Цахилгаан машиндаа ногоон өнгийн дэвсгэр бүхий дугаар авч болно хэмээн автомашины нэгдсэн портал болох “Автонет” группийн тэргүүний зөвлөх Роман Малкин РИА Новости агентлагт ярьсан байна.
“Цахилгаан машинтай бол ногоон өнгийн дугаар Орост авч болно. Энэ санаачилгыг “Автонет” дэмжиж байгаа. Энэ нь байгаль орчинд ээлтэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд өргөн хүрээтэй ажлын эхлэл болох юм” хэмээн тэр хэлжээ.
Гэхдээ албан ёсны зөвшөөрөл авах хүсэлтээ холбооны эрх бүхий байгууллага, тэр дундаа Тээврийн яам руу явуулсан гэж тэр тодотгосон юм.
Дэлхийн хэмжээнд цахилгааны машины хэрэглээ сүүлийн жилүүдэд 50-70 хувиар нэмэгдэж байгаа ч Оросын хувьд энэ тоо чамлалттай байгаа ажээ. Энэ нь цахилгаан машин цэнэглэх цэг цөөн, мөн цахилгаан машины үнэ Оросын зах зээл дээр өндөр байгаатай холбоотой хэмээн Роман Малкин үзэж байна. Тиймээс цахилгаан машины хэрэглээг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, цахилгаан машин эзэмшигчдэд хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд ногоон дугаар олгох нь энэ чиглэлд хийх эхний алхам болох ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ