Лүндээ гишүүний “Ах” сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Лүндээ гишүүний “Ах” сайд боллоо

Лүндээ гишүүний “Ах” сайд боллоо

УИХ-ын гишүүн Ч.Улаан сайд болж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам удирдлагатай боллоо.

Урьд шөнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан энэхүү томилгоог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат шүүмжилж, ах нарынхаа паянг дэлгэв.

Түүний тайлбарласнаар ах нар нь сайдын сураг гарахаар л гүйлддэг аж. Сүүлийн шаанс гээд л зүтгэцгээдэг. Намынхан нь ч өрөвдөөд сайд болгодог. Харин сарын дараа нь танихаа больдог. Гишүүнээ танихгүй болох ч яах вэ гэж буй юм. Ах нар нь намын ноён нуруу, эв нэгдэл гэдгээ мартчихдаг. Түүнд нь Ж.Мөнхбат гишүүн хамгийн их бухимдалтай явдаг юм байна. Ч.Улаан гишүүн ч ахын буяныг бусдаасаа дутахгүй хүртэж яваа нэгэн аж. Тэрбээр зургаа дахь удаагаа сайдад нэр дэвшсэн. Тийм учраас залуустаа боломж олгоод татгалзчихсан бол гэх асуудлыг тэрбээр хөндсөн.

Энэ үг ах нарын тоонд багтаад байгаа Д.Лүндээжанцан гишүүний эгдүүг хүргэв бололтой. “Аавдаа адуу манахыг заав гэгч л болж байна. Цаг үе ч өөр болж дээ, одоо тэгээд дүү нарынхаа үгийг сонсох л болж байна. Би Ч.Улаан гишүүнийг эртнээс мэднэ. Надаас гурав ах, онц сурдаг ах байлаа” гэж хэлсэнд гишүүд нирхийтэл инээд алдаж, Ж.Мөнхбат гишүүн “Лүндээ гишүүний ахдаа сайдынх нь ажилд амжилт хүсье” гэж эцэст нь буулт хийв.

УИХ-ын гишүүн Ч.Улааны хувьд МАН-д байсан ч хөөгдсөн ч сайдаар томилогдож ирсэн азтай нэгэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоноор зургаа дахь удаагаа сайдын алба хашиж эхэллээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж