Сирийн нийслэл Дамаск руу өчигдөр /2019.01.11/ Израил улс агаарын цохилт өгч, пуужин харвасан ч тус улсын агаарын довтолгооноос хамгаалах тусгай хүчин дайралтыг няцааж, пуужингуудын ихэнхийг устгасан тухай Сирийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр, Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудлыг онилсон тус дайралтыг өчигдөр оройны 23:15 цагт хийсэн бөгөөд Сирийн тал онгоцны буудлын агуулахаас өөр хохирол амсаагүй аж. Энэ үеэр шөнийн тэнгэрт хурц гэрэл гялбаж, пуужин харваж, дэлбэрэлт болж байгаа нь бичлэгт үлдсэн байна. Үүнтэй адил дайралтыг Израйлын тал өнгөрсөн сард өгч, Сирийн гурван цэргийг гэмтээж байв.
Израил нь Арабын хаврын уршгаар 2011 онд эхэлсэн Сирийн дайнд Ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжин оролцсон Иран улсын хүчийг хязгаарлах үүднээс дайнд татагдан орсон билээ. Өнгөрсөн есдүгээр сард Израилын талаас мэдээлснээр тус улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ираны хүчнийг эсэргүүцэх зорилгоор Сирид 200 гаруй цохилтыг өгсөн гэв.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ