Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Хэмнэлт ард үлдэв

Оросын иргэд худалдан авалт, үйлчилгээнд илүү их мөнгө зарцуулах болжээ

Оросын статистикийн газрын мэдээлж буйгаар энэ оны эхний есөн сарын байдлаар Оросын иргэдийн барааны таваарын болон үзвэр үйлчилгээний худалдан авалт 6.4 хувиар өсжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулахад энэ оны есөн сард жижиглэн худалдааны бүтэц өөрчлөгдөв. Тухайлбал, жилийн өмнө жижиглэн худалдааны эргэлтийн 48.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 51.9 хувийг – хүнсний бус бүтээгдэхүүн эзэлж байсан бол эдүгээ 46.7 хувь нь хүнс, харин хүнсний бус бүтээгдэхүүний эзлэх хувь нь 53.3 хүртэл өссөн байна. Нийтийн хоолны үйлчилгээний эргэлт 3.9 хувиар, төлбөртэй үзвэр үйлчилгээнийх 2.4 хувиар, тээврийн үйлчилгээнийх 6.7 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс кино, театр гэх мэт үзвэр их үзэж, такси хөлсөлж, гадуур хооллож, фитнес явах болов.

Эдийн засгийн дээд сургуулийн шинжлэх ухаан, судалгааны их сургуулийн (НИУ ВШЭ) Зах зээлийн судалгааны төвийн захирал Георгий Остапковичийн үзэж байгаагаар 2015 оноос хойш хэрэглэгчид үрэхээсээ илүү хуримтлах хандлагатай байсан буюу «хадгаламжийн загвар» давамгайлж байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс гэртээ хувцсаа угааж, зөвхөн шаардлагатай үед хими цэвэрлэгээнд хандаж, гоо сайхны салонуудаар явах тоогоо цөөлж, илүүдэл үйлчилгээнээс татгалзаж эхэлсэн. НИУ ВШЭ-гийн дэргэдэх  Маркетингийн дээд сургуулийн захирал Татьяна Комиссаровагийн хэлснээр, хүмүүс хамгийн хэрэгцээтэй зүйлсээ л худалдан авахыг хичээж байв.

Георгий Остапковичийн тэмдэглэснээр хүн амын орлогын 65 хувийг бүрдүүлдэг цалин нь хэдэн жил дараалан өсөж байна. Тухайлбал, энэ оны эхнээс Оросын статистикийн газрын мэдээлж буйгаар сарын цалингийн дундаж өсөлт нь 11 орчим хүрсэн нь эерэг динамик юм. Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ болон ашиг өссөнөөр төрийн албан хаагчдын ч, хувийн салбарынхны ч цалин нэмэгдэж, хүмүүс илүү их мөнгө олж, улмаар түүнийгээ шинэ бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулснаар үйлдвэрлэлтийг дэмжиж байна.

Оросын ардын аж ахуй, төрийн захиргааны академийн (РАНХиГС) Нийгмийн шинжилгээ ба таамаглал судалгааны хүрээлэнгийн захирал Татьяна Малева улирлын шинж чанартай үзүүлэлтүүд байдгийг сануулж байна. «Зуны улиралд хүмүүс амьдралынхаа түвшинг арай өөдрөг төсөөлдөг. Үр хүүхдүүддээ шинэ хувцас авч өгөөд, зуслан явуулахад амьдрал нь сайжирч, бүх зүйл сайн сайхан болсон мэт санагддаг. Гэвч намар болоход хүүхдүүд хичээл сургуулиасаа гадна төлбөртэй дугуйлан, биеийн тамирын секцэд явж эхлэхэд эцэг эхийнх нь мөнгө тэр болгон хүрэлцэхээ больж, эргэн зардлаа танахад хүрдэг», хэмээн шинжээч ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж