-Зуун зуун жилээр нөхөгддөг газрын гүний усыг бус саарал ус хэмээн нэрлэдэг та бидний өдөр тутмын хэрэглээнээс “үйлдвэрлэгдсэн” усыг ариун цэврийн өрөөндөө хэрэглэдэг болъё-
Дэлхийн усны өдөр ирэх бүтэн сайн буюу гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн усны өдрийг манай улс энэ жил 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жилийн хувьд дэлхийн усны өдрийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллагуудтай хамтран "Ус ба тогтвортой хөгжил" уриан дор тэмдэглэх шийдвэр гаргажээ. Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22 дугаарт бүртгэгддэг нь усны нөөц багатай орны тоонд орж байгаа юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэтэл газрын доорхи усны нөөц өдөр өдрөөр хомсдон багассаар байгаа төдийгүй экологийн хувьд маш эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. “Монголчууд шиг газрын гүний цэвэр усаар бохироо гүйлгэдэг улс орон дэлхийн хаана ч байхгүй” гэж гадныхан толгой сэгсэрдэг нь аргагүй. Цэвэр усыг хэмнэж гамнах аяныг хүн бүрийн хэрэглээнээс эхлүүлье. Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Гэтэл манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны хэмжээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй хоёр дахин их (230-280 литр) байдаг гэнэ. Харин гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна. Шүдээ угаахдаа усаа гоожуулж буй аяганд хийж угаахаас л усны хэмнэлт эхлэх юм байна.
Зуун зуун жилээр нөхөгддөг газрын гүний усыг бус саарал ус хэмээн нэрлэдэг та бидний өдөр тутмын хэрэглээнээс “үйлдвэрлэгдсэн” усыг ариун цэврийн өрөөндөө хэрэглэдэг болохсон. “Ахуйн хэрэгцээнээс гарсан бохир усыг саарал ус хэмээнэ” гэсэн тодорхойлолт Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулинд байдаг ажээ. Та бид усанд орж, аяга, тавгаа угаах бүртээ цэвэр усыг саарал ус болгон үйлдвэрлэж байдаг. Гэр хорооллынхон бол усыг утгаар нь бүрэн ашигладаг.Тэд усанд орсон усандаа бараан өнгийн хувцас эд зүйлсээ угааж, эцэст нь шалаа угааж байж сая асгадаг тухай аман яриа онигоо мэт дэлгэрсэн нь үнэний хувьтай. Энэ нь гэр хорооллын усан хангамж орон сууцныхтай адилгүй асар их хөдөлмөр зарцуулдагт байгаа юм. Хүн өөрийн хөлс хүчээ зориулаагүй бүхэндээ хорон ханддаг. Гэтэл орон сууцныхан өөрөө урсаад орж ирж буй усыг хэмнэе8 гамная гэж бодохгүй дэндүү үрэлгэн хандаж байгаа юм. Тиймээс газрын гүний усны нөөц сар жилээр бус өдөр цагаар хомсдож байгаа өдгөөд шүршүүр, гал тогоонд хэрэглэсэн усаа цэвэршүүлэн ариун цэврийн өрөөндөө хэрэглэх боломжоор хангах асуудал нэн чухал болоод байна. Өөрөөр хэлбэл саарал усны аяныг нийслэлчүүдээс эхлэн өрнүүлье. Учир нь усны гачаалд хамгийн түрүүн орох хүмүүс бол Улаанбаатарынхан. Усгүйдэх аюул хажуу хаяанд бүр 2018 оноор хэмжигдэж байгаа нөхцөлд саарал усны хэрэглээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Саарал усны хэрэглээг хуульчилж өгсөн улсын жишээнд Сингапурыг нэрлэдэг. Тус улсад томоохон сургууль, эмнэлэг, зочид буудал, орон сууцандаа саарал ус хэрэглэдэг ажээ. Ингэж албан байгууллага, өрх гэрийн хэрэглээнд нэвтрүүлж амждаггүй юм гэхэд эхний ээлжинд үйлдвэрүүдэд нийлүүлэх юмсан. Мэдээж хуучны голдуу орон сууцтай, шинэ баригдсан байлаа ч саарал усанд зориулсан шугам холой татаагүй Улаанбаатар хотын хэрэглэгч бүрт саарал ус хүргэх нь одоохондоо амаргүй. Харин арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, томоохон хот суурингийн дэргэдэх уурхайнууд гээд цэвэр усыг өдий төдий сая тонноор нь хэрэглэдэг хэрэглэгчдийг саарал усны шугамтай болговол ямар вэ? Ингэснээр үйлдвэр, уурхайнуудад ч усны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэнэ. Ядаж л машин угаалгын газруудад цэвэр ус ашиглахыг хориглоё. Машины тоос шороог саарал усаар угаахад татгалзах шалтгаан баймааргүй.
Д.ЦЭЭНЭ