“МАНАН” дэглэмийн эсрэг жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар өнөөдөр /2019.01.12/ Сүхбаатарын талбай дээрээс мэдээлэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ: “М.Энхболд даргыг огцор” гэдэг шаардлагаасаа харамсаж уучлалт гуйгаагүй
Бид эхлүүлсэн тэмцлээсээ ямар ч тохиолдолд ухрахгүй. Бидний тэмцэл өнгөрсөн зунаас эхлэн зургаан сарын хугацааг өнгөрүүлж, шинэ онтой золголоо. Үндсэндээ бид ялсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гарсан зөвлөмж хэрэгжиж эхэллээ. Энэ үед сэтгэл хөөрөлд хэт автагдаж болохгүй. Би анхнаасаа “М.Энхболд гэж хувь хүнтэй тэмцээгүй. Харин бид энэ шударга бус системийг, баялгийг булааж буй дэглэмтэй тэмцэж байгаа” гэдгийг хэлсэн. Тийм учраас жагсаал зохион байгуулдаг өдөр бид Төрийн ордонд орж, М.Энхболд даргын өрөөнд миний бие гишүүдтэйгээ орсон. Тэр үед М.Энхболд даргыг талбай руу чирч гаргах үйлдлийг миний бие хийж, төрийн тусгай хамгаалалтын залуустай тулгарч нөхцөл байдал үүссэн. Би тэр үйлдлийнхээ төлөө ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн бол уучлаарай гэж хэлсэн. Би энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйх ёстой гэж бодож байгаа. Бид ёс зүйтэй тэмцдэг байх ёстой. Бид хоёр удаа тайван жагсаал хийж, тамхины иш ч хаяж чадахгүй байсан шигээ шаардлагатай үед буруугаа хүлээж сурах хэрэгтэй. Тэрнээс биш би зарчмаасаа хэлж байсан үгнээсээ, М.Энхболд даргыг огцор гэдэг шаардлагаасаа харамсаж уучлалт гуйгаагүй. Энийг мушгин гуйвуулах хэрэггүй юм. Өчигдөр бас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд М.Энхболд дарга хэрэв орж ирээгүй бол ирц бүрдэхгүй нөхцөл байдал бас үүссэн байсан. Энэ бол бодит үнэн. Тэр хүнийг нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээд ирснийх нь төлөө бас буруутгаж болохгүй.
Одоо хуулийн хэлэлцүүлэг хийгдээд дөрөв дэх өдрийн нэг дэх асуудал болж энэ хууль хэлэлцэгдэнэ. Хууль хэлэлцэгдэж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дахин хуралдана. Ингээд дөрөв дэх өдрийн оройн энэ хууль батлагдаж дуусна. Тэр өдөр бид тогтоолын төслөө өргөн барина. Тиймээс ирэх долоо хоногийн дөрөв, тав дахь өдөр Улсын их хурлын даргыг огцруулах асуудал бүтэн шийдэгдэх нөхцөл байдал үүссэн. Бидний хувьд ямар нэгэн байдлаар ирцээр бойкотлох ч юм уу, өөрөө гарын үсэг зурсан тогтоол, зөвлөмжөөсөө ухарвал өлсгөлөн зарлах хэлбэр руу шууд орно гэдгээ хэлсэн. Мөн дараагийн гурав дахь жагсаалаа зохион байгуулна гэдгээ хэлсэн байгаа" гэлээ.
Л.Болд: Тэмцэл дөнгөж эхэлж байна
Жагсаалд оролцож буй иргэд, төрийн бус байгууллагууд төв талбайд нийтдээ 200-гаад гэр барихаар болсон. Одоогоор эхний ээлжинд 40 орчим гэр баригдаж, иргэд болон төрийн бус байгууллагууд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, гарын үсэг цуглуулж байна. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийн хуулийн хугацаанд нь хэлэлцэнэ гэсэн амлалтууд авсан байгаа. Бид эцсийн эцэст УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараагийн шатны шинэчлэлийн таван алхмыг хэрэгжүүлнэ. Тэмцэл дөнгөж эхэлж байна. Улс төрийн төрийн тогтолцоонд шинэчлэл хэрэгжиж, Монголын төр цаашдаа цэвэрших ийм нөхцөл бололцоог хангаж, ялалтад хүрнэ.
Ж.Батзандан: Бид хэзээ ч “МАНАН”-гаас уйчлал гуйхгүй
Өчигдөр фэйсбүүк, твитерээр Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг уучлал гуйсан гэх худал мэдээллийг “МАНАН”-гийн бүлэглэл явуулсан. Бид хэзээ ч “МАНАН”-гаас уйчлал гуйхгүй. Бид хэзээ ч тэр хүмүүстэй тохиролцохгүй. Өчигдөр орой 00.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороонд М.Энхболд, Ж.Мөнхбат хоёр орж ирсэн. Нүүр нь минчийтэл улайчихсан хоёр нөхөр жаахан заль хэрэглэсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ хоёр хатуу үг хэлснийхээ төлөө уучлал гуйвал бид ирцэнд ороход бэлэн байна гэсэн. Энэ бол “МАНАН”-гийн бүлэглэлээс уучлалт гуйсан хэрэг бус хувь хүмүүсийн хоорондын асуудал. Үүний үр дүнд өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ингэснээр ирэх долоо хоногийн дөрөв, тав дахь өдөр гэхэд батлахаар болсон гэлээ.
Холбоотой мэдээ