг нүдээ олсон гэх юм. Та үүнтэй санал нийлж байна уу?

“Болор цом” наадам бол уншигч, үзэгчдийг яруу найргийн шинэ бүтээлтэй танилцуулах маш том наадам. Энэ сайхан наадмыг 36 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Болор цом”-ын эздийн 60 гаруй хувь нь манай Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас төрөн гарсан яруу найрагчид байдаг нь бахархалтай. Хүмүүсийн ярьж байгаагаар “Энэ жилийн “Болор цом” наадам сайхан боллоо” л гэх юм. Би өөрөө Говьсүмбэр аймагт очиж, сонирхож чадаагүй. Манай сургуулийн төгсөгч, яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом” наадамд олон удаа айрагдсан. Миний хувьд энэ жил О.Цэнд-Аюушийгаа түрүүлчих байх гэж бодож байлаа. Гэхдээ түүнийг “Болор цом”-ын эзэн болгосонгүй. Үүнд сэтгэл дундуур байна. Наадамд оролцсон эрдэмтэн, яруу найрагчид “Яруу найрагч  О.Цэнд-Аюушийн шүлгүүд үнэхээр сайн байлаа” гэж санал бодлоо хуваалцаж байсан.

-Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. Таны хувьд ойн баяртаа хэрхэн оролцов?

Миний хувьд байгууллагынхаа 90 жилийн ойн арга хэмжээнүүдэд бүгдэд нь оролцсон. Ойн хүрээнд шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018”, богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018”, “Болор цом-36” зэрэг наадам боллоо. Мөн “Монголын шинэ цагийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болж, шинэ залуу утга зохиол судлаачид сонирхолтой илтгэл танилцуулсан.

Төр засгаас Монголын зохиолчдын эвлэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Өмнө нь 40 жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор шагнаж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын зохиолчдын эвлэл төрийн хоёр том одонтой уран бүтээлийн байгууллага болсон. Түүхэн ойн баярын үйл ажиллагааг зохион байгуулахад салбарын яамнаас ач холбогдол өгч 50 сая төгрөг төсөвлөсөн. Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн болон олон хүн хичээл зүтгэлээр түүхэн ойгоо маш сайхан тэмдэглэлээ.

-Таны хувьд түүхт ойдоо зориулан өөрийн “Охь үгс” номынхоо гурав дахь хэвлэлтийг гаргажээ?

-Тийм ээ. Би анх “Охь үгс” номоо 2007 онд бичиж, хэвлүүлж байлаа. Энэ жил номоо засаж, янзлаад Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийнхаа 25 жил болон Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулан гурав дахь хэвлэлтээ гаргаад байна.

-Та одоо юу хийж байна. Сүүлд ямар зохиол, бүтээл дээр ажиллав?

-Би сүүлийн 30-аад жилийн хугацаанд утга зохиолын залгамж халааг бэлтгэхээр дээд сургуулиа байгуулж, ажиллаж байна. Сургуулиас маань олон сайхан зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, нийгмийн ажилтан, хэл уран зохиолын багш нар төрөн гарч, улсдаа нэртэй, төртэй яваад баярладаг. Миний хувьд сүүлийн жилүүдэд том хэмжээний зохиол бариад суух зав зай бага байлаа. Сүүлийн хэдэн жилд “Охь үгс” гэх уран зохиолын хэлээр өгүүлсэн үг зохиолын номоо л бичиж, дахин хэвлүүллээ. Энэ ном нь мэргэжлийн эрдэмтэн, зохиолч, уншигчдаас их өндөр үнэлгээ авсан. Нэг жишээ хэлэхэд, би Японы Сока болон Кансай бүсийн сургуулийн хоёр ч хүндэт цолтой хүн. Тэгээд Японы их сургуулийн төлөөлөгчид Монголд ирж, намайг юу хийж байгааг сонирхсон. Би “Ийм" “Охь үгс” хэмээх үг зохиол бичиж байна. ОХУ-ын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байхаасаа 1970-аад оноос үг зохиол бичиж эхэлсэн. Түүнийгээ одоо ном болгож бичих гэж байна” гэсэн. Тэгсэн Японы өдөртөө хэдэн саяар хэвлэгддэг нэгэн сонины сурвалжлагч “Та тэр үг зохиолуудаасаа хэдийг хэлж өгөөч. Би Монголын тухай таван нийтлэл бичих ёстой. Тавууланг нь би таны үгээр гарчиглая “ гэлээ. Би “Улс төр бол бэлтнүүдийн очдог ресторан юм” гэх мэт хэдэн үгс хэлж өгсөн. Дараагаар нь Японы нэр хүндтэй сонин миний үгнүүдээр  нийтлэлээ гарчигласан байсан. Тэр ч утгаараа миний үг зохиолыг Монголдоо төдийгүй гаднынхан ихээр сонирхож байгаа юм болов уу гэж бодсон. Эрдэмтэн М.Билэгсайхан нарын зохиолчид миний номыг “Гүн ухаан, хошин шог нягт хосолсон шилдэг бүтээл болжээ” гэж үнэлсэн байдаг. “Охь үгс” номоо бусад орны хэл дээр орчуулах ажил хийж байгаа. Миний “Адтай Мятав” зохиол нь Монголын утга зохиолын эрдэнэсийн санд бүртгэлтэй байдаг бөгөөд дэлхийн 10 орчим хэл дээр орчуулагдсан байдаг. Энэ “Охь үгс” ном маань ч тэр хэмжээгээр гадаад хэлнээ орчуулагдана гэдэгт итгэлтэй байгаа.

-Таныг Монгол хошин шог судлалын гол төлөөлөгч гэж дуулсан. Шинэ цагийн хошин урлаг хөгжихөд зохиол маш чухал. Таныхаар хошин урлаг хөгжихөд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

Би ОХУ-ын Горькийн нэрэмжит дээд сургуульд оюутан байхаасаа эхлэн хошин шог зохиолын төрлөөр бичдэг байсан. Дараагаар нь 1970-аад оноос хошин шог зохиолыг шинжилж, судлах ажлыг голлож хийдэг хүн болсон. Тэр үндсэн дээрээ “Монгол хошин шог зохиол” хэмээх том хэмжээний ном бичиж, “Монгол хошин шог яриа” хэмээх онигооны тусгайлсан ном бичсэн. Бас хошин шогийн тухай олон тооны ном, өгүүлэл, яриа, илтгэл тавьж хэлэлцүүлж байсан. Өнөө цагт хошин шогийн зохиол гэж байхгүй болжээ. Хошин урлаг 1990-ээд оноос өмнө нэлээд чанартай байлаа. Хуучин бол зохиолыг холбогдох мэргэжилтнүүд үзэж, хянаад зөвшөөрөл өгдөг байсан. Одоо цагт хэн дуртай нь хошин шогийн зохиол бичиж сууна.

Хошин урлагийн жүжигчид үзэгчдийг инээлгэх гэж юм, юм л оролдож байна. Гэхдээ жүжигчдийн хувьд жүжиглэх арга барил сайн байгаа ч цаад зохиолын зохиомж их муу байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Учир нь уран бүтээлчид мэргэжлийн зохиолчидтой хамтарч ажиллаж чадахгүй байна. За тэгээд зохиолчдод цалин хөлс төлөх нь түвэг байдаг биз дээ.

-Сүүлийн үед утга зохиолын судлал шүүмжлэл дорвитой хөгжихгүй байна гэх юм. Та энэ чиглэлийн томоохон эрдэмтэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Энэ хоёр талтай. Нэгдүгээрт, Монголын утга зохиолыг бүтээх арга барилд сэтгэлгээний их өөрчлөлт болж байна. Түүнийг уншигчид бараг тэр болгон хүлээж авч чадахгүй байгаа. Хоёрдугаарт, манай зохиол бүтээл туурвиж байгаа зохиолчид олны сэтгэлд шингэхүйц даацтай бүтээл хийж чадахгүй байна. Үүнийг бид нар зүй ёсоор үнэлэх ёстой. Өнөөдөр уран бүтээлийн өдий төдий арга хэлбэрээр л аргацааж байна. Үнэн хэрэгтэй жинхэнэ ард түмний сэтгэлд хоногшиж үлдэх шилдэг зохиол төдийлөн төрөн гарахгүй байгаа нь үнэн. Утга зохиолын шинэчлэл гэж зохиолчид янз бүрээр л туршилт хийж байна. Эцсийн эцэст үүнийг олон түмэн л дүгнэнэ.

-“Охь үгс” номд “Намчирхал бол улс төрийн хамуу юм” гэжээ. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хурцаар шүүмжилсэн үгс ч олон байна?

-Би эхэндээ ёс суртахууны талаар бичдэг байсан. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд улс төрийн байдлыг хараад номдоо “Дээшээ дурандвал” гэсэн нэг бүлэг нэмсэн. Улстөрчдийн овилгогүй, бодлогогүй занг хошигнож шүүмжилсэн үгс олон бий.  Би улс төрийн өнөөгийн байдлыг хараад хэдэн санал хэлмээр санагддаг юм. Юуны өмнө манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүйгээр төрийн тогтолцооны талаар шинэ гарц хандлагыг олох нь зүйтэй. Одоо бол намын шугамаар Засаг төрийг эмхлэн байгуулж байна. Миний бодлоор иргэдийн саналаар төрд гарах хүнээ сонгоё. Намын шугамаар зөвхөн хэдэн мөнгөтэй, хөрөнгөтэй хүн л улс төрд гардаг боллоо. Сайхан мэдлэг боловсролтой залуус дээшээ гарах ямар ч боломж алга. Учир нь тэдэнд мөнгө байхгүй.

Яамдын сайдын албыг салбараа ч мэдэхгүй, хэн дуртай Улсын их хурлын гишүүд нь хийж байна. Мөн хоёр шатны парламенттай байх ёстой. Нэг нь ардын их хурал 42 гишүүдтэй. Улсын ардын их хурлаас улсын бага хурлаа байгуулдаг. Бага хурал гэхэд 51 хүнтэй байхад болно. Улсын ардын их хурлаас Ерөнхийлөгчөө сонгодог болох хэрэгтэй. Түүний тулд олон түмний саналыг авч сонгодог байна. Ардын их хурал Ерөнхийлөгчийнхөө, Засгийн газрынхаа, сайд нарынхаа тайланг гурван жил тутамд хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч уян хатнаар өөрчлөх хэрэгтэй байна. Монгол Улс хүн ам цөөтэй, олон үндэстэн нэгдээгүй, цэвэр унаган ард түмэн. Бараг бие биеэ мэдэх шахуу хүмүүс. Тийм учраас хэнийг, хаана, ямар албан томилох вэ гэдгээ зөвөөр сонгох хэрэгтэй. Ингэснээр ард түмэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрдөө итгэх итгэл ч дээшилнэ.

-Та өөрийнхөө “Охь үгс” номоос уншигчдад маань хэдэн гол үг хэлж өгөөч?

-“Маргаашийн нарыг эрт гаргана гэж амлаж чаддаг хүн улстөрч болдог”, “Улстөрч урьдахаа муучилж тодордог. Энэ нь тэдний хувьд “гимнастик” юм”, “Өвөг дээдсээ муучилж, өөрсдийгөө тэжээдэг улс улстөрчид л байдаг”, “Мөнгө улс төр хоёр хүнийг хүний эрхшээлд барьж өгдөг”, “Бусдаар тэжээлгэдэг хүний үг, шүд хоёр хурц байдаг” Нам бол эрх мэдлийн төлөө хуйвалдан улайрагчдын сайн шаглаж оёсон аятайхан баг юм”, “Мөнгөөр нүүр хийсэн үйл ажиллагаа заавал булхай бузраа халхалсан эмзэг хальстай байдаг”, “Эх орны зовлон туулах хүн ховордвол тэр ард түмэн доройтож яваагийн шинж”, “Томчууд гэнэн бага насаа хайрлан дурсамтгай түүнийгээ сонгуулийн үеэр л гаргадаг”, “Үнэн, шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна” гэхчлэн.

Та дэлхийн хамгийн ухаантай 2000 хүний нэг болсон гэсэн. Чухам ямар шалгуураар шалгарсан тухайгаа яриач?

-Би өөрийгөө ухаантай хүн гэж хэлэхгүй. Анх намайг 2008 онд Английн Кембрижийн их сургууль дэлхийн ухаантай 2000 хүний нэгээр шалгаруулсан. Тэр жагсаалтад дэлхийн бүх салбарын мэргэжилтэй хүмүүс багтдаг юм билээ. Уг жагсаалтыг 1934 оноос эхэлж, 2000 хүнийг жил тутам шалгаруулдаг болсон. Тэгэхээр миний хэлсэн үг бүхэн дэмий хоосон биш байх. Энэ бол Монголын соёл, утга зохиол, боловсролд миний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буй нь жишээ болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-15 182.160.2.15

SHUDRAGA YS gedeg ug chin odoo gemt hergtenuudiin urdaa baridag gants loozon bolson shuudee

Avatar

ҮНЭН, ШУДАРГА ЁС гэсэн үгнүүдийг үгсийн сангаас хассан гэсэн 2019-01-15 59.153.115.85

Монгол хэлний үгсийн арвин баялаг сангаас "ҮНЭН, ШУДАРГА ЁС" гэсэн үгнүүдийг Монголын сүүлийн жилүүдийн хулхи төр засаг хасаад удаж байгаа гэсэн.

Avatar

Монгол 2019-01-15 202.126.89.99

Энэ биш ээ, жинхэнэ шог зохиолч чинь Шагдайн Цэнд-Аюуш гэдэг мундаг авьяастан бөйсан юм. Энэ нөхөх чинь зүгээр нэг дарганцар байсан, судлаач ч бил үү. Жинхэнэ Цэнд-Аюуш гуайн нэрээр шаагаад байгаан биш үү….

Avatar

зочин 2019-01-15 202.131.246.10

"Охь үгс" номыг олж уншья, бас хүүхдүүддээ уншихыг зөвлөе.
Хаагуур байгаа юм бол?

Avatar

Үнэн 2019-01-15 150.129.140.29

Үнэн үгүй болосн нийгэмд үнэнийг өчжээ Дэмжиж байна

Avatar

Зочин 2019-01-15 122.201.24.177

Kx Ene uvuu nar bolio.ich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж