Итали улсын нийслэл Ром хотод байх алдарт Треви усан оргилуур руу хүмүүсийн шидсэн зоосыг соёлын төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах шийдвэр гаргасан нь маргаан дагуулж эхэллээ.
Ром хотод очсон аялагчдын заавал үзэх газрын нэг бол Треви усан оргилуур юм. Усан оргилуурын дээд хэсэгт байх хөшөө рүү нуруугаа харуулж байгаад ус руу нь зоос шидвэл Ром хотод заавал дахин ирнэ хэмээн үздэг “домог” олон нийтийн дунд байдгийн ачаар “Треви”-д жилд 1.7 сая ам.доллар цуглардаг аж.
Усан оргилуураас цуглуулсан мөнгийг хотын удирдлагууд орон гэргүй, ядуу хүмүүст тусалдаг буяны байгууллагад хандивласаар ирсэн ч өнгөрөгч сард гаргасан шийдвэрийн дагуу түүх дурсгалын зүйлсийг сэргээн засварлахад зарцуулах болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Учир нь Ром хотын төсвийн асуудал хэцүү болсноор соёлын өвүүдийг хамгаалах ажлууд санхүүжилтгүй болоод байгаагаас тус мөнгийг хотын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргаад байгаа нь энэ юм.
Усан оргилуурт шидсэн зооснуудыг соёлын өвийг хамгаалах ажилд зарцуулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх ажээ. Ром хотын соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах ажил сүүлийн жилүүдэд хувь хүмүүс болон компаниудын хандиваар л хийгддэг болоод байгаа юм. Тухайлбал 2015 онд “Треви” усан оргилуурыг засварлах ажлын санхүүжилтийг томоохон загварын компаниуд гаргаж байв.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ