Солонгос эмэгтэйчүүдийн нийгмийг донсолгосон "тэмцэл"

Хуучирсан мэдээ: 2019.01.14-нд нийтлэгдсэн

Солонгос эмэгтэйчүүдийн нийгмийг донсолгосон "тэмцэл"

Солонгос эмэгтэйчүүдийн нийгмийг донсолгосон "тэмцэл"

Дэлхийн гоо сайхны мэс заслын төв гэгддэг Өмнөд Солонгос улсын охид, бүсгүйчүүд “хөөрхөн харагдах-нийгмийн гоо сайхны стандарт”-ыг эсэргүүцэн, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгээ хийх замаар эсэргүүцэл, тэмцлээ илэрхийлж, “Корсетоо тайлцгаая” нэртэй хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.

Нийгэмд эмэгтэйчүүдийн гоо сайхны хатуу стандартыг бий болгоход охидын хамтлагууд чухал үүрэг гүйцэтгэж байна

Тус улсад эмэгтэй хүн сайн ажилд орж, карьераа ахиулах төдийгүй сайн хүнтэй суухын тулд  “хөөрхөн байх ёстой” гэх тогтсон үзэл хандлага олон нийтийн дунд байдаг нь залуу эмэгтэйчүүдэд маш их дарамт болдог байна. Эмэгтэйчүүд хэн нэгнээс “царай муутай” гэдэг үг сонсохоос үхтлээ айх бөгөөд өглөө нүүрээ будахгүйгээр гэрээсээ гарах тохиолдол бараг л байдаггүй аж.

“НҮҮРЭЭ БУДАХ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ”

Судалгаанаас харвал Өмнөд Солонгосын бүсгүйчүүд өглөө дунджаар хоёр цагийг гоо сайхандаа зарцуулдаг бөгөөд үүний тулд унтах нойроо хасч, маш эрт хоолоо хийж иддэг байна. Ажил хийдэг эмэгтэйчүүд, их сургуулийн оюутнууд төдийгүй дунд сургуулийн сурагчид ч бас өглөөд багагүй хугацааг нүүрээ будан, үсээ янзалж, сайхан хувцаслахад зарцуулдаг. Гэртээ байж байгаад ойрхон дэлгүүр гарахдаа хүртэл нүүр ам, үс гэзгээ заавал янзлах нь хэвийн үзэгдэл мэт болжээ.

Бэ Ин Жон

“Би өөрийнхөө царайнд дургүй. Гадагшаа нүүрээ будахгүй гарвал өөртөө итгэх итгэл огт байхгүй болчихдог. Гадуур ганцхан цаг явах ажилтай байсан ч заавал нүүрээ буддаг” хэмээн 21 настай Бэ Ин Жон ярьжээ. Тэрбээр саяхныг хүртэл Youtube-ээр нүүр будах заавар бүхий бичлэг оруулдаг нэгэн байв.

Гэвч охид бүсгүйчүүд өөрсдөө дуртай байсан ч, дургүй байсан ч нүүрээ будахыг өөрийнх нь үүрэг мэтээр боддог хандлага 13 настай охинд хүртэл байгааг анзаарсан Бэ Ин Жон өөрчлөлт хийхээр шийджээ. Удалгүй тэрбээр өөрийн Youtube хуудсандаа “Би хөөрхөн биш. Хөөрхөн биш байх нь нүгэл биш” хэмээн бичиж, зузаан тавьсан нүүрний будгаа арчиж, төрөлхийн царайгаа харуулж байгаа бичлэгээ тавьжээ. Сэтгэгдэл дээр нь “гахай нүүрээ будсан байна, би түүний оронд байсан бол амиа хорлох байсан” зэргээр хүмүүс бичсэн ч эергээр хүлээн авч, түүнийг дэмжих хүмүүс олон байсан бөгөөд тус бичлэг нь 6.3 сая хандалт авсан байна.

Бичлэгийг үзэж, урамшин, Бэ Ин Жонтой санал нэгдсэн хүмүүс нэг нэгээрээ өөрийн цахим хуудсандаа нүүрний будгаа арилгаж, урт сайхан үсээ тайрч байгаа бичлэг болон зургаа оруулж, “давлагаалсан” нь “Корсетоо тайлцгаая!” хэмээх маш өргөн хүрээтэй хөдөлгөөнийг Өмнөд Солонгос даяар өрнүүлэхэд хүрчээ.

“Корсетоо тайлцгаая!” хэмээх нэрийг 1968 онд Америкийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож байсан нэгэн бүсгүйн үйлдлээс санаа авч өгсөн байна. Тус феминист загвар өмсөгч гоо бүсгүйн тэмцээнд оролцох үеэрээ хатуу тогтсон гоо сайхны стандартыг эсэргүүцэж, олны өмнө хөхний даруулга, үсний засалтаа үгүй хийж, нүүрээ арчин, хиймэл сормуус, өндөр өсгийт болон  корсет зэргээ тайлан эсэргүүцлээ илэрхийлж байсан аж.

Үүнээс 50 жилийн дараа солонгос эмэгтэйчүүд үнэтэй нүүрний будгаа устгаж, урт ургуулсан үсээ тайрах хөдөлгөөнийг эхлүүлсэн нь “Корсетоо тайлцгаая!” юм.

ПАТРИАРХАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ГОЛ ЗОРИЛГО

“Гоо сайхны стандартыг эсэргүүцэх нь жирийн нэг хөдөлгөөн бус харин эр хүн  бүхний дээгүүр байдаг нийгэмд эмэгтэйчүүд өөрөөрөө байх эрхийнхээ төлөө тэмцэж байгаа явдал юм” хэмээн Сөүлийн их сургуулийн профессор И Ён А хэлжээ. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнд л сайхан харагдахын тулд хамаг мөнгө, эрч хүч, энерги, цаг заваа гоо сайхандаа зарцуулдаг байна. Нэгэн жишээ татахад л, хэрвээ та Өмнөд Солонгосын телевизийн мэдээний нэвтрүүлгийг үзвэл нүдний шил зүүсэн эмэгтэйг хэзээ ч олж харахгүй. Харин эрчүүдэд бол энэ бичигдээгүй хууль хамаагүй юм. Энэ мэтийн эрэгтэй хүмүүс болдог, эмэгтэйчүүд болдоггүй энгийн атлаа сонирхолтой зүйлс Өмнөд Солонгост их байдаг байна.

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас үзвэл Өмнөд Солонгос нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгаатай авч үздэг нийгмийн хандлагаараа дэлхийн 149 орноос 115-д жагсдаг байна. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн авч буй цалин нь хамгийн их ялгаатай байдаг орнуудын нэг аж. Тус орны 500 компанийн дунд судалгаа хийж үзэхэд удирдах албан тушаалд байгаа хүмүүсийн гурван хувь нь, хууль тогтоох байгууллагын гишүүдийн дөнгөж 17 хувь нь л эмэгтэйчүүд байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч бас шинэ оны анхны хэвлэлийн бага хурлын үеэрээ “манай улсын жендерийн асуудал бол хамгийн ичмээр асуудлуудын нэг юм” хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн жил тус улсад ийм нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. “Ёгэрэспрессо” хэмээх сүлжээ кофе шопт ажилладаг нэгэн эмэгтэй ажилтан ажилдаа ирэхдээ үсээ богиносгон тайрч, нүүрээ будаагүй байсан гэх шалтгаанаар удирдлагууд нь түүнийг халжээ. Утгагүй байдлаар ажлаасаа халагдсан эмэгтэй компанийнхаа эсрэг зарга үүсгэснээр удирдлагууд нь түүнээс уучлалт гуйн, нөхөн төлбөр төлсөн аж. Түүнчлэн Өмнөд Солонгос улсад эмэгтэйчүүд эрчүүдийн үйлдсэн гэмт хэргийн золиос болох, бэлгийн хүчирхийлэлд өртөх нь жилээс жилд ихсэж байгаа тухай тус улсын Үндэсний цагдаагийн агентлагаас мэдээлсэн байна.

ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРЧЛӨГДӨХИЙГ ХҮСЧ БАЙНА!

Өнгөрсөн сард хийгдсэн судалгаагаар “Корсетоо тайлцгаая!” хөдөлгөөнийг 20-иод настай эрчүүдийн 76 хувь нь, 30-иад насны эрчүүдийн 66 хувь нь эсэргүүцэж байгаа гэсэн гайхмаар үр дүн гарсан нь дээр бичсэн зүйлсийн илрэл болж байгаа юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн дунд тус хөдөлгөөн улам л хүчээ авч байна. Ялангуяа их сургуулийн кампуст байх эмэгтэйчүүд сүүлийн хэдэн сарын хугацаанд маш их өөрчлөгдөж байгааг анзаарч болно. Тэд нүүрээ будаж, гоё хувцас өмсөх нь эрс багасаад байгаа төдийгүй “Корсетоо тайлцгаая!” хөдөлгөөнийг дэмжих ухуулах хуудсуудыг хаа сайгүй тараах болсон аж. Түүнчлэн хонхны баярын үеэр бүх л охид даашинз, бошинз өмсдөг байсан бол өнгөрсөн жилээс өмд өмсөх нь эрс ихэссэн байна. “Төгсөлтийнхөө баяраар өмд өмсч байгаа охидыг анх удаа л харж байна” хэмээн 22 настай оюутан Пак Хэ Ри хэлжээ. Түүнчлэн охид бүсгүйчүүд хүний гаднах төрхийн тухай ярихдаа илүү болгоомжтой, хянамгай байхыг хичээдэг болсон хэмээн 20 настай өөр нэгэн оюутан хэлсэн байна.

“Корсетоо тайлцгаая!” хөдөлгөөн нь зүгээр нэг зураг, бичлэг хийхээр хязгаарлагдаагүй бөгөөд эмэгтэйчүүдийг сар бүрийн эхний ням гаригт хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахгүй, гоо сайхны салоноор үйлчлүүлэхгүй, үсээ тайруулахгүй байхыг уриалж байгаа аж.

Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл нь жилд 10-аас доошгүй тэрбум ам.доллар эргэлдэж байдгаараа дэлхийд хамгийн томд тооцогддог. Түүнчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 22 хувь нь гоо сайхны хагалгаанд орсон гэдгээрээ “дэлхийн гоо сайхны мэс заслын төв” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж