Япон, Монголын харилцаа хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Япон, Монголын харилцаа хөгжиж байна

Япон улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын  /ЖАЙКА/ шугамаар “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг сайжруулах” төсөл хэрэгжиж, гал унтраах зориулалтын 39 автомашиныг нийлүүлжээ. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын 14 ангийн гал унтраах автомашин бүрэн шинэчлэгдсэн байна. Эдгээр авто машины  байнгын бэлэн байдлыг хангах, эдэлгээг уртасгахын тулд тусгай засварын төв байгуулах санаачлагыг Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж, төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг ЖАЙКА-д тавьжээ. Энэ хүсэлтийг дэмжин ажиллана гэж найдаж байгаагаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  ЖАЙКА-гийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Хидеаки Домичи-тэй уулзахдаа хэллээ. 

НҮБ-ын бага хуралд оролцоод буцах замдаа Шадар сайд У.Хүрэлсүх Токио хотод хэд хэдэн албан уулзалтууд хийсэн юм. “Монгол, Япон хоёр орны хоорондын харилцаа бүх л салбарт цэцэглэн хөгжиж байгаа. Үүний тод жишээ нь ЖАЙКА болон Монголын Онцгой байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагаа юм” гэж Шадар сайд онцлон тэмдэглэллээ. Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газар “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулах” төслийг амжилттай  хэрэгжүүлж, Монголын гал сөнөөгчдийг Япон улсад сургаж дадлагажуулсныг тэрээр жишээ болгон хэллээ. ОБЕГ-аас гаргасан хүсэлтийн дагуу уг төслийг үргэлжлүүлэх боломжийг судлах ЖАЙКА-гийн мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллах үед Шадар сайд бүхий л дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ.

Уг уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд багтдаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2015 оноос эхлэн Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага / ЖАЙКА/-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй шинэ төслийн талаар Шадар сайд, ЖАЙКА-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч нар мөн санал бодлоо солилцлоо. Гурван  жил үргэлжлэх  “Чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн  хүрээнд  хэрэглэгчийн эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол олгох, Зар сурталчилгааны болон Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, 21 аймагт ШӨХТГ-ын байцаагч нарын бие даан ажиллах боломж бололцоогоор хангах, чадавхийг нь бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж