Д.Нора: Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж бодохгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Д.Нора: Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж бодохгүй байна

“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулж буй “Mongolians next top model” реалити шоуны шүүгч, загвар өмсөгч Д.Оюунноминтой /Д.Нора/ талийгаач Ч.Чамин-Эрдэнийн талаар ярилцлаа.


-“Mongolians next top model” нэвтрүүлгийн хоёр дахь улирлын дугаар дуусах шатандаа яваа юм байна. Финалийн шатны зураг авалт эхэлсэн үү?

-Mанай нэвтрүүлгийн хоёр дахь улирлын дугаарт ӨМӨЗО, Буриадын моделиуд оролцсон дугаар болж өнгөрлөө. Мөн ОХУ-ын Буриад, Хятадын ӨМӨЗО-д зураг авалт хийснээрээ онцлогтой болсон. Нэвтрүүлгийн зураг авалт наймдугаар сараас эхэлж, аравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн. Одоо бид финалийн шатны зураг авалтаа хийхээр бэлтгэж байна. Удахгүй бид нэвтрүүлгийн ялагчаа тодруулна.

-Нэвтрүүлгийн финалийн шатанд хэдэн оролцогч үлдсэн юм бол?

-Финалийн шатанд шилдэг таван модель үлдэж, ялагчийн төлөө өрсөлдөх байсан. Харамсалтай нь Ч.Чамин-Эрдэнэ  нэвтрүүлгээ үргэлжлүүлж чадахгүй болсон. Сошиал ертөнцөд тархаад буй худал мэдээлэл, цуу ярианаас болж үлдсэн дөрвөн оролцогчийн сэтгэл санаа хүндхэн байдалтай байна. Нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байсан найзыгаа алдчихаад байхад үнэн худал нь мэдэгдэхгүй худал мэдээллээр тэдэн рүү дайрч байна. Гэхдээ бид бүхэн энэ зүйлийг харгалзахгүйгээр финалийн шатны шоугаа хийж ялагчаа тодруулах болно. Хэдийгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнэ бидний дунд байхгүй болсон ч гэлээ найзуудынхаа нэгийг ялагч болгохыг хүсэх байсан.

-Шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдаж олон нийтийг цочирдуулаа. Талийгаачийн ар гэрийнхэн нэвтрүүлгийн багийнхан болоод шүүгчдэд шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Тухайлбал, талийгаачийн гэрт нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан шүү дээ?

-Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ бидэнтэй адилхан мөрөөдлийнхөө төлөө явж байсан шилдэг моделийн нэг. Манай нэвтрүүлгийн зүгээс болон миний зүгээс талийгаачийг гэнэтийн байдлаар нас барсан явдал их хүнд туссан. Нэвтрүүлгийн зураг авалтаа бид хийгээд дуусчихсан, түр завсарлаж байсан цаг мөчид оролцогчидтойгоо холбоо барихгүй амарсан байсан. Тухайн үед буюу аравдугаар сарын 22-ны өдөр би ӨМӨЗО руу ажлаар яваад арванхоёрдугаар сарын 7-ны өдөр эх орондоо ирсэн. Талийгаачийг нас барсныг тухайн үед нэвтрүүлгийн багийнхан, болоод шүүгчид мэдээгүй. Талийгаачийг нас барсныг аравдугаар сарын 26-ны өдөр мэдсэн.

Түүнийг амиа алдсаныг мэдээд их цочирдож, шоконд орсон. Дараа нь “Боловсрол” суваг телевизийн захирал, нэвтрүүлгийн ерөнхий продюсер, шүүгч Э.Энхболд нар нэвтрүүлгийн багийг төлөөлж талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмээд нь эмгэнэл илэрхийлсэн. Гэвч миний бие талийгаачид тохиолдсон зүйлийн дараа гадаадад ажилтай явж байсан учраас уулзаж амжаагүй. Цахим сүлжээнд намайг талийгаачийн ээжтэй холбогдоогүй гэсэн мэдээлэл цацагдаж байгаад харамсч байна.

-Талийгаачийн нагац ах Ч.Гэрэлхүү таныг хэрэг гарсны дараа гадаадад зугаалж яваа талаар сошиалд бичсэн байсан шүү дээ? Яагаад тэр юм бол?

-Миний бие талийгаачийг нас барахаас өмнө гадаад руу ажлаар явсан. Нэвтрүүлгийн зураг авалт дуусахад гадаадад ажил, амралтаа төлөвлөчихсөн байсан юм. Ажлын төлөвлөгөө хуваарийн дагуу 2018 оны аравдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэл Хөх хот, 26-наас 29-ны хооронд Гуанжоу, 29-нөөс арван хоёрдугаар сарын 11-ныг хүртэл Бали аралд ажил амралтаа төлөвлөсөн байсан. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү миний инсраграм дахь Бали арал дээр мөхөөлдөсний газрын урд зайрмаг идээд зогсож буй зургийн тавиад “Ice” бол “мөс” гэж тайлбарласан байсан. Энэ бол үр үндэсгүй гүтгэж буйн жишээ. Тухайн үед Бали дахь алдартай зайрмагны газраас надад ажлын санал ирсэн. Түүнийгээ ажлын шаардлага ёсоор фэйсбүүкэд оруулах шаардлагатай байдаг юм. Тэр постны тухайд ханан дээр нь “Ice Ice Baby” дууны нэртэй бичигтэй газар байсан. Жуулчид тэр зургийн өмнө зургаа авахуулдаг бөгөөд зүгээр байгууллагын гоёл чимэглэл төдий зүйлийг дэвэргэж байна.

Бидний нэг нь харамсалтайгаар амиа алдчихаад байхад зайрмаг идээд явна гэж юу байх вэ. Талийгаачийг нас барсны дараа инстаграмд оруулсан зургууд бол миний хамтарч ажилласан байгууллагын төлбөртэй пост юм.

Би Бали руу олон улсын загварын арга хэмжээнд оролцохоор явсан. Мөн “Бали старс” буюу олон улсын хэмжээний загварын агентлагт хоёр жил ажиллах гэрээ хийсэн. Үүнийг талийгаачийн ах намайг шоудаад явсан мэтээр пост хийсэн байна лээ. Иймээс баримт нотолгоогүйгээр намайг хар тамхичин, “мөс” хэрэглэдэг хэмээн олон нийтэд буруу мэдээлэл өгч байгаад харамсч байна. Түүнээс хойш хүмүүс над руу хар тамхичин гэж байнга дайрдаг боллоо. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна гэсэн бодолтой байгаа.

-Талийгаачийн нагац ахыг нэр төрд халдсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулна гэж үү?

-Талийгаачийн ах гадаадад байдаг болохоор өөрт нь хүрч чадахгүй мэтээр бодож хэрэгт хамааралгүй хүмүүс рүү их дайрч байна. Би албан ёсоор цагдаад өргөдөл гаргаж, нэр хүндээ сэргээлгэнэ. Ар гэрийнхний зүгээс биднийг хүндлэхгүй шууд л амь нас аюулгүй байдал, нэр хүндэд халдаж байна. Тиймээс өөр ямар ч арга алга. Би хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ.

-Талийгаачийн гэр бүлийнхэнтэй та холбоо тогтоох гэж оролдов уу. Энэ хэргийн үнэн мөнийг илрүүлэхийн тулд шүүгчид, ар гэрийнхэнтэй нь хамтран ажиллах ёстой байх?

-Талийгаачийн ар гэрийнхэн, цахим ертөнцөөр шүүгчид рүү ямар ч баримтгүй худлаа мэдээлэл цацаж нийгэмд буруу мэдээлэл түгээж байна. Үүнээс болоод талийгаачийн гэрийнхэнтэй холбоогүй байгаа. Энэ ярилцлагаар дамжуулаад талийгаачийн ар гэрийнхэнд хандан хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Гэхдээ бусдыг энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа бол баримтаа гаргаж ирэхийг хүсч байна.

Бид талийгаачид юу тохиолдсоныг мэдэхийн тулд хамтарч ажиллаж, ар гэрийнхэнтэй нь дуу хоолойгоо нэгтгэхэд бэлэн.

-Шүүгчийн зүгээс ажиглахад оролцогч охид нэгийгээ үзэн ядсан, өширхсөн хандлага гаргаж байв уу?

-Манай нэвтрүүлэгт оролцогчдын ааш зан сэтгэхүй, хэл яриаг шалгаж оролцуулдаг. Нэвтрүүлгийн оролцогч охидын хооронд бие биедээ дургүй, нэгийгээ дээрэлхсэн асуудал байгаагүй. Тэдний дунд иймэрхүү асуудал гаргах юм бол нэвтрүүлгээс хасах хүртэл арга хэмжээ авдаг.

Шүүгчид оролцогчдын хувьд хоорондоо дотно холилдож хувийн харилцаатай байж болдоггүй. Шүүгчид анхнаасаа үүрэг гүйцэтгэж гэрээ байгуулж орж ирдэг учраас тусдаа байдаг юм. Яагаад гэвэл шүүлтэд нөлөөлдөг гэж үздэг болохоор тэр. Гэхдээ охидын бүх мэдээлэл бидэнд ирдэг бөгөөд түүнд тулгуурлаж нэвтрүүлгээ явуулдаг. Манай нэвтрүүлэг зөвхөн Монголын зах зээлд өрсөлддөг нэвтрүүлэг биш шүү дээ. Тэгэхээр алсдаа ирээдүйтэй, найрсаг харьцаатай, цогц сайн моделийг энэ нэвтрүүлгээс хайдаг. Ирээдүйд үнэлэгдэх моделийг хайх зорилготой тэмцээн юм. Үүнд биеийн харьцаа, нас, зан ааш, хэлний мэдлэг, ар гэрийн бүх зүйл хамааралтай.

-Үлдсэн охидын хувьд сэтгэл санааны байдал ямар байна вэ. Нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлэхэд тулгарч буй бэрхшээл байгаа юу?

-Миний хамгийн ихээр санаа зовж буй асуудал бол оролцогчид. Над руу яаж ч дайрсан гэсэн би өөрийнхөө үнэнийг мэднэ. “Боловсрол” телевизийн хувьд ч гэсэн байж болох бүхий л зүйлийг хийсэн. Тэд энэ шоунд мөрөөдөлдөө хөтлөгдөн орж ирсэн өсвөр насны охид. Нийлээд нэгийгээ үзэн ядаад муулаад сууж байдаг тийм нэвтрүүлэг гэх ойлголтыг төрүүлж байна. Бид бие биеэ "алаад" сууж байдаг хүмүүс биш шүү дээ.

-Сошиал сүлжээнд Э.Одонтунгалагийг энэ хэрэгт буруутгаж байгаа харагдсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Э.Одонтунгалагийг талийгаачийн гэр бүлийн зүгээс талийгаачийг алсан алуурчин мэтээр дайрч байна. Би түүнтэй уулзаж юу болсон талаар сонссон. Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж энэ хэрэгт холбогдолгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгтэл нэвтрүүлгийн охидыг хүмүүс элдвээр дайрч доромжилж байна. Тэр тусмаа Ч.Гэрэлхүү ахын пост дор, нэвтрүүлгийн сошиал хуудасны дор хүмүүс их доромжилж байгаа харагдсан. Э.Одонтунгалаг талийгаачаас насаар дүү охин. Тэр бусдаас өндөр нуруутай болохоос биш бусад охидоос ялгаагүй. Манай нэвтрүүлэгт бие биенийгээ дарамталсан муу муухай зүйл байгаагүй.

Тэгэхээр Э.Одонтунгалаг энэ хэрэгт буруугүй гэдэгт би итгэж байна. Хүмүүс надаас Э.Одонтунгалагийг хамгаалж байна гэдэгт хариулт нэхэх байх. Гэхдээ энэ бол миний үүрэг. Би энэ жил 20 дахь жилдээ загварын салбарт ажиллаж байна. Манай нэвтрүүлгийн финалд таван охин үлдсэн байсан. Бидний хувьд хэзээ ч нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Манай нэвтрүүлгийн түүхэнд хар толбо үлдсэн болохоор дахиад нэг охиныг алдмааргүй байна.

Би хэд хоногийн өмнө Э.Одонтунгалагтай уулзахад үс нь туг тугаар унасан байсан. Түүнийг нийгэмд алуурчин мэтээр дайрч доромжилсноос таагүй зүйл тохиолдвол яах вэ. Түүнд нэвтрүүлгийн баг хамт олны зүгээс их санаа зовниж байна.

-Талийгаачид  юу тохиолдсон юм бол. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу ?

-Би ч гэсэн та нартай адилхан талийгаачид юу тохиолдсоныг мэдэхгүй. Талийгаачийг амиа хорлосон гэхэд итгэхгүй байгаа. Бид ч бас энэ сайхан охинд юу тохиолдсоныг мэдэхийг хүсч байна. Миний хүслээр болдог бол гэрийнхэнтэй нь хамтраад талийгаачид юу тохиолдсоныг мэдмээр байна. Би үрээ алдсан эхийн сэтгэлийг ойлгож байгаа. Хэрэв би ч гэсэн үр хүүхдээ алдсан бол эцсийг нь хүртэл явах байсан. Би талийгаачийн ар гэрийнхнийг буруутгахыг хүссэнгүй. Гэхдээ миний талаар  талаар “хар тамхичин”  бүх муухай зүйлийг чихэж, үндэслэлгүйгээр дайрч, нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүсийг гүтгэж, нэр төрд нь халдаж байгаад харамсч сууна. Тиймээс энэ бүхнийг болиод үндэслэлтэй юм ярих хэрэгтэй. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ бидний нэг байсан шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
18
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж