АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт буюу “шатдаун” өчигдрийн байдлаар /2019.01.11/ 21 дэх өдрөө үргэлжилж байна. Тус улсын түүхэнд Засгийн газрын хамгийн удаан үргэлжилсэн “шатдаун” нь Ерөнхийлөгч Билл Клинтоны үед мөн л төсвийн асуудалд зөвшилцөлд хүрээгүйн улмаас 21 өдөр үргэлжилж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилтийг Конгресс дахь Ардчилсан намын гишүүд төсөвт тусгахаас татгалзаж байгаа учраас 2019 оны АНУ-ын төсвийг одоо хүртэл баталж чадаагүй нь холбооны Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсооход хүргэжээ.
“Шатдаун”-ын улмаас төрийн байгууллагуудынх нь дөрөвний нэг нь санхүүжилтгүй болсон төдийгүй 800’000 орчим албан хаагч энэ сард цалингаа авч чадаагүй тухай “CNN агентлаг” өчигдөр мэдээлсэн юм.
Д.Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хууль бус цагаачдын асуудлаарх уулзалтын үеэр “өмнөд хил дээр хана барихгүй бол Мексикээс манай улс руу хууль бусаар нэвтрэх, хар тамхи зөөвөрлөх гэмт хэрэг даамжирч байгаа нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа” тухай онцолжээ. Гэхдээ хана барих ажлыг өөрийн бүрэн эрхээ ашиглаж, дур мэдэн хийхгүй гэдгээ хэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Мексикийн хил дээр хана бариулахын тулд улс орон даяар онц байдал зарлаж, Конгрессын зөвшөөрөлгүйгээр төсөв гаргаж, ажлаа эхлүүлнэ хэмээн мэдэгдээд байсан юм.
Гэвч тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт олон сар, жилээр ч үргэлжилж болохыг мөн мэдэгджээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ