«Террористууд болон «Цагаан дуулга» байгууллагынхан Сирид хорт бодис хэрэглэн шинэ өдөөн хатгалгыг явуулахаар бэлдэж байна», хэмээн НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя 11-р сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр мэдэгдэв.
Түүний мэдээлснээр 10-р сарын 27-нд ОХУ-д хориотой «Туркестаны Лалын нам» террорист байгууллагын гишүүд тус улсад 10 литрийн багтаамжтай хлор агуулсан 20 контейнер авчирчээ. Харин «Цагаан дуулга»-ын төлөөлөгчид хуурамч видео бичлэгт тоглох хүсэлтэй орон нутгийн иргэдийг хайж байгаа ба ийнхүү жүжиглэсний төлбөрийг тэд хоол хүнсний зүйлээр хийдэг юм байна. Орон нутгийн иргэд энэ тухай Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх Оросын төвд сайн дураараа ирж мэдээлжээ.
Небензягийн хэлсэнчлэн, «Цагаан дуулгатнууд» Аазаз, Мареа, Чобанбей хэмээх Сирийн суурин газруудад канистртай хорт бодис болон кино зураг авах тоног төхөөрөмжүүдийг авчирчээ.
Оросын дипломатчийн үзэж буйгаар ийнхүү үйлдлээрээ тэд Дамаскийг химийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийг зөрчсөн хэмээн буруутгаж, Сирийн эсрэг цохилт өгөхөөр, мөн ОХУ-ыг хүнлэг бус дэглэмийг дэмжиж байна хэмээн зарлахаар зорьж байгаа юм.
Небензя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Оросын тал нөхцөл байдлыг хянаж байгааг онцлон тэмдэглээд, Идлиб мужийн цэрэггүй бүсийн ойролцоо цацрагийн, химийн болон биологийн тагнуулын тоног төхөөрөмж суурилуулсныг мэдэгдэв.
Холбоотой мэдээ