УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2019.01.11/ шууд-үдээс хойших-үргэлжлэл
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2019.01.11/ шууд-үдээс хойших-үргэлжлэл
Posted by MNB Монголын Мэдээ on Friday, January 11, 2019
Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, дэмжсэн билээ.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
-1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
-1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
-1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
-2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
-2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
-2007-2008, 2012-2014 онд Сангийн сайд
-1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.
Томилгоотой холбоотой гишүүд асуулт асууж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
Манай ах нар сайдын сураг дуулдахаар л гүйчихдэг. Ах нь сүүлийн удаа, төрийнхөө ажлыг явуулна гэж оччихоод л сарын дараа хүн танихаа больчихдог юм. Ч.Улаан гишүүн Ерөнхий сайдад хань болж чадах уу. Та өөрийгөө би боллоо гэж боддоггүй юм уу. Залуучууддаа боломж олгоё гэж боддоггүй юм уу. Ах нар намын эв нэгдэл, ноён нуруугаа мартчихсан. Өнгөрсөн жил сайд болсон гурван ахынхаа жишгээр л би ярьж байна. Та больчихоор юм дөө.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААН
Би Засгийн газарт орж ажиллая гэж саналаа хэлж байгаагүй. Ерөнхий сайд надад санал тавьсныг би хүндэтгэн авсан. Өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглаж Ерөнхий сайдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ
Долоон удаа сайдаар томилогдсон учраас ажиллаж чадах байх аа. Хичээж зүтгэнэ гэж хэлэх нь чамлалттай байна л даа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар зорилт нь хэрэгжихгүй байгааг хэлж өгөөч. Цаашдаа ямар бодлогыг илүү анхаарч ажиллах вэ. Хамгийн их тулгамдсан асуудал нь махны асуудал болоод байна. 66 сая мал тоолуулсан атлаа махны үнэ өсч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, НЭР ДЭВШИГЧ Ч.УЛААН
Хичээж зүтгэнэ гэхээр чамлалтай байж магадгүй. Бүхий л хүчээ дайчлан ажиллая. Томилогдоно гэснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Баталсан хууль, гаргасан тайланг уншиж танилцсан. Энэ салбар бол дэндүү том салбар. ДНБ-ий 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт анхаарч ажиллана. Нөөцөлсөн махны асуудлыг судалж үзнэ. Мөн махны үнэ өсч байгаа асуудлыг судалж, мэдье.
Мөн тэрбээр ЖДҮХС-гийн мөнгийг шилэн болгож, шинээр батлагдах хуулийн дагуу ажиллана. Мах, сүүний аян бол манай Засгийн газарт тусгагдсан зорилт, төсвөөс хуваарилагдсан хөрөнгө бий. Энэ хөрөнгөөр мах, сүүний ажлын чиглэлийг эрчимжүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг би өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэлээд судалсан. Та бүхэн маань дэмжиж ажиллаарай. Малын хулгайн асуудалд анхаарч ажиллахыг Ё.Баатарбилэг сануулсан юм. Тэрбээр надад шидэт саваа байхгүй учир бүгдийг ингэнэ, тэгнэ гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ би хичээн чармайн ажиллана. Малын хулгайн асуудалд онцгой анхаарч ажиллана. Малыг бүртгэлжүүлэх асуудалд төсөв мөнгө нь шийдэгдсэн асуудал байгаа. Өмнөх сайдын хийж хэрэгжүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлнэ” гэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүнсний ногоог 100 хувь дотооддоо хангаж ажиллахыг сануулсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өмнөх сайдын үед нэлээд ажил хийгдсэн. Энэ салбар бол Монгол Улсыг зуун зуун жил тэжээж ирсэн хамгийн чухал салбар. Тийм учраас би энэ салбарт Ч.Улаан гишүүнийг томилох саналыг тавьсан. Миний санал болгосон сайд сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна, дэмжиж өгөхийг хүсье гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан
Ч.Улаан гишүүнд залуу гишүүд их зүйл захиж байна. “Аавдаа адуу манахыг заадаггүй гэж монгол үг бий. Одоо бол хүү нь аавдаа адуу манахыг заадаг цаг үед бид амьдарч байгаа учраас үүнийг нь ойлгож байгаа. Би Ч.Улаан гишүүнийг сайд болж байхад нь юу ч хэлж байгаагүй. Хөдөө аж ахуйн салбар маш том салбар. Монгол Улсыг тэжээж байгаа энэ том салбарт очиж байна. Ч.Улаан гишүүн өмнө нь мөнгө санхүү гэсэн стратегийн салбарын чиглэлд ажиллаж байсан бол энэ удаад материаллаг үйлдвэрийн салбарт очиж байна. Гишүүд олон асуудал хэлж байна. Миний хувьд бэлчээрийн хуулийг онцолж хэлмээр байна. Малын тоо, бэлчээрийн даацын асуудал хүндээр хөндөгдөж байгаа шүү.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх буюу 94.5 хувиар дэмжигдлээ.
Үүгээр чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
УИХ нэр бүхий дөрвөн гишүүнээ авч үлдлээ
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
Дахиад нөгөө үгээ хэлэх гэж байна. ЖДҮ-чдийн асуудлыг хууль хяналтын байгууллага нь оруулаад ирлээ. Шударга ёс ярьдаг гишүүд нь хамгаалаад үлдэх шиг боллоо. Шударга ёсыг ярьсан нөхөд дандаа худал нөхөд юм байна гэдгийг бүгд харлаа. ЖДҮ-гийн хөрөнгийн хязгааргүй болгож, зээлийн хугацаа болон хэмжээг нэмэгдүүлж, сангийн хөрөнгийг дураараа зарцуулах эрхийг зориуд бий болгосон байна гэж харлаа. МАН эндээс санхүүжилтийнхээ суурийг босгосон юм байна. У.Хүрэлсүхийн дүүгээс эхлээд МАН-ын Нарийн бичгийн дарга, Засгийн газрын сайд нар, гишүүд нь ЖДҮ-гийн зээлийг авсан нь бүлэг хэрэг. Иргэдийн боломжийг хулгайлсан хүмүүсийг цээжээрээ хамгаалаад үлдлээ. Үнэхээр эмгэнэлтэй юмаа. Хаана байна, тэр шударга ёс. Шударга ёсны төлөө явахгүй гэдгээ өнөөдөр та нар нотолчихлоо. Одоо боль. Ард түмнээрээ дүнгээ тавиулж, УИХ-ыг тарааж ээлжит бус сонгуулийг зарлая. Монгол түмний толгой тархийг угааж худлаа шударга ёс ярьдгаа одоо зогсоо. Дахин хэлэхэд, УИХ тарь гэж урилмаар байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
Би Халдашгүй байдлын дэд хорооны ахмад гишүүддээ итгэдэг. Тэдний шийдвэрийг дагана. Харин Л.Болд мэтийн өвчтэй балай хүмүүсийг дагахаа больцгоо. Өөрөө ҮАБЗ-ийг хуралдуулж хэдэн мянган хүнийг талбай дээр мөнгө өгч цуглуулчхаад цуст мөргөлдөөнд өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гээд хэлж байгаа хүнийг шар хаданд очиж хэвтүүлээ. Л.Болд манай намыг хорлох үйл ажиллагааг л зориуд явуулж байгаа ш дээ. Ард түмнээр дүнгээ тавиулж, УИХ тар.
УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалт явуулж 71.4 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
С.Жавхлан: Та нараас ичиж байна, ширнүүдээ
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:
Мэргэжлийн хяналт дээр байсан Санхүүгийн хяналтыг Н.Алтанхуягийн Засгийн газар нүүрсний асуудал шалгалаа гээд яам дээр нь аваачаад өгчихсөн. Энэ нь тэгээд ийм байдалд хүргэсэн. Мэргэжлийн хяналт дээр байсан санхүүгийн шалгалтыг буцаагаад байгуулмаар байна.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
ХХААХҮ-ийн сайдыг яаралтай шийдье гээд бүх сайдуудаа оруулаад ирээч. Өчнөөн өдөр хүлээсэн ш тээ. Ийм утгагүй юмаа больё оо. Хоёрдугаарт, би М.Энх-Амгалан прокуророос асууя. Та 60 тэрбумын хэргийг шалгаж байна уу. Тэгвэл Ардын намын санхүүжилтийг шалгаач ээ. Зарим нэг нь өөрсдөө хулгайч мөртлөө хувьсгал хийнэ гэж солиороод байгаа юм. Би тийм биш.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН:
Би оруулж ирсэн гишүүдийнхээ асуудлыг яримаар байна. Жаран тэрбумын асуудал дээр прокурор тэр яриаг эвлүүлэг биш гэж үзсэн. Гэхдээ яг мөнгөө өгөөд албан тушаал дээр очсон, хэрэгжсэн баримт бол байхгүй байгаа юм. Прокуророос энэ бол эвлүүлэг биш, гэхдээ хэрэгжсэн тохиолдол батлагдаагүй юм байна гэж үзээд хаасан. Гэхдээ ТЕГ-аас энэ хэргийг дахин шалгаад эхэлсэн.
Т.Ганболдын ярьсны мөрөөр шалгаад явж байна. Тохиролцоод байсан юм шиг, айлгаж дарамтлуулсан юм шиг, андуурчихсан юм шиг янз янзаар яриад явдаг юм байдаг юм.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
950 саяар гишүүдээ худалдаад авсан засаг нь УИХ-ын бүрэн эрхэнд халдаад сууж байна. Та дараагийн гишүүдээ оруулж ирэх хэрэг байна уу, оруулж ирэх юм уу.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН:
Та нар эс өгсөн ч бай, хамаагүй. Би дараа дараагийн хүнийг оруулж ирнэ ээ.
УИХ-ЫН ГИШҮҮНЦ.ДАВААСҮРЭН:
Жижиг дунд үйлдвэрийн ярьж байгаа асуудал зөв. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл байдаг юм. Хуулийн өмнө тэгш гээд гоё юм гаргаад ирчихсэн. Тэднийг хөнгөлөлттэй зээл авч болохгүй гэж ямар ч хуульд байхгүй. Нөлөөлж уу, хамаарал бүхий этгээдэд авч өгч үү гэж.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР:
Барилгын чулууны бизнес хийх гэж зээл авсан юм билээ. Надад бол түдгэлзээд шалгуулахад буруудах зүйл байхгүй. Бүх хүмүүсийн өмнө эвгүй байдалд орж байна. Цааш цаашдаа бодох ёстой юм байна. Янз бүрийн бичиг гаргахгүй байхыг анхаарна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН:
Түүхэнд байгаагүй хар хурал болж байна. Дандаа шөнө хуралддаг, дандаа хууль бус зүйл хийдэг. Есөн удаа хуралдахгүй байсан чуулган 10 дахь өдрөө шөнө дөлөөр хуралдсан. Нэг хэсэг нь УИХ-ын даргаа, нөгөө хэсэг нь гишүүдээ чөлөөлье гэж хэрүүл ярьсан ийм заваан чуулганд суухыг би хүсэхгүй байна. Энэ дөрвөн гишүүн шир цаашаа болчихсон. Өөрсдийг нь ярьж байхад нь яриулмааргүй байна. Өнөөдөр өвчлөл ямар их байна гээч, утаа,ядуурал гамшгийн хэмжээнд хүрч, хүүхдүүддээ тэвэрсэн ээж нар уйлж байна. Эдгээр асуудлуудыг шөнийн дөрвөн цаг хуралдъя. Хэзээ Ерөнхийлөгч нь хуралдах вэ. Гэтэл энэ бүхнээс давсан үнэ цэнэтэй зүйл нь та нарын сандал суудлын асуудал болж хувирчхаад байна. Яасан ичдэггүй юм бэ. Та нар бүгд зайлцгаа. Та нарт хуурагдаж байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд, утаанд хорсоод сууж байгаа залуу хүмүүст наад суудлаа өг. Монголд хэрэгтэй асуудлыг шөнө дөл хүртэл хуралддаг байгаач. Та нараас ичиж байна, ширнүүдээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалт явуулж 73.7 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байна.
С.Эрдэнэ: УИХ хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллах юм уу?
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцмээр байна. Талбай дээр олон хүн ирчхээд хүлээгээд байна. ЖДҮ-гийн асуудал яахав, энд ирсэн хүмүүсийг ингэж дутуу үнэлснээс болж амаргүй байдал үүсч магадгүй шүү. Энэ олон хүн зүгээр нэг ирсэн юм биш.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
-Шударга ёс ярьсан. Жүжиг тавьсан энэ үйлдлээ болиосой. Л.Оюун-Эрдэнэ чи ЖДҮ-гийн луйварчин шүү. Өнөөдөр нэг их худлаа цээжээ дэлдсэн баатар болсон. Луйвар хийсэн хүмүүс чинь байж л байгаа. Тэгж ярих юм бол ЖДҮ-гээ эхлээд шийдье. Хууль батлах эрх чинь хэнтэй ч үл хуваалцах УИХ-ын бүрэн эрх. ҮАБЗ үүрэг өгдөг газар болсон юм уу. Нэг хүний шантааж хийгээд. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ шүү гэх. УИХ хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллах юм уу. Ямар муухай тэвчээргүй залуу вэ. Чи хүнд заадаг хэн юм бэ. УИХ чинь хууль тогтоох дээд байгууллага Монгол Улс чинь парламентын засаглалтай орон. Монгол Улсын Ерөнхий прокурорын оруулж ирсэн асуудлыг шийдээд явуул л даа. Нууц санал хураалт нэртэй бүгд ЖДҮ-чидээ авч үлдээд, хэсэг бүлэг хүмүүсийн шоу нэртэй юм зохион байгуулаад явах хэрэггүй.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:
ҮАБЗ-ийн шийдвэр бол зөвлөмж байна. УИХ бол ҮАБЗ-ийн зөвлөмжийг яг таг шийднэ. Эцэслэн батална гэдэг бол УИХ-ын Дэгийн тухай хуулиар шийдэгдээд явна. Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулъя гэсэн шүү дээ. Та нар орж ирээгүй шүү дээ.
Ингээд Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр Эрүүгийн хуулийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тул УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх өгөхийг хүслээ.
Л.Энхболдыг УИХ-ын гишүүдийн 67.2 хувь нь хамгаалж үлдлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН
Би бол ЖДҮ-ээс биш томоосоо эхлүүлье гэж бодож байна. ЖДҮХС-г сайд шууд шийддэг юм биш. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олгогддог зээл гэлээ. Миний хамаарал бүхий компани ороогүй, би АТГ-г дуудахаар очдог гэж гишүүд яриад байна. Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гишүүд ороод ирэв ээ. Ямар томьёолол дээр авч үлдье гээд, ямар үед нь аваад яв гэдэг юм бэ.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ
-Хүн алахад хутга багаддаггүй, хахуул өгөхөд хөрөнгө жижигддэггүй. Том, бага гэж хэргийг ялгах шаардлагагүй. Хэрэг бол хэрэг. Ардын засаг бол ЖДҮ-чин засаг. Ардын нам бол ЖДҮ-чин нам. Хүн чанар гаргаад бие биеэ аваад үлдэж болно. Гэхдээ хүмүүжилгүй байна. Би шалгаад өгье, улс орныхоо хохирлыг барагдуулаад өгье гээд хуулийнхан асуудал ороод ирлээ. МАНАН-г зүхэж суухаар нэг ширхэг лаа асаа. Тиймээс шударгаар шалгуул. Энэ хүмүүсээ шалгуулаад гэм буруугүй гэдгээ тодруулаад ирэг. Намынхаа хэрүүлийг төрийн хэрүүл болгоод байх хэрэггүй. Маш энгийн асуудал байна ш тээ. Зээл авсан уу авсан, мөнгө угаасан уу угаасан. Үр, хүүхэд хань ижилдээ авч өгсөн үү, өгсөн. Гэм буруутай юу гэж энэ хүмүүсээс асуух ч шаардлагагүй. Одоо бол УИХ-ын гишүүн гэх бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгуулах асуудлыг яриад байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА
Орлого багатай иргэдийг жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг хаасан үйлдэл. Одоо энэ хардалт сэрдэлтээ боль. Энэ М.Энхболд гэдэг хүн үүрэг өгөөд үүнийг оруулж ирж байна гэж хардаад улам хагарал яваад байна. Энэ дөрвөн гишүүнийг түдгэлзүүлээд шалгуулах ёстой гэсэн байр суурин дээрээ байгаа. Олон он сар дамжсан гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа. Энэ бүхнийг шалгаж байгаа гэж прокурор хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА
Өнөөдөр бол зөв зүйтэй юм ярьж байна. 2008 онд жинхэнэ МАНАН эхэлж, стандарт бус нэртэй Засгийн газар байгуулагдаж байсан шүү дээ. Засаг төрд ажиллаж байгаа хүмүүс Монгол Улсынхаа эсрэг ажиллаж болохгүй гэдэг том дохио шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Албан тушаалаа урвуулан ашиглана гэдэг гэмт хэрэг юм байна гэдгээ өнөөдөр ойлгож авлаа. Ш.Раднаасэд гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Бүлэглэл байгааг прокурор та хүлээн зөвшөөрлөө. М.Энхболд даргын асуудлыг оруулаад ирээч. Тэгвэл маш их итгэл төрнө л дөө. Энэ парламент Монголын түүхэнд үлдэж магадгүй шүү. Яагаад гэвэл ингэж ярьж байсан парламент байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ
Хуулийн шинэчлэлийг эхлүүлье л дээ. Түрүүнд олон бүлэглэл ярьсан. Мафи гэхээ больё, бүлэглэл гэсэн. ЖДҮ чинь энэ бүлэглэлүүдийн нэг ш тээ. Тиймээс О.Баасанхүүгийн хэлснээр шалгадаг процессыг нь гаргаж өгье. Шинэчлэл эндээс эхэлнэ.Аливаа асуудал жижиг юмнаас эхэлдэг. Аливаа асуудал алхам тутамдаа цэвэршиж байж зөв болж байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБОЛД
Санг зөв зохистой хөгжүүлэхэд энэ бол нэлээд том сургамж болж байгаа байх. Дөрвөн жил дуусах гэж байхад Эрдэнэттэй холбоотой асуудлыг цэгцэлмээр байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ
ЖДҮХС-гийн асуудлыг нарийн шалгах ёстой юм байна. ЖДҮХС-ийн зориулалтыг өөрчлөх ёстой юм байна. ЖДҮХС-гийн зээл жинхэнэ эзэндээ яг хүрвэл ашигтай зээл ээ. Прокурорын байгууллагыг ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна. Харин ч том, том хэргүүдийг тодорхой байдлаар авч хэлэлцэж байгааг сонслоо.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ
Энэ бол олон хүнд сургамжтай. Намаар дамжиж албан тушаалд очдог хүмүүст сургамжтай. Нөхцөл байдал өөр болчихлоо. Хууль хэрэгждэг болжээ. Урьд нь нөхцөл байдал өөр байсан. Мэдээлэл ил тод биш, хууль хэрэгждэггүй байсан. Төрийн данс даваа, зарцуулалт бүгдэд хаалттай байсан. Шилэн дансны тухай хууль, Төрийн нэгдсэн сангийн тогтолцоо, Хөрөнгө орлогоо мэдүүлдэг байсан хууль, сошиал медиа, Улсын ерөнхий бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулснаар бүх юм ил тод болсон. Юмыг нуугаад хаагаад хуйвалдаад явж болохгүй юм байна гэдэг бололцоо боломжийг бүрдүүлсэн. Баталсан хуулиа уншдаггүй, хуулиа мэддэггүй байж болохгүй биз дээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар нууц санал хураалт явуулж 67.2 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Зохион байгуулалттай мафи байна
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хэлэлцүүллээ.
Улсын ерөнхий прокуророос танилцуулсан үндэслэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж, 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
Халдашгүй байдлын дэд хорооноос асууя. Хэрэв гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хойшлуулж байгаад ч хамаагүй бүгдийг оруулдаг л даа. Гэтэл өөр өөр компани, өөр өөр зориулалттай авсан байхад Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан хууль зүйн үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Сэтгэл хөдлөлөө хоёрдугаарт тавиарай. Хуулийн байгууллага ажиллаж байна уу, үгүй юу янз бүрийн л хэргүүд дуулдах юм. Эдгээр хэргүүдийг шалгаж байгаа юм уу. Явц нь ямар байгаа юм. Яг ямар асуудалд энэ хүмүүс УИХ-ын гишүүн байснаар бүрэн эрхэд нь халдаад байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ
Хамгийн сүүлийн ноцтой өргөдөл өчигдөр /2019.01.10/ надад ирсэн. Би ноцтой, ноцтой өргөдлүүдийг хууль шүүхийн байгууллагад нь шилжүүлсэн. Өмгөөлөгчдийн эрхэд халдсан асуудлаар ч өргөдөл ирсэн. Мэдүүлэгтээ энэ гишүүд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Өөрсдөөс нь асуухаар нэг удаа дуудахад нь очиж мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Ерөнхийлөгч тав дахь өдөр хуулийн төсөл оруулж ирсэн бол хоёр дахь өдөр дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал орж ирэнгүүт хардлага эхэлсэн.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж яримаар байна. Хууль зүйн сайд нь өөр юм ярьж байхад би бүр өөр юм ярина шүү дээ. Хууль зүйн сайд нь ингэж ярих нь буруу. Ирж байгаа өргөдлүүдийг хүлээн авч, шалгаж байгаа. Хэргийг хэрэг биш болгох гэж байгаа хүмүүсийг ч шалгаж байгаа. Шалгагдаж байгаа хэргийнхээ талаар мэдээлэл өг гэж надад хэлэх юм. Үүний эсрэг би хатуу зогсдог. Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахын өмнө АТГ-ынхан өмнөх өдөр нь гарч ирээд мэдээлэл хийсэн. Энийг би гудамжнаас жирийн хуульч хүний хувьд харж суухдаа үнэхээр болчимгүй юм даа гэж бодсон. УЕП болоод би энэ үйлдлийг хаасан. Та бүхэн ажиглаж байвал одоо хэн нэгний нэрийг дурдсан мэдээлэл огт гарахгүй байна. Мэдээлэл хийхдээ шалгаж байгаа, УЕП-ын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө гээд орхидог. Миний үед хүний нэр төр дурдаж хэргийг олон нийтэд ярихгүй шүү гэдгийг би прокурор болсон даруйдаа хэлж байсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шалгагдаж байгаа хүний тухай ярих нь хууль зөрчсөн үйлдэл. Гэм буруугүйн зарчим гэж хамгийн том зарчим бий. Л.Энхболд гишүүн тайлбараа өгсөн. Нарийн сайн шалгаж байгаа. Бүрэн эрхтэй дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй байгаа учраас түдгэлзүүлж өгөөч гэдэг саналыг оруулж ирсэн. Үүнийг та нар сайн мэдэж байгаа байх. Хуулийн байгууллага боломжит бүх зүйлийг ашиглаж шалгадаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН
Өрөө дарах гэж зээл авсан юм байна. Та өртэй байгаад зээл авч өрөө дарсан юм уу, эсвэл өртэй компанийг бэлгэд авчихсан юм уу. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байгаа юм уу. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очихгүй байгаа юм уу. Зээл аваад өрөө төлсөн гэж ойлгогдож байгаа. Өөрөө нүүрсний асуудлыг анх оруулж ирснээр өс хонзонгийн асуудал бий болсон гэх мэдээлэл ч байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн юм уу. Эсвэл байцаагдаж байгаа юм уу.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд би саад болоогүй. Дуудсан цагт нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрийн зүгээс мэдээллүүдийг хангалттай өгсөн. ЖДҮ-гээс зээл авсан компанийг би мэдэхгүй. Хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь би мэдэхгүй. Нүүрсний асуудлыг би АТГ-т өгөөд жил болох гэж байна. Одоогоор ахицтай зүйл гараагүй, шалгаж байгаа гэж ойлгосон. Буруу зүйлээр оролдож байна гэдгийг өмнө нь надад хүмүүс хэлж байсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ
Бөөнд нь оруулж ирье гэх юм. Сүргээр нь шалгах гэж байгаа юм уу.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН
Алиных нь нөхцөл байдал түрүүлж тогтоогдоно тэрийг нь оруулж ирдэг. Бөөнөөр нь оруулж ирэх шаардлагатай бол мөрдөн байцаагчийн хүсэлтээр оруулаад ирж болно оо. Тус тусдаа явах ёстой юм л даа. Тус тусдаа үндэслэлтэй хэрэг юм шүү дээ. Б.Батзориг сайдын хэлсэн шиг үнэхээр тийм шударгаар явсан бол өдөр шөнөгүй төрийн мөнгийг ийм зүйлд зармааргүй байна. 40-50 мөрдөн байцаагч зөвхөн ЖДҮ-г шалгах гэж хоёр сар ажиллаж байна. Хүн хүч хүрэхгүй байна аа. Энийг яриад суухын оронд Оюутолгой, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг шалгаад суумаар байлаа. Гэвч тийм биш байсан учраас оруулж ирсэн юм. Зарим нь шалгалтын дараа ална, хядна, гишүүн шалгадаг чи хэн бэ гэж ярьсан байна лээ. Би энэ талаар дараа оруулж ирэхдээ ярина. Зарим нь ямар нэг хамааралгүй гэдгээ ирж шалгуулаад, баярлалаа, баяртай болоод салсан байна лээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ
Хэргийг ярихгүй прокурорыг л шалгаад байгаа юм шиг байх юм. Та ер нь ажлаа хийж байгаа юм уу. Бүгдэд нь 950, 950 сая төгрөгийг шагнал ч юм уу ижил дүнтэйгээр олгосон гэж сонссон. Энэ тохиолдолд бүлэг хэрэг болох юм биш үү. Талбай дээр өчигдөр /2019.01.10/ уйлж байсан гишүүд өнөөдөр чуулгандаа алга. Та нар чуулгандаа сууж асуудлыг хэлэлцэхэд оролцооч. Мафижсан төр болчихсон гэж ярих боллоо, та үүнд хариулт өгөөч.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН
Миний ажилд саад болж байгаа зүйл байхгүй. Бүлэг хэрэг гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй учраас би хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ мөнгийг надаас илүүтэй та нар сайн мэднэ. Хэрэв нотлогдвол би энэ асуудлыг оруулж ирнэ. Зохион байгууллагатай мафи байгаа нь харин үнэн шүү. Улсын төсвөөс нийлж авдаг гэх мэт. Би үүнтэй хатуу тэмцэнэ. Өнөөдөр цаг нь болсон. Юм бүхнийг дарах гэсэн цаг нь өнгөрсөн. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдах ёстой гэдгийг нийгэм ч шаардаж байна. Би ч үүнийг хангаж ажиллана. Та бүхэн дэмжээрэй
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ
Хуулийн сайд байсан хүн ийм ёс зүйгүй зүйл яриад байж болохгүй гэж Улсын Ерөнхий прокурор хэлж байна. Гэхдээ гэм буруугүй нэг ч хүнийг шийтгэж болохгүй ээ гэсэн алтан зарчим бий шүү. Энэ бол дэлхий нийтийн зарчим. Энэ зарчим зөрчигдсөн учраас би Их хурлын гишүүний хувьд, УИХ-ын дэд дарга байхдаа С.Зоригийн хэргийн асуудлыг ярьсан. Би энэ зарчмаасаа ухрахгүй. Ямар ч дарамт шахалт ирсэн байлаа гээд хамаагүй. Ерөнхий прокурор цаашдаа энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Би долоон намын дарга, долоон прокурор, долоон төрийн нүүр үзсэн шүү. Энэ яригдаж байгаа хэргийн захиалагчаар нэг хүнийг татаад удалгүй хэргийг хаачихсан шүү дээ. Тэрийг чинь мафи гээд байгаа юм. Мөнгө эрх мэдэл, хууль хяналт нэгдэхээрээ биежсэн хэлбэрт шилжсэн мафи болдог. Би үг гэнэдэж хэлэхгүй. Хэлье гэснээ хэлнэ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ш.АДЪЯАМАА
Б. Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж УИХ-ын олонх шийдлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УЕП-оос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэр бүхий гишүүд авсан зээлээ зориулалтын бус зарцуулсан, мөнгө угаасан байж болзошгүй асуудал мөрдөн шалгалтын явцад илэрсэн талаар тайлбарлаад буй юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ:
Засгийн газрын тогтоолоор зээл олгодог. Энэ журмын дагуу зээл олгодог. Монгол Улсын Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэгчээ дэмжье гэсэн. Зээл бол хуулийн дагуу журмын дагуу олгогдсон. ЖДҮХС-гаас төсөл авах хугацаа зарладаг. Төслийн сонгон шалгаруулалтыг хороо хуралдаж, шийдвэрээ гаргадаг. 2009 оноос ЖДҮХС-гаас 9,2 тэрбумын асуудал зарцуулагдсан. Зорилготой зээл юм.
Жижиг дунд үйлдвэрлэгчээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс сайд тушаал гаргаад хэн нэгэнд мөнгө олгочихдог мөнгө биш.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:
–Надад хууль хүчнийхнийг дарамталсан асуудал байхгүй. АТГ-аас дуудсан үед нь би очиж хоёр цаг гаруй асуусан асуултад нь бүрэн дүүрэн хариулсан.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:
-ЖДҮХС-гаас олгох зээл хууль журмын дагуу зөв хүндээ очоогүй гэдэг асуудал нийгмийн бухимдуулсан. Зөвхөн 2017, 2018 онд гараад ирсэн юм биш. Арваад жил болж байгаа юм. Энэ асуудал гурван сарын өмнөөс гарч ирсэн. Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудал үүссэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн эрх мэдэлтэй албан тушаалтнууд дээрээсээ эхлээд дээд, дунд, доод албан тушаалтнууд үүргээ биелүүлэхэд хүргэх болов уу гэж харж байгаа. ЖДҮХС бол зүгээр зээлтэй ижилхэн юм биш. Төрөөс иргэдээ ажилтай, орлоготой байлгах гэж жилдээ 3 хувийн хүүтэй олгодог зээл юм. Прокуророос тодорхой хэдэн зүйл асуумаар байна. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцсан. Ерөнхийлөгчөөс УИХ-д оруулж ирсэн асуудал. Сүүлийн таван сар яагаад УИХ-ын даргыг хууль бусаар унагаах асуудал ярьсан. УИХ-ын дарга АТГ, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилгоо хийдэг гэсэн асуудал яригдаад байгаа. Та яагаад Ерөнхийлөгчийн төслийн дараа үүнийг оруулж ирж байгаа юм бэ. Яагаад үүнтэй зэрэгцэж байгаа юм бэ гэдгийг та оруулж өгөөч.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН
-Ерөнхий прокурорын асуудлыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-д оруулж ирсэн. Намайг томилоход М.Энхболд гэдэг хүн УИХ-ын дарга байгаагүй. Би энэ хүний үгээр хөдөлдөг ч хүн биш.
Урьд нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та бүхэн хурлаа хийхгүй, ирц чинь бүрдэхгүй байсан шүү дээ. Хурлаа хийчих болов уу, төрийн ажил гацаагүй явчих бол уу гэж нэлээд удаан харлаа ш тээ. Тэгээд хурлаа хийх боллоо гэж та нар зурагт радиогоор яриад байсан шүү дээ.
Хууль хяналтын ажлыг та нар битгий улс төр болгооч. Хуулийн байгууллага нь ажлаа хийгээд, хянадаг юмаа хянаад оруулж ирж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ:
Засгийн газрын тогтоолоор зээл олгодог. Энэ журмын дагуу зээл олгодог. Монгол Улсын Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэгчээ дэмжье гэсэн. Зээл бол хуулийн дагуу журмын дагуу олгогдсон. ЖДҮХС-гаас төсөл авах хугацаа зарладаг. Төслийн сонгон шалгаруулалтыг хороо хуралдаж, шийдвэрээ гаргадаг. 2009 оноос ЖДҮХС-гаас 9,2 тэрбумын асуудал зарцуулагдсан. Зорилготой зээл юм.
Жижиг дунд үйлдвэрлэгчээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс сайд тушаал гаргаад хэн нэгэнд мөнгө олгочихдог мөнгө биш.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:
Надад хууль хүчнийхнийг дарамталсан асуудал байхгүй. АТГ-аас дуудсан үед нь би очиж хоёр цаг гаруй асуусан асуултад нь бүрэн дүүрэн хариулсан.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:
ЖДҮХС-гаас олгох зээл хууль журмын дагуу зөв хүндээ очоогүй гэдэг асуудал нийгмийн бухимдуулсан. Зөвхөн 2017, 2018 онд гараад ирсэн юм биш. Арваад жил болж байгаа юм. Энэ асуудал гурван сарын өмнөөс гарч ирсэн. Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудал үүссэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн эрх мэдэлтэй албан тушаалтнууд дээрээсээ эхлээд дээд, дунд, доод албан тушаалтнууд үүргээ биелүүлэхэд хүргэх болов уу гэж харж байгаа. ЖДҮХС бол зүгээр зээлтэй ижилхэн юм биш. Төрөөс иргэдээ ажилтай, орлоготой байлгах гэж жилдээ 3 хувийн хүүтэй олгодог зээл юм. Прокуророос тодорхой хэдэн зүйл асуумаар байна. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцсан. Ерөнхийлөгчөөс УИХ-д оруулж ирсэн асуудал. Сүүлийн таван сар яагаад УИХ-ын даргыг хууль бусаар унагаах асуудал ярьсан. УИХ-ын дарга АТГ, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилгоо хийдэг гэсэн асуудал яригдаад байгаа. Та яагаад Ерөнхийлөгчийн төслийн дараа үүнийг оруулж ирж байгаа юм бэ. Яагаад үүнтэй зэрэгцэж байгаа юм бэ гэдгийг та оруулж өгөөч.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН
Ерөнхий прокурорын асуудлыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-д оруулж ирсэн. Намайг томилоход М.Энхболд гэдэг хүн УИХ-ын дарга байгаагүй. Би энэ хүний үгээр хөдөлдөг ч хүн биш.
Урьд нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та бүхэн хурлаа хийхгүй, ирц чинь бүрдэхгүй байсан шүү дээ. Хурлаа хийчих болов уу, төрийн ажил гацаагүй явчих бол уу гэж нэлээд удаан харлаа ш тээ. Тэгээд хурлаа хийх боллоо гэж та нар зурагт радиогоор яриад байсан шүү дээ.
Хууль хяналтын ажлыг та нар битгий улс төр болгооч. Хуулийн байгууллага нь ажлаа хийгээд, хянадаг юмаа хянаад оруулж ирж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
Бид ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг яриагүй юм аа. Бид гэмт хэргийн тухай яриад байгаа юм. Гэмт хэрэгт оролцсон байна гэж хуулийн байгууллага үзээд асуудлыг нь оруулж ирж байна. Гэтэл Халдашгүй байдлын дэд хороо саад болохгүй гэсэн байна. Утсаар ярихад нь очсон байна гэх юм. Өнөөдөр гишүүнээс нь түдгэлзүүлэх юм бол тодорхой хэмжээний хязгаарлалт тавих юм байна гэж ойлгож байна. Жирийн иргэн шалгагдах, УИХ-ын гишүүнийг шалгах өөр л дээ. Шударга бусын хонгилын тухай яриад байсан. Үүнийгээ нарийн шалгаад домог үлгэр шиг юм байвал үнэн худлыг нь тогтоох ёстой. Хэн ч адилхан хандах ёстой. ХХААХҮЯ-ны зээлээс малын эмнэлэг төсөл авсан бол ойлгоно. Гэтэл хүний эмнэлэгтээ сайд авчихсан сайд байгаа ш тээ. Тиймээс хуулийнхны мөрдөн шалгах ажилд туслах ёстой. ЖДҮ-чидээ чөлөөлөх тал дээр хуулийн байгууллагатай хамтран ажиллая.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:
Төрийн албан хаагчдад том сургууль болж байна. Би сая Эрүүгийн хуулиас энэ бүхнийг ойлгож авлаа. Ерөнхий прокурорыг би тултал шалга, сайн шалга гэж үзэж байна. Өнөөдөр гурав дөрвөн гишүүний асуудал яриад, энэ замхраад алга болж болохгүй. Миний үр хүүхэд, хань ижил ийм асуудал руу орж болохгүй гэдгийг сайн ойлгуул. Хаана гэмт хэрэг байна, хаана сул мөнгө байна тэр нь гэмт хэрэг явагдах нөхцөл болдог. Гэрэл тусгаагүй газар өөрөө гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болдог гэж. 27 санг сайн шалга. Үүнийг сайн шалга. Хонгил, монгил гэдэг асуудлаа сайн шалга.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
Өчигдөржингөө талбай дээр 60 тэрбум, өнөөдөр энд ЖДҮ яриад сууж байна. Энэ бол эмгэнэл шүү. Сүүлийн үед үүнийг овжин ашигладаг хүмүүс гараад ирсэн. Лу.Болд гэж. Монгол Улсад хоёр банк байгуулсан хүүхэд шүү дээ. Ард түмний хүүхдийн өмч байх ёстой паркийн газрыг идсэн хүн ш тээ.Н. Номтойбаяр бид хоёр хувьдаа армитай болсон юм байна л даа. Удахгүй танктай болох юм байна л даа. Тэр цэрэг хөдөлгөх эрх нь Ерөнхийлөгчид байдаг юм ш тээ. Цэрэг цагдаа нь Засгийн газрын мэдэлд байсан. Энэ хүн чинь цагаа ирэхээр бид бүгдийг нулимаад дараагийн намаа худалдаад явна. Жилийн өмнө Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ах нар чинь сайд больё гээд ирсэн ш тээ. Дараагийнхаа үнэгэн шогшоонд орсон юм байна л даа. Та нарын нуруу хугарсан байна, хөл чинь сайвар жороо шүү. Яг үнэндээ намын дарга, УИХ-ыг хатгаж намыг ийм байдалд оруулсан хүмүүс эдгээр өвгөд шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
ЖДҮ бол цэвэр зээл гэх юм. Хууль журмаараа явсан бол цэвэр зээл мөн. Гэвч мэдээлэл ойрхон байдлаа ашиглаад, албан тушаалаараа далайлгаж авсан зээл бол гэмт хэрэг юм. Бүлэг гэмт хэрэг шүү дээ. У.Хүрэлсүхийн засгийн сайдуудын тэн хагас нь ЖДҮ-ийн зээл авсан ш тээ.Хаана байна, шударга ёс чинь. Шалгуулахаас яагаад айгаад байгаа юм. Гэм буруугүй бол түүнийгээ тогтоолгоод гаргаад ирээч. Бид нарын баталсан хууль ш тээ. Жаран тэрбум, ЖДҮ гэж хоёр бүлэгт хуваагдчихаад Монгол төрийг самраад. Ичээч, та нарт жил гаран хугацаа байна. Ядаж, Хүрэлсүхийн яриад байгаа гурван ажлаа эхлүүлээч. Бүгд яриа. Эхлээгүй байгаа ш тээ, худлаа яриад, шоу хийгээд яваад байгаа ш тээ. Монголын ард түмнээр тоглож болохгүй.
УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, БСШУС-ЫН САЙД Ж.ЦОГЗОЛМАА:
Ард түмний нэрээр зээлээд шударга ёс тогтохгүй. Та буруу үйл хийчхээд бусдаас буруу хайж, энэ танхимд сууж байгаа нөхдөө битгий чир. Тийм учраас хуулийнхныг ажиллах боломжийг бүрдүүлж өгье.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:
Юуны өмнө манай парламентын үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй болчихлоо. Өөр, өөрсдийн шаардлага тавьсан, хуралдаандаа ордоггүй байдал үүслээ. УИХ-ыг тараая гэдэг АН-ын тогтоолын төсөл дээр гарын үсэг зурчхаад ороод ирлээ. Д.Хаянхярваа гишүүн зурсан байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал нийгмийн бухимдал үүсгэлээ. Бусад оруулж ирэх хүмүүс байвал нэг мөсөн оруулж ир. Чи ЖДҮ-чин, би ЖДҮ-чин биш гээд хэд хэд талцсан ойлгомжгүй байгаа асуудлыг цэгцэлье.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтААР 82.7 хувь нь Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэлгүй, шалгахаар болж байна.
Б.БАТ
УИХ: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэхээр боллоо. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бус ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн юм. Өчигдөр энэ асуудлыг чуулганаар хэлэлцсэн ч АН завсарлага авсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-Жижиг дундын зээл их түвэгтэй болсон. Хуулийнхан үүнийг хэрэг гэдэг. Гэтэл манай зарим гишүүд биш гэдэг. Монгол Улс ардчилсан зах зээлтэй орон. Баялаг бүтээж, ажлын байр гаргаж байгаа хүмүүс бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Тэд бухимдалтай байна. Бухимдалтай байгаа учраас ЖДҮ-гийн асуудлыг ёс зүйн хувьд байж болохгүй үйлдэл. Байж болохгүй арга ажиллагаа гэдгийг би байнга хэлсэн. Бүлгийн болон байнгын хорооны хурал дээр ЖДҮ-гийн хэргийг байж болохгүй гэсэн байр суурин дээрээ байгаа. Архангай аймгаас 45 хүн ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт тавьсан. Ердөө нийт мөнгө нь 850 сая төгрөг. Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайдад горилогч Ч.Улаан, манай ганц шударга гишүүн Ц.Нямдорж, Лүндээ гишүүн/ би ойлгож байгаа/ нар байж болох зээл гэх юм. Гэтэл хуулийнхан байж болохгүй зээл гэх юм. Та нар хэрэг биш ээ, үүнийг буцаая гэсэн байна. Жинхэнэ ЖДҮ-чид баялаг бүтээгчдийн өмнө бид юу хэлэх вэ. Та нараас асууя аа.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН:
-ЖДҮХС-гаас зээл авах 1041 хүсэлт ирсэн. Гэтэл энэ хүмүүсийн бичиг баримт хангалтгүй байсан. Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг гэж үзэж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Парламентын дархлааны асуудал яригдаж байна. Ингээд нэг хоёроор нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яриад байх юм уу. Тиймээс яллах дүгнэлт үйлдсэн хойно нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яръя гэсэн.
Б.БАТ
Чуулганы хуралдаан 15.00 цаг хүртэл хойшиллоо
УИХ-ын чуулганы ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлууллаа.
Гишүүдийг нэг цаг гаруй хугацаанд хүлээсэн ч 36 гишүүн чуулгандаа ирж ирц 48 хувьтай байв.
УИХ-ын дарга М.Энхболд “Гишүүдээс чуулганыг хойшлуулах санал ирж байна. Тиймээс чуулганы хуралдааныг 15.00 цагаас эхлүүлье" гэлээ.
Ш.АДЪЯАМАА
Шөнийн 04 цагт завсарласан чуулганы ирц бүрдээгүй байна
АН-ын бүлгийн завсарлага 10.00 цагт дуусгавар болж, УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой ч одоогоор чуулганы ирц бүрдээгүй байна.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ.
Удтал гацсан парламентийн үйл ажиллагаа өнгөрөгч шөнө сэргэж, шөнийн 02. 12 цагт 77.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар тус төслийг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Үүний дараа 03.52 цагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр болж хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар зургаан цагийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм.
Ш.АДЪЯАМАА
Холбоотой мэдээ