Монголын боулинг сонирхогчдын холбооны долоон жилийн ойн нэрэмжит тэмцээнд өчигдөр “Big Bowling” төвд боллоо.
Тус тэмцээнд нийт 15 баг оролцон, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд багийн бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулсан нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгожээ. Учир нь урд өмнө нэг баг болон тэмцээн уралдаанд оролцож явсан тоглогчид энэ удаа өөр өөр багт хуваариалагдсан аж. Уг тэмцээн нь хоёр дахь жилдээ зохиогдож байгаа нь энэ юм.
Багууд дөрвөн тоглолт хийж, хамгийн өндөр оноотой найман нь тэмцээнээ цааш үргэлжлүүллээ. Ийнхүү Г.Магсаржалам ахлагчтай баг дөрвөн тоглолтоос 3226 оноог авч нэгээр гарсан бол Т.Батбаярын хоёрхон оноогоор дутаж хоёрдугаар байраар шалгарчээ. 3085 оноо өвөртөлсөн Ш.Гэрлээ ахлагчтай баг гурав, 3024 оноотой Д.Нацагдоржийн баг дөрөв, С.Батзоригийн баг тав, Ш.Баатар ахлагчтай баг зургаа, Ж.Содномдоржийн баг долоо, В.Энхбат ахлагчтай баг наймаар гарч хасагдах шатанд хүч үзлээ. Шилдэг наймд үлдсэн багууд хоорондоо нэгээр гарсан нь наймаар гарсан багтайгаа, хоёроор шалгарсан нь долоогоор гарсантайгаа гэх мэт плей-оффын системээр өрсөлдөв. Урьдчилсан шатны тоглолтод хамгийн шилдэг амжилт үзүүлсэн Магсаржаламын багийг наймаар гарсан В.Энхбат ахлагчтай баг мулталж орхив. Тэд нийлбэрээр 836 оноо авсан бол Г.Магсаржаламын тэргүүлсэн баг 786 оноо түүжээ. Ш.Гэрлээ ахлагчтай баг эл даваанд Ш.Баатар ахлагчтай багийг 761:740-өөр буулган авсан юм. Мөн С.Батзоригийн баг 798 оноо цуглуулж, өрсөлдөгчөө буулган авснаар шөвгийн дөрөвт үлдэв. Хоёрдугаар байраар шилдэг наймд үлдсэн Т.Батбаярын баг Ж.Содномдоржийн багийг илт илүүрхэн 827:729-өөр хожсон байна. Хагас шигшээд Ш.Гэрлээ, С.Батзориг ахлагчтай багууд өрсөлдөгчөө буулган авснаар тус тэмцээний финалд хүч үзэхээр боллоо. Шувтаргын тоглолтод С.Батзоригийн баг 824, Ш.Гэрлээгийн тэргүүлсэн баг 694 оноо авав.
Ийнхүү Монголын Боулинг Сонирхогчдын холбооны долоон жилийн ойн нэрэмжит холимог багийн тэмцээнд С.Батзориг ахлагчтай Э.Харцага, Л.Баясгалан, Ө.Хаш-Эрдэнэ, Г.Ядамдорж нарын баг түрүүлэн 500 мянган төгрөгний эзэн боллоо. Харин хоёрдугаар байрт Ш.Гэрлээ, С.Дэлгэрцэцэг, П.Уранчимэг, Н.Майнэгэн, Д.Батзориг нарын баг орсон бол гутгаарт Т.Батбаяр, Ю.Ганболд, Б.Бат-Амгалан, Б.Эрдэнэбат, Б.Батням нар орсон байна. Тус тэмцээний шилдэг тоглогчоор Багануурын боулинг клубийн тамирчин Б.Болорхүү шалгарсан бөгөөд тэрбээр хамгийн өндөр буюу 200 оноо авчээ. Дашрамд сонирхуулахад Монголын боулинг сонирхогчдын холбоо “MCS Coca Cola” ХХК-тай хамтран зохион байгуулдаг зургаан жил тасаралтгүй явагдсан уламжлалт “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээн энэ сарын 28-нд хэвлэл мэдээллийн салбараар эхлэх аж.