Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч?

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч?

Шөнийн чуулганы юу нь муухай байсан гээч?

Төрийн эрх барих дээд байгууллага хоёр өдөр дараалан ажлын бус цагаар ажлаа явуулснаар Монгол улсад мөрдөгдөж байгаа ажлын цагийн хуваарь хэвээрээ эсэхэд хүмүүс эргэлзэж эхлээд байна. Сар илүү ажлаа хаясны эцэст арайхийж хуралдахдаа Баасан гаригийн 02.00 өнгөрч байж хуралдсан юм чинь ингэж эргэлзэх нь аргагүй.  Сонирхолтой нь ингэж шөнө дөлөөр хуралдаж асуудал хэлэлцэх нь МАН-ын үнэмлэхүй олонхын парламентын хувьд шинэ зүйл биш. 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын гишүүдийг томилох хуралдааныг мөн шөнө дамнуулан хийж байсан юм.

УИХ эхний шөнийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын  дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан төсөл юм. Харин хоёр дахь өдөр буюу мөн өдрийн оройн 23.00 цаг өнгөртөл хуралдсан нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокуророос тавьсан УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэн гишүүдийн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл:

Б.УНДАРМАА

УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Д.ДАМБА-ОЧИР

УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, УИХ-ын гишүүний 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичгээр “…3 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгааг гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах бүх асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна” гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Л.ЭНХБОЛД

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Г.СОЛТАН

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Эдгээр үндэслэлийг хараад ЖДҮХС-д хандан зээл хүсээд ам руугаа алгадуулж байсан мянга мянган бизнес эрхлэгч энд шударга ёс үйлчлээгүйг ойлгож байгаа байх. Хасагдсан байсан компанийг оруулсан, барьцаагүйгээр зээл олгуулаад УИХ-ын гишүүний нэр хүндийг барьцаа болгож бардамнасан, өөрийн төлөх өрөө төлөх гэж зээл авсан, ингэхийн тулд хүний компанийг бэлэглэлийн гэрээгээр өөр хүний нэр дээр шилжүүлж, хуурамч төсөл бичсэн, УИХ-ын гишүүний албан бланкийг хахууль болгон ашигласан нь мөрдөн шалгалтаар тогтоогдчихсон гэдгийг прокурорын үндэслэлд тодорхой дурдсан байна. “Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн. Л.Энхболд гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна” гэсэн Ерөнхий прокурорын тайлбар чуулганы танхимд хаданд хашгирсан цуурай мэт сарниад өнгөрлөө.

Хууль хяналтын байгууллага нотлох баримтаар нотолсон бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэх гэхээр эдгээр эрхэм гишүүд 2016 онд сонгогчдын итгэлийг хүлээгээд сонгогдон төрийн хамгаалалтад орчхоод байгаа юм. Хууль хяналтын байгууллага хийсэн хэрэгт нь хариуцлага тооцохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх хуулийн хамгаалалтыг үгүй хийх хэрэгтэй учраас тэрхүү шөнийн явдал болсон юм. Харин тэр дөрвөн гишүүн дуудсан хугацаанд нь очиж тус бүр нэг удаа мэдүүлэг өгсөн нь эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр шалгаж болно гэсэн үг хэмээн бусад гишүүд нь үзэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзлаа.

Эрхэм гишүүн учраас ганц удаа дуудсан бололтой, харин жирийн хамгаалалтгүй иргэн бол өдийд хэд хэд дуудагдаад, бүтэн өдөр байцаагчийн үүд сахиад, маргааш нь дахиж очоод, ажил амьдралынх нь хуваарь алдагдчихсан яваа. Тэгтэл нэг удаа очоод хоёр цаг илүү байсандаа зарим гишүүн шаралхаад байгаа бололтой.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлснээр өнгөрсөн 2018 онд ЖДҮХС-д 1041 төслийн материал ирснээс “шаардлага хангахгүй” гэсэн шалтгаанаар 431 төслийг үлдээжээ. Үлдсэн 431 төслөө дахин шүүж үзээд 134-т нь зээл олгосон байна. Гэтэл дээрх дөрвөн гишүүнд хамааралтай зээлийн төслүүд бүгд эхний шатандаа хасагдсан байсан байгаа юм. Тэгэхээр шаардлагаа хангасан дөрвөн азгүй иргэний төслийг хааж эдгээр төсөл орж ирсэн гэсэн үг.

Тэгэхээр энд эрхэм гишүүдийн чуулганы танхим дотроо бүгд нэг нэгнээсээ уралдан хайцгаадаг ШУДАРГА ЁС алдагдсан нь муухай байгаа юм. Бүх амьтан тэгш эрхтэй ч гахай илүү тэгш эрхтэй гэсэн зарчим энд үйлчилсэн гэсэн үг. Хууль дээдэлнэ гэж тангараглаж гарч ирсэн хүмүүс ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН нь муухай байлаа. Төрийн эрхэм дээд сэнтийд заларсан хүмүүс чоно борооноор, хүн сиймхийгээр гэдэг шөнө дөлөөр хуралдсан нь муухай байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж