Францад өрнөж буй Шар хантаазтаны жагсаалын оролцогчид хоёр сарын турш жагсаал хийхдээ Францын хурд хэмжигч камеруудын 60 хувийг нь ажиллагаагүй болгосон тухай тус улсын Дотоод хэргийн сайд мэдээлжээ.
Жагсаалын нэн тэргүүний зорилго нь шатахууны үнийг дахин нэмэх эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэх байсан билээ. Тэд шатахууны үнийг нэмэх нь жирийн ард иргэдийн нуруун дээр маш хүнд ачаа болж байна гээд Засгийн газрынхаа эсрэг тэмцлийг өрнүүлж эхэлсэн бөгөөд найман долоо хоногийн турш үргэлжлээд буй тус жагсаалын зорилго нь одоо Францын улс төр, эдийн засагт томоохон шинэчлэлтийг хийх болж хувирсан байна.
Шар хантаазтанууд шатахууны үнэ нэмэгдэхээс гадна хурд хэмжигч камер нь тэдэнд дарамт учруулж, “мөнгийг нь сорж байна” гэж үзжээ. Тэд камеруудыг эвдлэн сүйтгэж, заримыг нь туузаар ороож, бичлэг хийх боломжгүй болгосон аж. Францад нийт 3200 орчим хурд илрүүлэгч байдаг боловч шар хантаазтанууд талаас илүүг нь ажиллагаагүй болгоод байгаа юм.
Францын Засгийн газраас өнгөрсөн жилийн эхээр машинуудыг засмал зам дээр 90 км/ц-аас дээш хурдлахыг хориглосон нь маргаан дагуулсаар иржээ. Жагсагчид шатахууны үнэ нэмэгдсэнээр амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болж байна хэмээн үзсэн бол хурд хэмжигч нь түүний адилаар мөнгийг нь “шулах” нэг хэрэгсэл болсон гэв.
Хоёр сар гаруй үргэлжилсэн жагсаал цуглааны хариуд ерөнхийлөгч Э.Макрон цалингийн доод хэмжээг өсгөж, татварыг хөнгөлөхөөр болсон нь нөлөөлж, жагсаалд оролцох хүмүүсийн тоо буурсан ч уур амьсгал нь улам ширүүн болж, долоо хоног бүр үймээн самуун дэгдээж байгаа нь сүүлийн хоёр сарын турш Францад тулгамдаад буй ээдрээтэй асуудалд болж байгаа юм.
Энэ долоо хоногийн эхээр Францын ерөнхий сайд жагсаал цуглаан оролцох үеэрээ нийгмийн эмх журмыг алдагдуулж байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцохоо анхааруулсан. Өнгөрсөн Бямба гаригийн /2019.01.05/ жагсаалын үеэр гэхэд л цагдааг зодож байгаа бичлэг нь цахим орчинд тавигдсан байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ