Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн тангараг өргөх ёслол өчигдөр /2019.01.10/ болжээ. Тэрбээр Венесуэлийн эдийн засгийн гүн гүнзгий хямрал, олон улсын шүүмжлэл болон сонгуульд луйвраар ялсан гэх мэдээллийг үл хайхран хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байгаа нь энэ юм.
Н.Мадурогийн бусармаг үйлдлийг эсэргүүцсэн Вашингтон хориг арга хэмжээгээ дахин чангатгаад байгаа бол Канад болон Латин Америкийн хэд хэдэн улс орнууд түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Парагвайн Ерөнхийлөгч өчигдөр /2019.01.10/ Венесуэлээс дипломат харилцаагаа тасалж, Каракас дахь ЭСЯ-аа хааснаа мэдэгджээ.
Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз Канел, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес тэргүүтэй гадаадын улс орнуудын удирдагчид Каракаст болсон тангараг өргөх ёслолд оролцжээ. Н.Мадурогийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 94 улс орноос төлөөлөгчид ирсэн аж.
Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавес 2013 онд таалал төгссөний дараа хувийн жолоочоор нь ажиллаж байсан Н.Мадуро төрийн эрхэнд гарчээ. Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш Венесуэл улс төр, эдийн засгийн гүн хямралд орж, өргөн хэрэглээний бараа хомсдон, ядуурал нүүрлэснээр сүүлийн таван жилийн дотор 32 сая хүн амтай тус улсын 2.3 сая иргэн дүрвэсэн байна.
Газрын тосны асар их баялагтай Венесуэл улс нь цагтаа Латин Америкийн хамгийн баян орон байсан ч төрийн албан тушаалтнууд нь хээл хахуульд автсанаар хямралын үндэс тавигдсан аж.
Н.Мадурог дарангуйлагч, улс орноо мөхлийн ирмэгт авчирсан хэмээн олон улсын зүгээс шүүмжилдэг ч тэрбээр “Венесуэлд өмнө нь ч, одоо ч, ирээдүйд ч дарангуйлал байхгүй” хэмээн хэлжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд Н.Мадуро сөрөг хүчнийхээ нэр дэвшигч болон гишүүд дэмжигчдийг нь дарамталж, заримыг нь шоронд хорьсон байна. Н.Мадурогийн тэргүүлсэн социалист Засгийн газрыг унагаах оролдлого хэд хэдэн удаа гарч байсан юм.
Эх сурвалж: Синьхуа