«Азийн хаалга» хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 удаагийн үзэсгэлэнд зориулсан хэвлэлийн бага хурал ирэх нэг дэх өдөр буюу 11-р сарын 19-н өдрийн 12.00 цагт «Монгол ньюс» мэдээллийн төвд болно. Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ -ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, зохион байгуулагч болох «Бизнес Контакт» компанийн төлөөлөгч А.А.Сидоров, ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев, ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид, зэрэг компанийн төлөөлөгч, бизнесменчүүд оролцоно.
2018 оны 11-р сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд явуулах «Азийн хаалга» хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 удаагийн үзэсгэлэн болно. Үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх бөгөөд өдөр болгон өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл ажиллана.
Үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь ОХУ, Монгол улс хоорондын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаа бөгөөд энэхүү арга хэмжээг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам санаачилж «Бизнес Контакт» компани болон Монгол Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зохион байгуулна.
«Бизнес Контакт» компани нь «Азийн хаалга» аж үйлдвэрийн үзэсгэлэнгээ Монгол Улсад 2004 оноос хойш ОХУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж байгаа билээ. Энэ хугацаанд болсон 28 арга хэмжээнд Оросын 858 аж ахуйн нэгж, гол төлөв ОХУ-ын Сибирийн Холбооны тойргийн компаниуд оролцжээ. Тэдний 10 орчим хувь нь нэг удаагийн гэрээ хийж, эсвэл Монгол Улсын зах зээл дээр байнга ажиллах болсон.
Холбоотой мэдээ