Осол гарахаас өмнө хоёр жолооч ээлжээ сольжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Осол гарахаас өмнө хоёр жолооч ээлжээ сольжээ

Осол гарахаас өмнө хоёр жолооч ээлжээ сольжээ

Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Хонда юниверс” загварын автобус энэ сарын 8-ны өглөөний 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алдсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэ харамсалтай ослын шалтгаан юу байв, ослоор бэртэж гэмтсэн зорчигчдын биеийн байдал хэр байгаа талаар холбогдох эх сурвалжуудтай уулзаж, сурвалжиллаа.


“ДЭЛГЭРЭХ ХҮНС” КОМПАНИЙН ОРОН НУТГИЙН АВТОБУС ОСОЛДСОН

Энэ сарын 7-ны оройн 22.00 цагт Улаанбаатар хотын Баянзүрх зорчигч тээврийн төвөөс “9988 УНЗ” улсын дугаартай “Дэлгэрэх хүнс” компанийн орон нутгийн тээврийн хэрэгсэл 45 зорчигчтой, хоёр жолоочтой Замын-Үүдийн чиглэлд гарсан байна. Харин маргааш өдрийнхөө /2019.01.08/ өглөөний 06.00 цагт Замын-Үүд хотоос долоон км наана буюу хотын орох хаалга мөргөсон ноцтой осол гарсан. Осол гарсан газар цагдаа болон эрүүл мэндийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, зорчигчдыг маргааш нь галт тэргээр Улаанбаатар хотод авч ирсэн. Харин эрүүл мэндийн байдал хүнд хоёр иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирчээ.

ОСОЛ ГАРАХААС ӨМНӨ ХОЁР ЖОЛООЧ ЭЭЛЖЭЭ СОЛЬЖЭЭ

Замын хөдөлгөөний дүрэмд “Зорчигч тээврийн автобус 70 км/цагийн хурдтай явна” гэж заасан байдаг. Гэтэл осол гарах үеэр зорчигч тээврийн автобус 81 км/цагийн хурдтай явсан гэдгийг албаныхан хэлж байв.

Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос

Ослын талаар Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодруулахад “Тухайн үед орон нутгийн зорчигч тээврийн автобус нь 81 км/цагийн хурдтай явж байсан. Автобусны жолоочийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс хөдлөөд Налайхын пост, Налайхын постоос Сайншандын пост хүртэл мэргэжилтнүүд шалгаад, хурд хэтрүүлж байгааг анхааруулсан байна. “Дэлгэрэх хүнс” компанийн хувьд "Хаан даатгал"-аар даатгуулсан байсан. Зорчигчдын хувьд сайн дурын даатгал хийлгэдэг. Мөн ослын үеэр суудлын бүсээ хийж явсан зорчигчид харьцангуй бага бэртэл гэмтэл авсан байсан. Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2015 онд гаргасан 339 дүгээр тушаалаар батлагдсан Ажил амралтын горимд зааснаар “Холын замд явж буй тээврийн хэрэгсэл зайлшгүй ээлжийн жолоочтой байна” гэсэн байдаг. Бидний авсан мэдээллээр осол гарахаас цаг орчмын өмнө хоёр жолооч ээлжээ солиод явсан гэсэн мэдээлэл байна” гэв.

ЭМЧЛҮҮЛЖ БУЙ 25 ХҮНИЙ НЭГИЙНХ НЬ БИЕ МАШ ХҮНД БАЙНА

Дорноговь аймгийн Замын- Үүд суманд гарсан авто ослын улмаас 37 өвчтөн галт тэргээр тээвэрлэгдэн ирж 22 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтжээ. Мөн хүнд бэртсэн хоёр хүнийг онгоцоор, өөрийн машинаар нэг хүн тус төвд ирж хэвтсэн байна. Одоогоор тус төвд нийт 25 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа талаар эмч мэргэжилтнүүд мэдээллээ. Эмнэлгийн зүгээс бүх өвчтөнд холбогдох үзлэг, шинжилгээг хийж, мэс засал хийхээр төлөвлөж ажиллаж байна гэв. Бэртэл гэмтэл авсан зорчигчдоос нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тархины эдийн няцралт, цээжний дарагдал, уушгины няцрал гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж.

"ХААН ДААТГАЛ" НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭВ

Автобусанд нийт 45 зорчигч зорчиж явснаас 43 зорчигч даатгалд хамрагдаж, хоёр зорчигч даатгалгүй зорчиж явжээ. Ослын даатгалын талаар "Хаан даатгал" компанийн мэргэжилтэнтэй холбогдоход “Манай компанийн зүгээс энэ сарын 9-ний өдөр 27 хохирогч, энэ сарын 10-ны өдөр найман хохирогчтой уулзсан. Хөнгөн гэмтэлтэй, гэрээр эмчлүүлж буй хохирогчидтой уулзахаар ажиллаж байна. Зорчигчдын хөнгөн, хүнд гэмтлээс хамаараад нөхөн төлбөр өөр өөр учраас төлбөрийн хувьд харилцан адилгүй. Цаашид ч дахин төлбөр гарах учраас нөхөн төлбөрийг дүнг хэлэх боломжгүй” гэлээ. Мөн энэ сарын 10-ны өдөр Авто тээврийн үндэсний төв, “Дэлгэрэх Хүнс” /автобус компани/ болон "Хаан даатгал" компанийн удирдлагууд хамтарсан уулзалт хийн урьдчилсан байдлаар нөхөн төлбөрүүдийг шийдвэрлэсэн гэв.

ОСЛЫН ШАЛТГААНЫГ ЭЦЭСЛЭН ТОГТООГООГҮЙ БАЙНА

Замын хөдөлгөөний дүрмээр жолооч хэт ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог заалт бий. Орон нутгийн замд гарсан ослын урьдчилсан дүгнэлтээр жолоочийн хариуцлагатай холбоотой осол гэж дүгнэжээ. Гэхдээ эцсийн байдлаар ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа юм. Хот хоорондын тээврийн үйлчилгээнд 60 гаруй аж ахуй нэгжийн 900 гаруй тээврийн хэрэгсэл гэрээний дагуу өдөр тутмын тээврийн үйлчилгээнд гарч байгаа. Эдгээр аж ахуй нэгжийн нэг “Дэлгэрэх хүнс” компанийн хувьд хот хоорондын тээвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд үйлчилж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж