Туйлын туяа харахад тохиромжтой газрууд | News.MN

Туйлын туяа харахад тохиромжтой газрууд

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Туйлын туяа харахад тохиромжтой газрууд

Туйлын туяа харахад тохиромжтой газрууд

Байгаль эхийн хосгүй нандин бүтээлүүдийн нэг болох туйлын туяаг харахад тохиромжтой газруудыг энэ долоо хоногийн "Сонирхолтой газар зүй" буландаа онцолж байна.

Туйлын туяа буюу Аврора гэж юу вэ?

Хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох туйлын туяа-Аврора нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг. Аврора бол эртний Грекийн домогт гардаг үүрийн туяаны охин тэнгэрийн нэр юм. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гаригуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Нарны толбонууд тэсрэх үзэгдэл буюу нарны салхи нь дэлхийн соронзон оронтой тодорхой цаг хугацааны давтамжтайгаар мөргөлдсөнөөр тэнгэрт туйлын гэрэл харагддаг байна.

Туйлын туяа нь хэр өндөрт үүсч байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн  өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй байна.

Туйлын туяа нь дэлхийн өмнөд, хойд туйлд харагддаг бөгөөд хойд зүгийн гэрлийг “Аврора Бореалис” харин өмнө зүгийнхийг нь “Аврора Австралис” гэж нэрлэнэ. Тус үзэгдэл нь хойд зүгийн Канад, Норвег, Швед зэрэг орнуудад, өмнө зүгийн Австрали, Шинэ Зеланд, Чили болон Антарктидад ажиглагддаг аж. Байгалийн өвөрмөц, гэрлийн үзэгдлийг харах, сонирхон судлах хүмүүс олон байдаг. Ингээд туйлын туяа харахад тохиромжтой, хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог зургаан газрын тухай мэдээллийг хүргэж байна.

 

  1. Исланд

Туйлын туяанаас гадна цас мөнх цэвдэг, халуун рашаан, гайхалтай хүрхээ болон галт уулсыг нь харахаар Исландыг зорин очих жуулчид маш их байдаг. Аврора буюу туйлын туяаг харах уртраг, өргөргийн хувьд Исланд улс тун тохиромжтой байрлалд оршдог боловч цаг агаарын нөхцөл байдлаас болоод гэрлийн үзэгдлийг нь нүдээр үзэхэд амаргүй аж. Гэхдээ та зөв цагтаа, тэнгэр цэлмэг байх үед Исланд улсад очвол туйлын гэрлийг харах боломжтой. Исландын баруун эргийн Кирквфел уулын ойролцоо туйлын туяа сайн харагддаг.

Хэзээ очиход тохиромжтой вэ? : Исланд улсад наймдугаар сарын сүүлээс эхлэн дөрөвдүгээр сар хүртэл туйлын туяа харах боломжтой.

  1. Аляск, Фэйрбанкс хот

Арктикаас хоёрхон хэмийн дор оршдог, олон улсын нисэх онгоцны буудалтай, алдарт “Денали” байгалийн цогцолборт газартай ойр орших Фейрбанк хот нь АНУ-д туйлын туяа харж болох хамгийн тохиромжтой газар юм. Тус хотод туйлын туяа харах гэсэн хүмүүс их ирдэг тул маш боловсронгуй цаг уурын системийг хөгжүүлсэн төдийгүй групп аялагчид хүлээн авдаг аяллын компаниуд ч цөөнгүй байдаг.

Хэзээ очиход тохиромжтой вэ? : Наймдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын дунд хүртэл.

  1. Канад улс, Елловнайф хот

Канадын баруун хойд мужийн нийслэл Елловнайф хотод “Аврора тосгон” байдаг төдийгүй туйлын туяа харахаар ирсэн жуулчдад зориулсан маш олон, тусгай хөтөлбөрүүдтэй. Канад улс нь туйлын туяа харах тохиромжтой байрлалд орших гэрлийн бохирдол багатай газар тул “Аврорагийн диваажин” гэгддэг. Тус хотод орших “Жаспер байгалийн цогцолбор газар” нь туйлын туяа сайн харагддагаараа алдартай.

Хэзээ очиход тохиромжтой вэ? : Наймдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл.

  1. Норвег, Тромсо хот

Норвегийн хойд хэсгийн хамгийн том хот болох Тромсо туйлын бүсэд байрладаг, жил бүрийн 11/22-оос 01/22 хүртэл гурван сарын турш нар гардаггүй газар юм. Тус хот нь үзэсгэлэнтэй туйлын шөнөөрөө дэлхийд алдартай бөгөөд ойролцоо орших Аршфюрботн тосгоноос туйлын шөнийг харахад тохиромжтой. Түүнчлэн Норвегийн Лүфотн арал болон хойд хэсгийн Алта, Нордкапп, Киркнэс хотуудаас гайхамшигтай гэрлийн үзэгдлийг харах боломжтой.

Хэзээ очиход тохиромжтой вэ? : Есдүгээр сарын дундаас гуравдугаар сарын эхэн хүртэл.

  1. Шведийн хойд хэсэг болон Финлянд

Шведийн хойд хэсэгт орших Кируна хот нь Аврорагийн аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн, мөсөн зочид буудал, уулархаг “Абиско байгалийн цогцолбор" газар болон нутгийн өвөрмөц өв соёл бүхий газар юм. Хотоос жаахан зайдуу гараад л туйлын туяаг үзэх боломжтой. Норвегийг бодвол цаг агаарын нөхцөл байдал нь харьцангуй дээр гэдэг. Түүнчлэн Финляндын Лапландаас туйлын туяаг харж болно.

Хэзээ очиход тохиромжтой вэ? : Есдүгээр сарын дундаас гуравдугаар сарын сүүл хүртэл.

  1. Гринланд

Аврораг харахад хэтэрхий хойно оршдог мэт санагдавч Гринландад туйлын туяа маш сайн харагддаг. Зуны улиралд ч бас тэнд хөвж яваа мөсөн уулсыг харах боломжтой.

Хэзээ очиход тохиромжтой вэ?: Наймдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл.

Эх сурвалж: National Geographic

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сарнай 2019-01-12 150.129.140.101

Гоё юм аа. Хэзээ нэгэн өдөр очиж үзэх байх аа.

Avatar

Зочин 2019-01-12 66.181.185.218

Zaaval harna aa

Avatar

Ха 2019-01-12 182.160.33.1

Нарны шуурга бишээ, нарны салхи

Avatar

аяастусург 2019-01-12 91.141.1.30

шуурга салхи адилхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж