Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байна

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг бөгөөд сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. Хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоож, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Засгийн Газар болон Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн нэгтгэсэн төслийн хүрээнд“Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох судалгаа”-г 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Судалгаа нь 2016 оныг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол орны газарзүйн бүсчлэлийн дагуу Баруун бүсээс Баян-Өлгий, Ховд, Завхан аймгууд, Хангайн бүсээс Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгууд, Төвийн бүсээс Дорноговь, Сэлэнгэ, Төв аймгууд, Зүүн бүсээс Дорнод, Сүхбаатар аймгууд, төвийн бүсээс Улаанбаатар хот, Дархан уул, Орхон аймгуудийн 15-аас дээш насны хүн амыг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж байна. Судалгаанд шаардлагатай түүврийн хэмжээг 2011 онд ДЭМБ-аас гаргасан “Сүрьеэгийн тархалтын судалгааны удирдамжинд заагдсан параметрүүд болон томъёог ашиглан 46,000 хүнийг хамруулахаар тооцооолон үргэлжлэж байна.

Судалгаанд хамрагдагчдыг сүрьеэгийн шинж тэмдэг илрүүлэх ярилцлага, асуумж судалгаанд хамруулж, цээжний рентгэн зураг, цэрний нян судлалын шинжилгээнд суурилан орчин үеийн арга аргачлалаар хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтын түвшинг тогтооно.

Монгол Улсад сүрьеэ өвчний оношлогоо эмчилгээ үнэ төлбөргүй байдаг ба судалгаагаар илэрсэн сүрьеэ өвчний тохиолдол бүрийг харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерийн эмчилгээ, хяналтанд хамруулсан. 2015 оны 4 сарын байдлаар Улаанбаатар хот, Дархан уул, Орхон аймгууд хамрагдаж дууссан байгаа ба Улаанбаатар хотоос 27,000 хүн хамрагдсан үзүүлэлттэй байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж