Тариаланчид хаврын их ажилдаа гарах цаг ойртож байдаг, гэтэл өнөөх буудайн дажин дахин дэгдлээ. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нар дахин хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийгээд байна. Тэдний тайлбараар тариаланчид гурил үйлдвэрлэгчдээс 55 тэрбум төгрөгийн авлагатай, тариа тарихад 4000 тонн үр хэрэгтэй ч Хүнс хөдөө аж ахуйн яам эл асуудлыг шийдвэрлэх эсэх нь мэдэгдэхгүй байгаа, урамшууллын мөнгө олгосон гэж байгаа ч түүнээс суутгал хийсэн зэрэг нь тариаланчдын хувьд ажил эхлүүлэхэд санхүүгийн бэрхшээлтэй учруулжээ.
Дээр нь ОХУ-аас хэл ам дагуулан байж, импортоор оруулж ирсэн улаан буудайн цавуулгын хэмжээ 22-23 хувьтай гарсан нь Монголын тариаланчдын хураасан буудайнаас дээрдэхгүй гэнэ. Уг нь энэ асуудлыг эрт шийдэж болох байсан ч салбар хариуцсан яам нь хэдхэн нөхдөд толгойгоо мэдүүлснээс үндэсний тариаланчдын хураасан буудай үнэ цэнэгүй болж, амсах хохирол улам том тусч байна гэдгийг тэд мэдэгдэж буй юм.
Мөн Засгийн газар хэлсэн амандаа хүрээгүй. Улсад тушаасан нэг тонн улаан буудайнд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан ч 70 мянган төгрөг болгож танасан. Урамшууллын мөнгөний нийт хэмжээ 25 тэрбум төгрөг болсон ч түүнээс 6 тэрбум төгрөгийг суутгасан гээд яривал их зүйл бий гэнэ.
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийн тайлбарлаж байгаагаар урамшууллын мөнгийг танаснаас тэрээр гар дээрээ ганц төгрөг авч чадаагүй. Ийм байтал Хүнс хөдөө аж ахуйн яамнаас урамшууллын мөнгийг олгосон, авлага өглөг дууссан гэж тайлбарлах нь үнэнд нийцэхгүй гэж буй юм. Харин салбар хариуцсан яамны зүгээс сар шинээс урьтаж тариаланчдад олгох ёстой урамшууллын мөнгийг бүгдийг олгосон гэх тайлбар хийгээд байна. Мөн энэ хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 42 мянган тонныг нөөцөлсөн. Дутагдах үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн салбарт хадгалж буй үрийн буудайнаас гаргахаар төлөвлөсөн гэж байна.
Монгол улсын хэмжээнд 800 аж ахуйн нэгж тариалан эрхэлдэг бол 78 аж ахуйн нэгж гурил үйлдвэрлэдэг аж. Өнгөрсөн жил тариаланчдын хураасан буудайнаас 350 мянган тонныг нь дотооддоо шингээсэн ч 100 мянган тонн нь чанарын шаардлага хангаагүй тул 70 мянган тонн буудай импортлохоос аргагүй болсон. Сайн чанарын гурил үйлдвэрлэхгүй болохоор зах зээлд борлогдоггүй гэх тайлбарыг гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа бол Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооныхны зүгээс импортоор оруулж ирсэн буудай нь малын тэжээлийн дээд ангилал буюу гуравдугаар зэрэглэлийнх гэж тодорхойлж буй юм.
Тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, Хүнс хөдөө аж ахуйн яамны дунд үүсээд байсан энэхүү үл ойлголцлыг засах зорилгоор УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард тал, талын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулж байлаа.
Одоо тэдний байр суурийг хүргэе.
“Сүрдүүлгээр ажил явдаггүй юм”
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа:
-Цаашдаа зөвхөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулсан улаанбуудайнд урамшуулал олгодог болно. Ингэхгүй бол чанарын шаардлага хангасан, хангаагүй буудай тушаачихаад урамшуулал авах явдал тасрахгүй нь. Ер нь намайг ажил авахаас өмнөх хүмүүс хяналт шалгалтад сайн анхаарал хандуулж байгаагүй нь ажиглагдсан.
Тиймээс бүх талын төлөөллийг багтаасан улаанбуудайны чанарыг тогтоох комисс ажиллуулдаг болно. Үүний эхлэл болгож ажлын хэсэг гаргаад тариаланчдад бий гээд байгаа 40 мянган тонн улаанбуудайнд чанарын шалгалт хийе гэхээр буудайгаа үзүүлэхгүй байгаа. Ер нь Л.Цандэлэг тэргүүтэй тариаланчид арай хэтэрч байна.
Хүнийг хахууль авч байгаа мэтээр мэдээлэл хийж нэр төрд халдаж байна. Хувь хүний нэр төрд халдаад зогсохгүй төрөөс ямар ч дэмжлэг өгөхгүй байна гэх юм. Жишээ нь, Л.Чинбатын “Гацуурт” компани л гэхэд өмнө нь нэг тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байж Засгийн газраар баталгаа гаргуулаад хоёр тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа. Ийм байж төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна гэх хэрэггүй. Та нарын сүрдүүлэгээр ажил явдаггүй юм ш дээ.
“Буудай импортлох нь үйлдвэрлэлээ устгаж байгаа хэрэг”
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг:
-Монголын тариаланчид өнгөрсөн жил анх удаа тариа тариалаагүй, 55 жил тариа тариалсан. Харин Баатарсайхан нар эхлээд юу ярьсан гээч, “Монгол буудайны чанар муу байна” гэсэн. Буудайны чанар сайн болж батлагдсан чинь “Одоо хүрэлцээ муу байна” гэж бултаж байгаа байхгүй юу. Тэгээд ч буудайны цавуулгыг шалгах лаборатори бүх гурилын үйлдвэрт бий. Тухайн үедээ асуудал тавихгүй яасан юм. ОХУ-аас оруулж ирдэг буудай нь тийм сайн чанартай гэж бодож байна уу, үгүй шүү. Харин ч тэдний намар оруулж ирсэн буудай нь маш муу гэдгийг гаалийн баримт нотолдог юм. Хоёрт, Монгол Улс жилдээ 250 мянган тонн гурил иддэг, үүнийг үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай. Гэтэл Баатарсайхан “Монгол Улсын гурилын жилийн хэрэгцээг хангахад 450 мянган тонн улаан буудай шаардлагатай, 100 мянган тонн улаан буудай нэмж хэрэгтэй болсон” гээд импортоор оруулж ирсэнээ хамгаалах гээд бүхий л юмыг ашиглаж байна. ОХУ-аас буудай импортолно гэдэг үндэсний үйлдвэрлэлээ устгаж байгаа хэрэг шүү дээ.
“Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан:
– Монгол Улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн, буудайнд шилжүүлсэнээр 450 мянган тонн болно. Гэтэл тариаланчдын 2014 онд хураан авсан 350 мянган тонн таваарын буудайн 30-аад хувь нь цавуулгын шаардлага хангахгүй байгаа. Тодруулж хэлбэл, 100 мянган тонн улаан буудай цавуулгын чанар хангаагүй гэсэн үг л дээ. Тэгэхээр гурилын хэрэгцээгээ хангахад 100 мянган тонн дутаж байгаа биз дээ. Үүний тодорхой хувийг буюу 70 мянган тонн буудайг импортоор оруулж ирье л гэсэн. Ер нь гурил үйлдвэрлэгчид импортын буудай оруулж ирэх гээд байгаа нь 26 хувиас дээш цавуулгатай гурил үйлдвэрлэхийн тулд юм шүү дээ, оруулж ирсэн буудайгаа эндэх буудайгаа хольж гурил үйлдвэрлэдэг. Яагаад гэвэл манай тариаланчид 18 хувийн цавуулгатай буудай нийлүүлэхээр 21 хувийн цавуулгатай гурил л гарна. Бууз хийвэл ёроолгүй, талх хийвэл хөөхгүй. Тийм учраас төр нь зохицуулалтаа хийгээд дотоодын буудайн цавуулгын чанар хэд байна вэ гэдгийг судалж тогтоогоод шийдээд явж л байгаа асуудал.
Г.ДАРЬ