Удаан хугацаанд онгоцонд суух үеэр хамаг бие чилж, ядран, сайн унтаж амраагүйн улмаас арьс хүртэл онцгүй болдог шүү дээ. Түүнчлэн юм идэх, ус уухад асуудал тулгарах нь бий. Тиймээс дараах энгийн, ойлгомжтой мэт боловч тун хэрэгтэй аргуудтай танилцаж, дараагийн удаа онгоцонд суух үедээ хэрэгжүүлээд үзээрэй.
- Теннисний бөмбөг авч явах
Удаан хугацаанд суудалдаа шигдэх үед нуруу маш их өвддөг шүү дээ. Тэгвэл та онгоцонд суухдаа газрын теннисний ногоон бөмбөгийг авч ороод, сандлынхаа түшлэг, нуруу хоёрынхоо завсар тавьж, дээш доош гүйлгэн, нуруундаа массаж хийгээрэй. Ингэснээр нурууны булчингууд суларч, амардаг байна.
- Ариун цэврийн өрөөнд зөв цагтаа орох
Ариун цэврийн өрөө рүү онгоцны үйлчлэгчийг хоол авчирч өгөхөөс өмнө, эсвэл хоолоо авснаас хэдхэн минутын дараа орох нь хамгийн тохиромжтой юм. Хүмүүсийг хоолоо идэж, юм уухаас өмнө ариун цэврийн өрөө илүү цэвэрхэн байх төдийгүй урт дараалалд ээлжээ хүлээн зогсох шаардлагагүй болно.
- Хөлөө тэнийлгэх зай гаргах
Нислэгийн үеэр хэрэгтэй зүйлсээ өөртэйгөө ойр байлгах нь танд илүү амар санагддаг байж болох юм. Гэхдээ тэглээ гээд хөл дороо бүх юмаа овоолоод байх юм бол хөлөө тэнийлгэж чадахгүйгээс цусны эргэлт тань муудахаас гадна наанадаж хөл тань чилж ядрах болно.
- Oйр зуурын идэх юмаа авч явах
Онгоцонд өгдөг хоол ихэвчлэн уураг багатай, нүүрстөрөгчийн агууламж өндөртэй байдаг. Түүнчлэн хүн болгонд өөрийн гэсэн хооллох цаг гэж байдгаас гадна өлсөөд байвал цаг явж өгөхгүй учраас таны тав тух алдагдах болно. Тиймээс онгоцонд суухын өмнө самар, жимс зэрэг ойр зуурын идэх юмаа бэлдэж аваарай.
- Дулаан хувцас бэлдэх
Онгоцон дотор халуун эсвэл сэрүүхэн байхыг тааж хэлэхэд тун хэцүү. Тиймээс агаарын хэм ямар ч байсан өөрийнхөө тав тухтай байдлыг хангахуйц нимгэн болон зузаан хувцсыг аль алийг нь бэлдээрэй. Үүнээс гадна удаан хугацааны нислэгийн үеэр гутлаа тайлж, хөлөө амраахын тулд ноосон оймсоо зэхэж болох юм.
- Нүдний хаалт авч явах
Урт нислэгийн үеэр ядрахгүйн тулд онгоцонд сайтар унтаж амрах хэрэгтэй тул нүдний наалт болон чихний бөглөө авч явахаа мартуузай.
- Хоосон усны сав авч явах
Онгоцонд суух үеэр усны дутагдлаас үүдэлтэйгээр толгой өвдөх болон ядрахаас сэргийлэхийн тулд нэг цаг тутамд 220 гр орчим ус ууж байх шаардлагатай байдаг. Харин онгоцны үйлчлэгчийг цаг тутам ийм хэмжээний ус авчрахыг хүсч байхын оронд саваа өгч, ус хийлгэвэл хэн хэнд нь амар байх болно. Харин онгоцноос буух үедээ усаа дуусгах ёстойг мартуузай.
- Чийгшлээ хадгалах
Удаан хугацаанд онгоцонд сууж байх үедээ ч өдөр тутам хийдэг дадал хэвшлээ орхихгүй байх хэрэгтэй. Тухайлбал, шүд, нүүрээ угааж, арьсандаа чийгшил өгч байх хэрэгтэй. Ер нь онгоцонд суух үеэр арьс маш их хуурайшдаг. Дараах зүйлсийг онгоцонд суух үедээ авч явахыг зөвлөж байна.
- Шүдний сойз
- Шүдний оо
- Гар ариутгагч
- Нойтон салфетка
- Чийгшүүлэгч лосьон
- Уруулын тос
Түүнчлэн эмэгтэй хүмүүсийн хувьд онгоцонд суух үедээ нүүрээ аль болох будахгүй байхыг зөвлөж байна.
- Дасгал хийх
Хөл, нуруу өвдөхөөс сэргийлж дараах хялбархан иогийн дасгалыг сууж байхдаа хийж болох юм.
- Гарын хуруунуудаа нийлүүлж бариад, алгаа дээш харуулан тааз руу тэмүүлэн, нурууны сунгалт хийх.
- Энэ чигээрээ баруун, зүүн тийш гурав гурван удаа хэлбийх.
- Хоёр гарын тохойгоо урд талын суудалдаа тулгаж байрлуулаад, толгойгоо шал руу харуулбал нуруу, хүзүүнд сайн.
- Тэгшхэн суугаад, баруун болон зүүн тийш харж, хүзүүний дасгал хийнэ.
Эх сурвалж: Brightside.me
Холбоотой мэдээ