Э.Бат-Үүл: Үзэл санааны загваргүй ард түмэн тоглуулсаар дуусдаг

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Үзэл санааны загваргүй ард түмэн тоглуулсаар дуусдаг

Э.Бат-Үүл: Үзэл санааны загваргүй ард түмэн тоглуулсаар дуусдаг

Ардчилсан нам үзэл баримтлалаа шинэчлэн баталснаа 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж, баталгаажуулсан. Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэх ажил хоёр жилийн турш үргэлжилж, батлагджээ.

Шинэчлэн баталсан Ардчилсан намын үзэл баримтлалд  “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгэмд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна" гэж заажээ.

Мөн Ардчилсан нам эрхэм зорилгоо “Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш хариуцлагатай ардчилсан Монгол Улс” хэмээн тодорхойлсон байна.  Харин бодлого үйл ажиллагаандаа Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө, Улс төрийн эрх чөлөө, Шударга ёсны эрх чөлөө, Үндэсний эрх чөлөөг зорилгоо болгон хэрэгжүүлэх зорилт тавьжээ.

Энэ бүхнээ Ардчилсан намынхан өнөөдөр /2019.01.11/ гишүүд, дэмжигчиддээ танилцуулж, намынхаа шинэ дүрмийг улс орон даяар танилцуулах аян эхлүүлж байгаагаа зарлалаа.

Ардчилсан намын үзэл баримтлал ямар шалтгааны улмаас шинэчлэгдсэн. Цаашдаа тус нам бусад улс төрийн хүчнээс ялгарах гол онцлог нь юу байх вэ гэдгийг бид энэхүү үзэл баримтлалыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин болон бусад гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Х.Тэмүүжин: Зарчмаасаа ухрахгүйгээр явдаг лидерүүдийг гаргана

Сүүлийн жилүүдийн улс төрийн сонгууль болон олон юмнаас шалтгаалаад бүгдийг худалдаж авдаг, тохиролцож болдог гэдэг ёс зүйгүй зарчимгүй улс төрийн хандлага бий болж, улс төрийн намууд сонгогчдыг худалдаж авах гэж сонгуульд ордог боллоо. Худалдаж авахад мөнгө хэрэгтэй учраас нэг бол том олигарх бизнес эрхлэгчид намаа зарах, эсвэл сонгуулийн дараа очих төрийн албыг худалдах эсвэл төсвөөс хулгай хийх гэдэг сонголт руу ороод улс төрийн намууд бүгд төрийн авлигын эх үүсвэр болж хувирлаа.

Энэ байдал нь намуудыг гэмт хэргийн бүлэглэл шиг болгож, хамгийн том гэмт хэргийн үүр уурхай болгож байна. Тийм учраас олон нийт нам гэхээр үзэн ядаж байна.  Нам гээд үзэн ядахаар юу үүсэж байна гэхээр популизм үүсэж байна. Огцом хурдтай амжилтад хүрээд өнөөдөр эрх мэдэлд хүрч байвал маргааш юу хэлэх нь хамаагүй худлаа ярьдаг тайз болж хувирдаг. Ийм болоод ирэхээр улс төр сүйрч эхэлдэг. Улс төрийг яаж хариуцлагатай болгох вэ, яаж хэлсэндээ хүрдэг байлгах вэ, яаж өөрсдийгөө биш энэ улс орны төлөө ажилладаг, хэлсэн бодлогоо хэрэгжүүлдэг тэвчээртэй, тууштай болгож авах вэ гэхээр улс төрийн нам үзэл баримтлалтай л болох ёстой юм байна. Тэр үзэл баримтлалдаа захирагддаг, үзэл баримтлалынхаа дагуу бодлого боловсруулдаг болох ёстой юм байна гэдэг асуудал хөндөгдөж эхэлж байна.

Ардчилсан нам үзэл баримтлалаа яаж тодотгож байна вэ гэхээр 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийсэн. Ардчилсан хувьсгалын хамгийн гол зорилго нь нэгдүгээрт, Үндэсний эрх чөлөөний хувьсгал байсан. Энэ хувьсгалын үр дүнгээр манай улсыг тоглоомын улс болгоод эрх ашгаа өөр хэн нэг улсаар дамжуулж дэлхий нийт рүү илэрхийлдэг байсныг бид Монгол Улс гэж өөрсдийн нэрээрээ илэрхийлдэг болох боломжийг авсан.

Хоёрт, үндэсний эрх чөлөө гэдэг бол даргын эрх чөлөөн дээр биш хүн бүрийн эрх чөлөөн дээр суурилдаг юм байна. Тийм учраас Монгол хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой юм байна гэдэг үзэл санааг гол болгосон.

Хувь хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөө гэдэг хоёр зүйлийг гол хоёр үзэл санаагаа болгосон нам энэ 20 хэдэн жилийн турш явахдаа энэ хоёрыг хэрэгжүүлэхийн тулд гурван зүйл хэрэгтэй юм байна. Тэр нь эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө.

Энэ гуравгүйгээр хувь хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөө оршин тогтнодоггүй юм байна. Улс орон хүчирхэг эдийн засагтай байж хөгждөг, явдаг юм байна, хувь хүн ч гэсэн чинээлэг байж аз жаргалтай амьдардаг юм байна. Хувь хүн улс төрийнхөө хувьд эрх чөлөөтэй сонголттой байж, ардчиллын механизмаар улс орноо ямар байхыг шийддэг юм байна. Ардчилал оршин тогтнож байж, манай үндэсний эрх чөлөөний баталгааг олон улсын төвшинд хангаж байгаа юм байна.

Гуравт,  хувь хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг шаарддаг юм байна. Төр улс иргэн рүүгээ дайрч давшлах бус албан тушаалтнуудыг хуулийн дор оруулж ирж байж, иргэн төр хоёрыг шударга ёсны өмнө авчирдаг юм байна.  Тийм учраас энэ гурвыг хийж чадахгүйгээр хуулийн засаглал тогтоохгүйгээр, ардчиллыг тогтоохгүйгээр, чөлөөт зах зээлийг бий болгохгүйгээр, хувь хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөө алга болох юм байна гэдгийг ойлголоо. Тийм учраас Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөө гэдэг таван зарчмаас ухрахгүйгээр тууштай явдаг лидерүүдийг гаргана. Тийм бодлогыг бий болгоно. Тэрний төлөө нам зогсоно гэдэг санаагаа илэрхийлж байна.

Б.Бямбасайхан: Монголыг тойроод 3.8 тэрбум хүнтэй зах зээл байна

Татвар төлөгч та бүхний төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг мэдэж байгаа юу. 2000 онд улсын төсөв 350 тэрбум байсан бол өнөөдөр 2200 дахин нэмэгдсэн.

Олон улсын хэмжээнд гаргадаг судалгаагаар Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвараараа 62-т жагссан. Дэлхийн эдийн засгийн форумаас мөн гаргасан судалгаагаар 99-т Монгол Улс эрэмблэгдсэн, 93-т жагсаж байсан үе бий.

Төсвийн сахилга бат, татварыг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг харахад хамгийн бага оноо авсан. Энэ бол манай эдийн засгийг хойш татаж байгаа шалтгааны нэг юм.

Өмчийн эрхийг хамгаалах асуудал дээр муу байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг замын зураг энд гарсан байгаа.

Харилцаа холбоо технологийн салбар өндөрт эрэмбэлэгддэг.  Яагаад гэвэл Монгол Улс 1996 онд анхны хувийн операторыг харилцаа холбооны салбарыг нэвтрүүлснээр өнөөдөр дөрвөн компани өрсөлдөж, хамгийн хямд бөгөөд чанартай үйлчилгээг иргэд хүртэх боломж бүрдсэн.

Харин дэд бүтцийн салбарт Засгийн газар буюу төрийн оролцоотой салбарт Монгол Улс хойно жагсдаг. Бүс нутгийнхаа эдийн засгийн уялдаа холбоог интеграчлалд нэгдсэнээр цааш нэмэгдүүлэх бүрэн боломж байна.

Энийг яаж хүртээмжтэйгээр оролцоотойгоор томруулах вэ гэдгийг эдийн засгийн эрх чөлөөн дээр тусгаж өгсөн. Бүс нутгийнхаа эдийн засгуудтайгаа улам уялдаа холбоотой болж, дэд бүтцийн холболтыг сайжруулж байж Монголд бизнес эрхлэх зардал буурч, боломж нэмэгдэж, бүс нутагт Монгол хүн Монголдоо амжилттай бизнес эрхэлнэ. Монголыг тойроод 3.8 тэрбум хүнтэй зах зээл байдаг. Энэ том зах зээл дээр Монгол Улс оршин тогтнох боломжтой.

Ардчилсан намын үзэл баримтлалын 2.12-т Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бүх хэлбэрийг тууштай дэмжиж, хөрөнгө оруулагчдад учирч буй саад бэрхшээл хүнд суртлыг арилгана гэж заасан. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд маш товч бөгөөд тодорхой заалт юм, энэ бол.

Э.Бат-Үүл:  Баруун төвийн үзэл бол үндэсний үзэл

Ардчилсан нам үзэл баримтлалаа илэрхийлж байгаа нь цагаа олсон хэрэг.

Сүүлийн үед би нэг зүйлийг хараад сэтгэл маш их шимшрэх болсон. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хулгай хийсэн хулгайчтай тэмцье гэхээр л ард түмэн уухайлаад байх юм. Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүс нь авлигачидтай тэмцье гэхээр л тугаараа дэмжих юм. Энэ бол үзэл санааны загваргүй болчхоод юу ярьж, юу бодож байгаагаа ойлгох чадваргүй болсон хүмүүс юм.  Ийм ард түмэн улс төрөөр тоглуулдаг юм, тоглуулсаар дуусдаг. Яг энэ рүү явж байна.

Бид 1990 онд бид эрх чөлөөгөө олж авсан. Үүнийгээ 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Үндсэн хуулийн тэргүүн бүлэг  Монгол хүний эрх, эрх чөлөөнөөс эхэлдэг. Монгол хүний эрх, эрх чөлөөг хангах нь  төрийн үндсэн үүрэг гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монгол хүний эрхийн баталгаажуулалтын төлөө л төр байна гэж бичсэн байдаг. Монгол хүний эрх, эрх чөлөө байхгүй бол тусгаар тогтнол худлаа юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр монголчуудыг хар, дэлхийн хаана Монголын парламент шиг илэн далангуй парламент хаана байна. Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ингэж ил тод нээлттэй байж харагдаач. Эрх чөлөөтэй оронд нэг дутагдал байдаг гэнэ, тэр нь дандаа гомдол мэдүүлдэг. Эрх чөлөөгүй хүн бол хэзээ ч гомдол мэдүүлдэггүй.  Тийм учраас мэдүүлсэн гомдолдоо өөрсдөө согтоод бүх хүнийг уучлаад байгаа. Хэзээ ийм зоргоороо байсан юм.

Бид баялгийн хараал хүрсэн. Төрд байгаа энэ хүмүүс шударга ёсны төлөө тэмцээд байна гэж бодож байна уу, худлаа.

Б.Бямбасайхан хэлсэн 2000 онд улсын төсөв 300 тэрбум байсан бол өнөөдөр 18 их наяд болсон. Гэтэл эрх баригчид ядуурлыг бууруулах жижиг, дундын санг хусчихсан сууж байгаа. Хийсэн ажил нь ердөө л энэ. Энэ баялаг Монголыг ийм их орлоготой болгосон, тийм учраас энийг булаацалдаж алалцаад байгаа юм.

У.Хүрэлсүхийн шударга ёс, М.Энхболдын шударга ёс, Н.Номтойбаярын шударга ёс гээд олон шударга ёстой болсон.

1990 оны хувьсгалыг хийсний дараа гадаадынхан байгалийн баялаггүй байсан учраас ардчиллыг их амжилттай хийлээ гэж бичиж байсан. Үнэн. Тэр үед санал асуулга явуулахад иргэдийн 90 гаруй хувь нь ардчиллын төлөө байна гэдгээ илэрхийлж байсан. Одоо тэгтэл ардчилал гэж ярихаас ичээд байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин яаж яллаа.  Монголын малчид ардчилсан болчихсон байхад гэж оросуудын шарыг малтаж байгаад ялж байлаа.

Өнөөдөр та нарын олж өгсөн ардчиллыг ямар их гутааж байна, та нар яаж тэвчиж байна аа. Би ардчиллынхаа төлөө тэмцэж байгаа хүн олж харахаа байсан, аргаа барж байна.

Монгол хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө байдаггүй юм. Төр мангас байхыг үзсэн. Тийм төр удирдагчиддаа үйлчилдэг болохоос ард иргэддээ үйлчилдэггүй, залгидаг. Байгалийн баялагт төрийн оролцоо хязгаартай байх ёстой гэдгийг харуулсан. Төр бизнес хийдгээ болих хэрэгтэй.

Баруун төвийн үзэл бол үндэсний үзэл юм шүү. Том гүрэн бүлэглээд алалцаж болно. Масс томтой учраас байж л байна. Жижиг орон бол эрх чөлөөгөөрөө л дархлагддаг. Тийм учраас та нараасаа гуйя, ардчиллынхаа төлөө битгий ич. Та нар юу хийснээ ойлгооч, юу хийх гэж байгаагаа бодооч. Гарч тэмцээч. Бүгдээрээ талбай дүүрэн үзье.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж