Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь олимпод эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчдыг тодруулж эхэлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад хавтанцар наалтын төрөлд хэн бусдыгаа хошуучилсан тухай мэдээлье.
Б.Мөнгөншагай: Тэмцээний дараа л хаана ажиллахаа шийднэ дээ
Өрсөлдөгчөөсөө даруй 26 оноогоор илүүрхсэн Б.Мөнгөншагайтай уулзлаа.
-Ялагч болсонд баяр хүргье.
-Баярлалаа. Манай сургуулийнхан намайг бүгдээрээ гаргаж өгөөд заавал түрүүлээд ирээрэй гэсэн. Тэмцээн эхлэхийн өмнө хүртэл амжилт хүссэн мессеж ирээд гоё байсан. Тэд нарынхаа итгэлийг алдаагүйдээ үнэхээр баяртай байна.
-Тэмцээний даалгавар хэцүү байв уу?
-Ер нь хүнд талдаа. Багаж нь байсан бол ч хэцүү биш л дээ. Хамгийн гол нь зүсвэр байсан. Бид хоёрт хэн хэнд нь багаж байхгүй утсаар алмаазаа уяад зүссэн. Солонгост бэлтгэл хийхэд тэнд алмаазан гортигтой болохоор хийхэд амархан юм билээ. Түүнээс наахад ямар ч хэцүү зүйл байгаагүй.
-Дэлхийн тэмцээнд явах нь тодорхой болчихлоо. Дэлхийн ур чадварын тэмцээнд чиний оролцох мэргэжлээр ямар даалгавар гүйцэтгэдгийг судалсан уу?
-Солонгост болдог тэмцээний бичлэг үзүүлсэн. Тэнд яг дэлхийн тэмцээний зарчмаар болдог гэсэн. Тэрийг харж байхад нэг их хэцүү санагдаагүй. Наах талбай нь илүү юм билээ. Энд бид ганц хана наасан бол тэр тэмцээн дээр нүүрний, хажуугийн хана, шалны хавтанцар нааж байсан. Гэхдээ хугацаа нь урт. Таван өдрийн хугацаа өгдөг юм билээ.
-Сургуулиа төгсчихсөн гэсэн. Тэгэхээр тэмцээний дараа хаана ажиллах вэ?
-Яг одоо бол тэнд энд ажиллана гэсэн төлөвлөгөө алга. Өнгөрсөн арванхоёрдугаар сард төгссөн. Түүнээс хойш сургууль дээрээ бэлтгэлээ хийгээд, Солонгос яваад. Одоо нэгэнт Монгол Улсаа төлөөлөөд дэлхийд өрсөлдөх болсон учраас бэлтгэлээ илүү сайн хийж, бусдаас дутахгүй оролцоод ирэхийн төлөө л мэрийнэ. Тэрний дараа л ажлынхаа тухай бодно доо. Гэхдээ миний мөрөөдөл барилгын инженер болох.
Д.Доржжигжид: Цаашид улам хичээж мэргэжилдээ жинхэнэ эзэн нь байж чадна гэдгээ амлая
Хавтанцар наах төрөлд өрсөлдсөн Д.Доржжигжид Барилгын политехник коллежийн техникчийн ангид сурдаг. Өмнө нь МСҮТ-ийн засал чимэглэлчний ангийг дүүргэсэн нэгэн аж.
-Яагаад ялагдчихав?
-Бэлтгэл муу байсан тал бий. Бас сая тэмцээний үеэр хавтанцар наах талбай хөдөлгөөнтэй савлагаатай байсан нь ажлын чанарт нөлөөлсөн. Хугацаандаа амжсан ч ажлынхаа чанарт сэтгэл дундуур байсан юм.
-“Монгол ур чадвар-2014” тэмцээнд оролцохдоо хийсэн ажлаас чинь хүнд байсан гэж үү?
-Хүнд байсан. Гол нь манай Монголд тойрог хэмжиж зүсэх багаж байхгүй. Биднийг Солонгост дадлага хийлгэхэд тэнд байсан багажнууд үнэхээр гоё. Тийм багажтай бол гэж атаархсан шүү.
-МСҮТ-д сурсан нь чамд хэр өгөөжтэй байна?
-Өгөөжтэй байлгүй яах вэ. Барилгын заслын янз бүрийн ажил хийж сурсан. Түүнийхээ ачаар энд тэнд хүмүүсийн захиалгаар ажил хийдэг. Тэр нь амьдралд ч хэрэгтэй байна. Би МСҮТ-д засал чимэглэлчнээр сурч төгсөөд одоо сургуульдаа техникчийн ангид сурч байгаа.
-Багш нар нь хэр их найдаж байсан бол?
-Түрүүлнэ гэж итгэж байсан байх. Гэхдээ бүх зүйл үүгээр дуусахгүй. Би цаашид улам хичээж мэргэжилдээ жинхэнэ эзэн нь байж чадна гэдгээ л багш нартаа амлая.
-Багш нь хэн бэ?
-Би анх Нарантуяа багшийн шавь болж байсан. Энэ тэмцээнд намайг Цэдэндолгор багш дасгалжуулсан. Багш нарынхаа ачаар ихийг сурсан. Цаашид ч сурна.
Г.НАРАН