Ц.Нямдоржийг “галзууруулах шахсан” шөнө

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг “галзууруулах шахсан” шөнө

Ц.Нямдоржийг “галзууруулах шахсан” шөнө

Олон монгол хүн урьд шөнө нойргүй хонолоо. Хэрэгт дуртайдаа биш юм аа. Иргэн би УИХ-ын гишүүнтэй ижил эрхтэй юу, үгүй юу гэдгийг харах гэсэндээ нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг УИХ хэрхэн шийдвэрлэх нь вэ гэдгийг, бүр тодруулбал эдэлж буй эрх чөлөөнийхөө бүрэн бүтэн байдлын төлөө цурам хийхгүй хонов. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар шөнийн 03.52 цагаас хэлэлцсэн.

Үүний өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор даргалуулсан Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий дөрвөн гишүүнийг тухай бүрт нь хэлэлцэж, шийдвэрээ гаргахдаа “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргалаа. Энэ нь иргэн ба УИХ-ын гишүүний хууль шүүхийн өмнөх эрх тэгш байдлын ялгааг тод харуулсан ч иргэд эцсийн горьдлого УИХ-ын шийдвэрийг харах гэсэндээ үүрийн 04.29 цаг хүртэл хүлээсэн  ч чуулганы хуралдаан завсарласан юм.

Энд нэг л зүйл тодорхой байв. Анхнаасаа ЖДҮХС-аас зээл авсан нь гэмт хэрэг үү, зээл үү гэдгээр төөрөгдүүлэх, цаг тухайд нь очиж мэдүүлэг өгч байсан болохоор УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шаардлагагүй, тэр ч байтугай УИХ энэ талаар хэлэлцэх шаардлагагүй” гэхчлэн нэр бүхий дөрвөн гишүүнийг хаацайлах оролдлого илт өрнөж байв.

Улсын Ерөнхий прокурор нь “Тэгш байдал хаана байгаа юм бэ. Эрүүгийн хуульд албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгож болохгүй гэсэн заалттай. Үүнийгээ гэмт хэрэг гэж тооцож байгаа юм. Тиймээс энэ гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон хүмүүс” гэж тодоос тод тайлбарлаж өгсөн. Тиймээс  “Гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Наана нь тодорхой хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна гэж, тэр тусмаа хүнд чиглэсэн мөрдөн байцаах  ажиллагаа явуулах учраас Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах шийдвэр гарсан гэдгийг хэлсэн юм.

Гэтэл зөвхөн шалгахын төлөө түдгэлзүүлэх гэхэд түдгэлзүүлэхгүйгээр шалгуулъя гээд байсан Ц.Нямдорж сайдын улайрал 2019 оны нэгдүгээр сарын 10-11-ний өглөө хүртэл хэвээр үргэлжиллээ. Өнөөдөр ч бас үргэлжилж мэдэх юм.

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Ерөнхий Прокурор дээрх хэлсэн гол санаанаас огт гажаагүй. Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би өдөржин загнууллаа” гэсээр мөн ч олон гишүүнийг загналаа. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ, тодруулбал Ё.Баатарбилэг гишүүний асуултад хариулах үеэрээ “Энэ М.Энх-Амгалан бид хоёр ерөөсөө санал нийлдэггүй юм” гэж ам алдсан нь түүний өнөөгийн нөхцөл байдлаа шударгаар тодорхойлж хэлсэн үг байв уу даа.

Тийм ээ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан нарын санал нийлэх албагүй юм. Прокурорын байгууллага бол хараат бус байх ёстой учраас үүнд нь баяр хүргэж ч болох талтай. Харин хувь хүнд нь чиглэсэн бол сүүлийн үед Прокурорын байгууллагын талаар хэтэрхий онилж шүүмжлээд байсных нь шалтаг мөн бол нэн харамсалтай.

Ц.Нямдорж сайд өөрөө “Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж арван жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ”, “Би Прокурорын тухай хоёр хуулийг санаачлан батлуулсан” гэдэг. Хуульч хүний хувьд ховор тохиолдол ч гэж хэлж болох энэ бахархалын эзэн яагаад Прокурорын байгууллагад УИХ-ын гишүүн хүнийг жирийн иргэнтэй ижил хэмжээнд аваачиж бүрэн бүтэн шалгахад нь саад хийх болов. Энэ л нэн харамсалтай байв.

Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан “Та нар дандаа "Хууль зүйн сайдаас асууж байна. Энэ хэрэг яагаад явахгүй байна" гэх юм. Үүнийг Хууль зүйн сайд мэдэхгүй, оролцох эрхгүй. Хууль зүйн сайд хэрэв гараа хөдөлгөөд эхэлбэл өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх асуудал байдаг юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй хүн шүү дээ. Хууль нь тийм юм. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтыг хариуцдаг хүн нь прокурор. Прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх эрхгүй байдаг юм” гэсэн.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд чуулганы танхимд “Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Энэ чинь шударга ёс юм уу. Энэ шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байна” гэж байсан бол энэ удаад ч мөн л хуулийн хэрэгжилтийг хууль тогтоогчдоос ил тод нэхсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02.08 цагаас 04.29 цаг хүртэл хуралдах үеэр мөн л нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх үеэр Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос асуулт асуусан гишүүн бүрийг тэрбээр зад загнаж, тэвчээр алдарсан байдалтай, тэсэхүйеэ хүнд нөхцөлд асуултад хариулсан гэхэд болно. Тэр ёстой л ноцож байлаа. Үүнд нь дургүйцсэн залуу гишүүд ч хүндэтгэлтэйгээр хүнд асуулт тавьж Ц.Нямдорж сайдыг ёстой л “галзууруулах шахсан” шөнө байлаа.

Тэвчээр түүний гол ноён нуруу байж. Үг, үнэн хоёр яв цав нийлэх нь түүний зэвсэг байжээ. Харин сүүлчийн хуралдаанаас харахад яг дээрх хоёр үнэт зүйлээ тэрбээр алдчихаж. Омогдсон, өширхсөн, дээрэлхсэн түүний хандалга “аймшигтай” байлаа. Иргэд түүний ёс суртахуунд тэгтлээ санаа зовинохгүй биз ээ. Харин ХЗДХ-ийн сайдын Улсын Ерөнхий Прокурор болон Прокурорын байгууллагад хандах хандалга, ялангуяа хувь хүнийхээ зүгээс гаргаж буй “базуур” үйлдэлд нь дургүйцэж мэднэ.

Прокурорын байгууллагын зовлон жаргалыг энэ парламент дотроос хамгийн сайн мэдэх хүний хувьд энэ бол санаа зовинох асуудал. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүнийг шалгах, жирийн иргэнийг шалгахын ялгааг ижил байлгана гэж зүтгэж яаж чадаж байна аа! Энэ асуудлыг өнөөдөр хэрхэн шийдвэрлэх вэ, цаашид УИХ-аас түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гишүүний тоо хэрэв нэмэгдвэл хэрхэн шийдэх бол гэхчлэн шударга ёсны дэнсэнд санаа зовинохоос аргагүйгээр үүр цайлгасан шөнө байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
16
БурууБуруу
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж