УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр /2019.01.14/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр, УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээлэл өгөхдөө ташаа мэдээлэл дамжуулах, худал мэдээлэл түгээж байгаа учраас бодит мэдээллийг өгөхийг хүсч байна гэдгээ тодотгосон юм. Баасан гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үг, гаргасан үйлдлийнхээ төлөө уучлал хүссэн. Тэдний яриа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны протоколд тэмдэглээстэй байгааг тодотгосон юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-УИХ-ын нэр бүхий гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс жагсаал зохион байгуулахдаа хэлж байсан үг, үйлдлээсээ уучлалт гуйсан. Энэ бүхэнтэй миний нэр холбогдож байгаа учраас бодит мэдээллийг өгөхийг хүсч байна. Өнгөрсөн Баасан гаригийн орой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хуралдсан. Хурлын эхэнд ирц хүрэхгүй байсан учраас байнгын хорооны дарга намайг хуралдаа сууж, асуудлаа нэг талдаа гаргахыг хүссэн. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулиудыг хэлэлцэж, ирэх долоо хоногтоо батлаад явах нь зүйтэй гэдэг саналыг тавьсан. Би үүний дагуу УИХ-ын даргатай уулзсан. УИХ-ын даргын зүгээс Ерөнхийлөгчийн тавьсан хуулийн төслийг хэлэлцээд, батлаад явах нь зүйтэй. Ялангуяа жагсаал зохион байгуулж байгаа гишүүд ийм саналтай байгаа бол хуулийг нь батлаад явах, хуулийн дагуу ажлаа өгөхөд татгалзаад байх зүйл байхгүй. Ингээд байнгын хорооны хуралдаан дууссаны дараа хэлсэн үг, жагсагчдын үйлдлийн талаар Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар уучлал гуйсан. Түүний дараа би Л.Болд гишүүний Богд банкны талаар 30 тэрбум төгрөгийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ би хэлсэн. Нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж ярилцсан ч хэлэлцэх асуудлын долдугаарт оруулсан гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл УИХ-ын даргын зөвлөл Баасан гаригийн өдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан байсан. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо тухай өдрийн орой хуралдсан учраас хэлэлцэх асуудлын долдугаарт байгаа асуудлыг эхний хэлэлцэх асуудал болгоод явна гэдгийг тухай оройн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр ярилцсан. Мөн Д.Хаянхярвааг УИХ-ыг дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол хуулийг чинь дэмжихгүй гэсэн гэдэг зүйлийг мэдэгдсэн. МАН учраа олох чиглэл рүү явж байгаа нь үнэн ч УИХ-ын дарга, сайд болгоно гэсэн нэг ч тийм зүйл яриагүй. Магадгүй сайд, УИХ-ын дарга болох хүсэлтэй хүмүүсийн яриа байж магадгүй. Ямар нэг албан тушаалын тохироо огт хийгдээгүй. Энэ мэт худал мэдээлэл гараад байгаа учраас би бодит байдлыг үнэнээр нь хэлж байгаа юм. Монгол төрийн парламентын амин чанар луу гар дүрж буй хууль мөн үү гэвэл мөн. Гэхдээ одоогийн УИХ-ын гацааг арилгах учраас хуулийг дэмжээд явна гэж байгаа. Гэхдээ энэ хуулийг баталсны дараа буцаагаад цуцлах нь зүйтэй гэж би бодож байгаа. Ер нь цаашид нам дотроо учраас олоод явж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг хөндөөд явсан нь зүгээр гэдгийг хэлэхийг хүсч байна. УИХ-ын гишүүн хүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ч хэвлэл мэдээлэл болон олон нийтийн өмнө мэдээлэл өгөхдөө үнэн, зөв бодит мэдээллийг өгөөсэй гэж хүсч байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ