“Өнөөдөр л уухгүй юм шүү”

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

“Өнөөдөр л уухгүй юм шүү”

Тэд зорилго, зовлон нэгтэй тул архинаас татгалзаж чаддаг

“Өнөөдөр л уухгүй юм шүү”

“Энэ эмийг удаан уухад биед хэр зэрэг сөрөг нөлөөтэй вэ” хэмээн өвчтөн асуухад, эмч “Архинаас илүү биед хор хөнөөлтэй зүйл гэж байхгүй. Архины хамаарал бол яалт ч үгүй донтох өвчин тул үүнийг эмчлэхэд зориулсан ийм олон эм, тариа байдаг юм” хэмээн самбар дээр ярайтал бичсэн эм, тарианы нэрсийг заахад танхимд суугаа 10-аад өвчтөн нэрхийтэл инээлдэв.

Эмч үргэлжлүүлэн “өвчтөнүүд байнга л ингэж асуудаг. Нэгэнт л архи уух зуршлаа  дийлэхгүй бол эм уугаад ч болов явах хэрэгтэй. Гол нь өнөөдөр л ууж болохгүй юм шүү гэдэг уриагаа санах хэрэгтэй” гэлээ. Эмч хичээлээ зааж дууслаа. Өвчтөнүүд “Тариа нь ямар үнэтэй байдаг юм бол?”, “Хэр зэрэг сайн үйлчилдэг вэ?”, “Дараа гэр бүлтэйгээ ирж зөвлөгөө авч болох уу?” гэх зэргээр асуун эмчийг тойрон зогсов. Тэд архийг амьдралаасаа үнэхээр арчиж хаяя гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн болсон нь юутай сайн хэрэг вэ.

Архины хамаарал бол 17 төрлийн донтох өвчний нэг гэдгийг 21 хоногийн өмнө тэдэнд ийнхүү тайлбарласан бол хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй байсан биз.

Учир нь архины хамааралд орсон хүн өөрийгөө мэддэггүй. Зан авирын өөрчлөлтөө олж хардаггүй. Ойр дотнынхноо зовоодогоо ойлгодоггүй. Өөрөө өвчний үүр болж, амьдрал нь уруудаж байгааг мэдэрдэггүй. Тэд СЭМҮТ-ийн донтох эмгэгийн тасгийн өдрийн эмчилгээнд хамрагдаж, 21 хоногийн турш архины хордлого тайлах клиник эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн сургалтад хамрагдаж, бие болоод оюун санаагаараа эрүүлжээд байгаа юм.

Архины хамааралтай хүнийг оюун санаагаар нь эрүүлжүүлэх нь архинаас гаргах хамгийн үр дүнтэй эмчилгээ гэж дэлхий дахинд үздэг. Манай улсад ийм төрлийн эмчилгээг СЭМҮТ гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд өдрийн эмчилгээнд жилд 130 орчим хүн хамрагдаж, архины хамаарлаас гардаг байна. Эмчилгээний үр дүн 60-70 хувьтай байдгийг эндэхийн өөртөө туслах бүлгийн менежер Ж.Гижир ярилаа.

Гэвч архины хамааралтай хүний цаана 20-200 хүн давхар хамааралд орж, сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирч байдаг. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэргийн 30 гаруй хувь нь согтуугаар үйлдэгддэг гэсэн цагдаагийн байгууллагын албан ёсны тоон мэдээлэл бий. Тиймээс архидалт бол хүчирхийлэл. Бас бусад төрлийн хүчирхийлэл үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг адын муухай үйл. Гэвч архинаас гарах амаргүй. Маш олон гэр бүлд муу муухайг таригч архинаас гарах хамгийн үр дүнтэй эмчилгээний талаар бид сурвалжлахаар СЭМҮТ-ийг зорьж очсон юм.

АРХИЧИН ХҮНИЙГ ДАГААД ГЭР БҮЛ НЬ ӨВЧИЛДӨГ

Тойрч суугаа 10 хүний дунд нэг эзэнгүй сандал бий. Өдрийн эмчилгээнд хамрагдсан хүмүүс туслахыг хамгийн их хүссэн хэн нэгэндээ энэ суудлыг зориулдаг юм байна. Хар уснаас болж амьдралаа алдаж, гэр бүлээ гомдоож, хүчирхийлж байгаа хэн нэгнийг өөр шигээ адил оюун санаа, сэтгэл зүйгээрээ эрүүлжиж, эргээд гэрэл гэгээтэй амьдраасай гэсэндээ тэр.

Гэтэл өвчтөнүүдээс гурав нь хоосон сандалд ямар ч эзэн олж өгсөнгүй. Тэд “Гэр бүлээ яаая гэж байж юун хүн авчрах”, “Би ч хариад эхнэртэйгээ л учраа ололцвол болох нь тэр” хэмээн шулуухан хэлж орхилоо. Архийг идээний дээж, соёлтой хэрэглэж чаддаг гэж ойлгож явсан тэд нэг л мэдэхэд амьдралыг хамт туулна гэсэн хань ижил нь муухай ааштай, уцаартай нэгэн болж, үр хүүхэд нь сэтгэл зүйн эмгэгтэй, аз жаргалгүй болсныг энд ирэхээсээ өмнө ойлгоогүй явснаа хэлсэн юм. Архины хамааралтай хүний гэр бүл, ойр дотнынхонд тулгардаг энэ байдлыг эмч нар архины давхар хамаарал гэж нэрлэдэг аж. Хэрэв аав нь архи уудаг бол эхнэр, хүүхдүүдийнх нь итгэл алдарсан, хэлсэн үг нь чихнийх нь хажуугаар өнгөрдөг, хүйтэн хөндий харилцаа гэр бүлд нь ноёлдог.

“Тиймээс архины хамгийн үр дүнтэй эмчилгээ хийлгэсэн ч гэрийнхэн чинь та нарт тийм ч хурдан итгэхгүй. “За чи муу архичин дуугуй цаашаа” гээд хараавал битгий гомдоорой, битгий итгэл найдвараа алдаарай. Ийм болох эхлэлийг нь та нар өөрсдөө л тавьсан. Гэр бүл чинь эргээд та нарт итгэж, үгийг чинь сонсож, харилцаа хэвийн уур амьсгалтай болоход хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн эмч тайлбарлалаа.

ОЮУН САНААНЫ ЭМЧИЛГЭЭ Л ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ

Хэдийгээр наснаасаа овортой харагдах ч царай нь шингэрч, нүдэнд нь итгэл найдварын оч гялалзсан нэгэн залуу оюун санааны эмчилгээ бол архинаас гарах хамгийн зөв зам болохыг амьдралаараа мэдэрчээ. “Өмнө нь лам, бөөгөөр явж, спираль тавиулж, бясалгалд суусан ч хэсэг хугацааны дараа эргээд л архиа ууж эхэлдэг. Хэрэв архинаас гарч амьдралынхаа зөв замд орох үеийг төөрдөг байшин гэж төсөөлбөл зөв гарцаа олох ганц л гарц бий. Гэвч төөрүүлэх олон зам бий. Яг миний туулж өнгөрүүлсэн түүх шиг. Зам мухардаж, арга барагдах бүрт итгэл найдвар бөхдөг байсан” гэлээ. Тиймээс тэрбээр эхнэртэйгээ энэхүү өдрийн эмчилгээг нэлээд сайн судалж байж сонгожээ. “Яагаад гэвэл дахиад амжилтгүй болж, итгэл алдрах вий гэдгээс айсан. Гэр бүлийнхээ хүйтэн хөндий, үл ойлголцсон харилцаандаа цэг тавихын тулд архинаас ямар ч байсан гарах ёстой. Гэвч архинаас гарахад зөв замаа олох нь хамгийн чухал. Одоо бол өөртөө их итгэлтэй болж байна. Сэтгэл дотрохоо нээлттэй ярьж чаддаг болсон” хэмээн ярилаа.

  • Архины хамааралтай хүний цаана 20-200 хүн давхар хамааралд орж, сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирч байдаг. 
  • Хэрэв аав нь архи уудаг бол эхнэр, хүүхдүүдийнх нь итгэл алдарсан, хэлсэн үг нь чихнийх нь хажуугаар өнгөрдөг, хүйтэн хөндий харилцаа гэр бүлд нь ноёлдог байна. 
  • Улсын хэмжээнд бүртгэсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэргийн 30 гаруй хувь нь согтуугаар үйлдэгддэг.

Мөн өөр нэгэн өвчтөн “Анх ирэхдээ архийг идээний дээж учраас хэрэгтэй гэж ойлгодог, хөөрөөд л хэрэглэдэг байлаа. Би мужаан л даа. Хүмүүс ажил хийлгээд л дандаа архитай ирдэг. Тэд нарыгаа хувааж хэрэглээд л явдаг. Нэг мэдсэн чинь хэтрүүлэн хэрэглээд нэлээд хугацаа өнгөрчиж. Сүүлдээ би өөрөөсөө жигшсэн. Өвчний үүр болж, тахир дутуу эрэмдэг болчихвол хэн л намайг гэхэв дээ. Ёстой л ээж дээрээ очоод л чирэгдээд явна шүү дээ” хэмээв. Түүнээс архинаас болж гэр бүлийнх нь уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг асуухад “Гэр бүлд ч гэсэн их асуудал үүсдэг юм байна. Эхнэр маань эхэндээ архи уулаа, мөнгөө үрлээ гээд л зэмлэнгүй хэлдэг байсан бол сүүлдээ уур уцаартай, хөндий хүйтэн болсон. Хүү маань хүртэл хөндий болсон. Дуу цөөтэй, даруухан юм уу гэж ойлгохоор болчихдог юм байна. Шалтгааныг нь энэ эмчилгээнд хамрагдаж байж л ойлголоо. Аавыгаа архи уугаад байгаад бухимдаж, сэтгэл гутралд ордог юм байна. Надтай бараг харьцахаа больсон. Одоо уухаа больчихсон чинь гэр бүлийн уур амьсгал хүртэл эргээд гоё болж байгаа. Энд ирээд архинаас гарна гэдэгтээ итгээгүй. Эхний 10 хоногийг сэтгэл санаа тогтворгүй өнгөрүүлсэн. Гэхдээ удалгүй итгэл төрсөн. Тиймээс одоо амьдралынхаа төлөө зүтгэнэ. Сэтгэл санаа сэргэж, бие ч гэсэн хөнгөрөөд гоё байна” хэмээн итгэлтэй нь аргагүй ярьсан юм.

Архины хамаарал бол гэр бүлийн нуугдмал өвчин бас хүчирхийллийн хэлбэр. Хүмүүс гэр бүлийн нэр хүндээ бодоод архидалтын талаар хэзээ ч бусдад ярьдаггүй, дотроо шаналж явдаг. Тиймээс дэлхий дахинд 1394 онд анх үүссэн оюун санааны эмчилгээ гэр бүлийн бүх гишүүнд зориулсан хэд хэдэн төрөлтэй бөгөөд гэр бүлийн хүн, үр хүүхдэд зориулсан цуглаан 1948 онд үүссэн түүхтэй.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж