АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар 2018 оны Хельсинкийн дээд хэмжээний уулзалтаар ярилцсан нарийн ширийн асуудал өнөөг хүртэл тодорхойгүй байгаа нь сэжиг төрүүлж байгаа тухай “Вашингтон Пост” болон “Нью Йорк Таймс” сонинд өнгөрсөн долоо хоногт бичжээ. Д.Трампыг Оросын эрх ашигт нийцүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа энэ үед Хельсинкийн дээд хэмжээний уулзалтын тухай асуудал дахин хөндөгдсөн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон байна.
“Вашингтон Пост” сонины нийтлэлд Д.Трампыг 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтынхаа тухай мэдээллийг засаг захиргааныхаа гишүүдээс нууцалсан тухай бичжээ. Уулзалтын өрөөнд хамт байсан орчуулагчийг ч бас мэдээллийг хэнд ч хэлэхгүй байхыг тушаасан гэдэг. Харин Д.Трамп энэ тухайд өчигдөр /2019.01.13/ “Фокс” мэдээллийн агентлагт тодруулга хийхдээ “Бид улс орны удирдагчдын ярилцдагтай адилаар л яриа өрнүүлсэн. Надад нуугаад байх зүйл байхгүй. В.Путинтэй хоёр улсын харилцааны тухай болон олон улсын анхаарал татсан бусад үйл явдлуудаар яриа өрнүүлсэн ” гэжээ.
Түүнчлэн 2017 оны Германы Хамбург хотод хийсэн хоёр талт дээд хэмжээний уулзалтын үеэр ч бас Д.Трамп орчуулагчдаа хандан В.Путинтэй ярилцсан зүйлсийн тухай Цагаан ордныхонд ам нээхгүй байхыг даалгасан гэдэг. Тус уулзалтуудын үеэр Д.Трампын туслахууд болон Засгийн газрын гишүүд байгаагүй аж. Цаг хугацааны хувьд ч бас Хамбургт болсон дээд хэмжээний уулзалт нь АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэхийг шалгаж байсан Холбооны мөрдөх товчооны дарга Жэймс Комиг ажлаас нь халсны дараахан болсон юм.
Харин Д.Трамп өөрийг нь ОХУ-ын эрх ашигт нийцүүлэн ажилладаг гэх мэдээллийг эрс буруушаасаар ирсэн билээ. Тухайлбал, тэрбээр Бямба гаригт Твиттер хуудсандаа “Авлигын хэргээр ажлаасаа халагдсан Холбооны мөрдөх товчооны даргыг миний сонгуулийн ажилтай холбон бичсэн увайгүй нийтлэлийг Нью-Йорк Таймс бичжээ. Энэ бол ор үндэслэлгүй” хэмээн жиргэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж, ОХУ-ын талд ажиллаж байгаа эсэхийг тус улсын Дотоодын тагнуулын төв байгууллага болох Холбооны мөрдөх товчоо 2017 оноос эхлэн шалгаж эхэлсэн тухай “The New York Times” сонин мэдээлсэн билээ. Тэгвэл дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Washington post” сонины албан ёсны сайт дээр Дональд Трампыг ОХУ-ын талд ажилладаг гэж хардахуйц шалтгаануудыг жагсаажээ.
- 2016 онд Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход ОХУ сонгуульд хөндлөнгөөс оролцсон.
- Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хилари Клинтоны хувийн болон сонгуулийн кампанит ажлын серверүүд рүү Оросын хакерууд нэвтэрч, хувийн зурвасуудыг дэлгэсэн.
- Москватай холбоотой хэмээн сэжиглэгдэж байсан Картер Пэйж, Жорж Пападополус, Пол Манафорт, Рик Гэйтс, Майкл Флинн зэрэг хүмүүс бүгд Трампын сонгуулийн кампанит ажлын багт багтаж байсан.
- Трампын сонгуульт ажил Оросуудтай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байсан Холбооны мөрдөх товчооны даргыг ажлаас нь чөлөөлсөн.
- Тэрбээр ОХУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй гэдэг Путины мэдэгдэлтэй санал нэг байгаагаа мэдэгдэж байв.
- Трампаас өөр ямар ч ерөнхийлөгч ОХУ-ын тагнуулуудтай тэргүүн эгнээнд тэмцдэг Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам гэх байгууллагууд руу халдаж байгаагүй юм.
- Мөн өөр ямар ч ерөнхийлөгч Европын холбоо болон НАТО-д нөлөөлж, Францыг НАТО-с гарахыг ятгаж, АНУ ч мөн НАТО-с гарна хэмээн мэдэгдэж байгаагүй.
- Путиныг дахин сонгогдоход “хүчирхэг удирдагч” хэмээн онцлоод түүнд баяр хүргэв.
- 2018 онд Хельсинкид болсон дээд хэмжээний уулзалтаар Путинтай хоёр цагийн турш ярилцсан зүйл нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.
- Сирээс цэргээ татаж байгаа нь Сири улсыг ОХУ болон түүний холбоотон Иранд бэлэглэж байгаагаас өөрцгүй.
- Керчийн хоолойд болон ОХУ болон Украины зөрчил дээр АНУ ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй.
Ө.ПҮРЭВТУУЛ
ЭХ СУРВАЛЖ:WASHINGTONPOST
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ