Б.Батбаяр: Дэлхийн цомын аварга болох бүрэн боломжтой байлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Б.Батбаяр: Дэлхийн цомын аварга болох бүрэн боломжтой байлаа

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг тамирчид багийн дэлхийн аварга хэмээгддэг “Дэлхийн цом”-ын тэмцээнийг одоогоос хоёр жилийн өмнө нутагтаа хүлээн авч байлаа.

Түүхнээ 7 удаа дэлхийн цомд өрсөлдөхдөө хамгийн анхны мөнгөн медаль, цомын эзэд болж түүхийн нэгэн хуудсыг эхлүүлсэн бол хэдхэн хоногийн өмнө хүчирхэг бүсгүйчүүл гэдгээ батлан харуулж АНУ-ын хүчирхэг бүсгүйчүүдийг буулган авч харь нутгаас анхны цомоо хүрэл медалиар эхлүүлэн ирсэн юм.

“Өглөөний сонин”-ы сурвалжлах хэсэг ч түүхийг бүтээсэн охидын хамтаар Санкт-Петербургийн дэвжээнээс амжилт, арвинтай ирсэн юм. Аяны богцныхоо хэсгээс уншигч танд хүргэхээр Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяртай уншигч таныг уулзуулж байна. 

-“Дэлхийн цом”-ын медалиа ихэрлүүллээ. Баяр хүргэе танд?

-Баярлалаа. Охиддоо үнэхээр их баярлаж байна. Яагаад ч юм өмнө нь мөнгөн медаль хүртэхдээ үүнээс илүү баярлаж байгаагүй. Маш ихээр баярлалаа. Энэ амжилт Монголын чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагч тамирчид, дэмжиж ажилладаг байгууллагуудын амжилт шүү гэдгийг тодотгох нь зүйтэй байх. 

-БНХАУ-ын шигшээ баг эрх авч энэ тэмцээнд өрсөлдөж чадсангүй. Маш өрсөлдөөнтэй, чөлөөт бөх өндөр хөгжиж байна гэдэг нь харагдлаа?

Улс бүр л шилдэг тамирчдаа илгээдэг. Манай баг хэсэгтээ Швед, ОХУ, Украины багуудтай таарсан. Үүнээс тун өрсөлдөөнтэй болох нь анзаарагдаж байлаа. Манай баг ч бас тэдэнд хатуухан сугалаа. Тамирчид ч маш сайн өрсөлдөж үүргээ 100 хувь биелүүллээ. 

-Шведийг ялсан. Хамгийн хүнд учраа мэдээж эзэн орон байсан. 

-ОХУ-ын багийг 5:3 харьцаатай хожин гэж төлөвлөж байлаа. Э.Сумъяа, С.Бямбацэрэн, Д.Отгонцэцэг С.Цэрэнчимэд Батцэцэг нарыг өрсөлдөгчөө ялна, Э.Нарангэрэл, О.Насанбурмаа, О.Бурмаа гуравт өрсөлдөгчөө хожих 50 хувийн боломж байгаа гэж тооцоолсон. Гэтэл Д.Отгонцэцэг оролцох боломжгүй болсноор бидний тооцоо будилж эхэлсэн л дээ. Тэгэнгүүт С.Цэрэнчимэд, С.Батцэцэг нарыг цэвэр, С.Бямбацэрэнг оноогоор цэвэр ялах даалгавар өгсөн. Харамсалтай нь Э.Сумъяа өрсөлдөгчдөө цэвэр ялагдсанаар манай багийнхны тооцоо бүр алдагдаж 5:3 харьцаатай ялагдсан.

-Гэхдээ О.Насансурмаа Воробьеватай маш сайн барилдлаа гэж харсан?

-О.Насанбурмаа сарын өмнө болсон И.Ярыгины нэрэмжит тэмцээнд олимпийн аварга Наталья Воробьевад 10:0 харьцаатай ялагдсан бол энэ тэмцээнд 3:0 харьцаагаар дийлдсэн. Энэ нь манай тамирчны амжилт, ур чадвар ахиж байгааг илтгэж байгаа. 

-ОХУ-д ялагдахад та маш их уцаартай харагдсан ч, шууд л дараагийн тактикаа боловсруулж эхэлсэн?

-Тийм ээ. 

-Украинаас 21 оноо салгах?

-Мэдээж, гэвч бид бас буруу тооцоо гаргасан юм бий. Тэмцээний өмнөх бүх тооцоо ОХУ-ын багийн эсрэг л төвлөрч байсан. Хэсгээсээ нэгээр гарахад тус улсын багаас бусдыг нь ямар ч байсан аргална гэж бодож байлаа. Манай тамирчид үнэхээр ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Тийм их итгэлтэй байсан барилдаандаа ялагдсаны дараа тамирчид маань сэтгэлээр жаахан унасан. Ерөөсөө ялагдана гэсэн бодол хэнд нь ч байгаагүй. 

Тамирчид сэтгэл зүйгээ ийм сайн бэлдэж, өөртөө итгэлтэй болсон нь тун олзуурхууштай. Мэдээж ялагдал нь манай багийнхны хувьд том алдаа болсон л доо. Манайх шагналын 21 оноо цуглуулж чадвал ОХУ-ын багийн өмнө орж, хэсгээсээ нэгээр гарах боломжтой байсан. Дөрвөн удаа цэвэр, нэг удаа оноогоор ялахад л бидний оноо 23 болох байсан л даа.

Гэтэл Украины баг ОХУ-ын багийг хожчихсон байсан учраас бид тэдэнд гурван цэвэр ялалт өгч, өөрсдөө дөрвөн цэвэр ялалт авч цэвэр ялалтынхаа тоогоор хожсон бол ОХУ-ын баг мултрах байсан юм. Ингэх боломжтойг Украинчууд ч бас мэдэж, тооцоолж л байсан. Гэхдээ бид ийм муухай зүйл хийж, тэдэнтэй хуйвалдахыг хүсээгүй. Тухайн үед Украинчууд ОХУ-ын багийг хожсон байсан учир биднийг ч бас буулгаж авна л гэж бодож байсан байх. 

-Шийдвэрлэх барилдааны өмнөх шөнийг асуумаар байна. Намайг ажиглахад шигшээ багийн тамирчид ОХУ-д ялагдчихаад сэтгэлээр их унасан. Гэтэл таныг багаа цуглуулж хурцалж хэлсэн хэдхэн үгэнд чинь маш их урам орсон?

-Бидэнд мэргэжлийн сэтгэл зүйч байхгүй. Дасгалжуулагч хүн загнах үедээ загнаж бас ямар үед сэтгэхүйд нь нөлөөлсөн үг хэлэх вэ гэдэг хамгийн чухал. Тамирчид ганцаар барилдахгүй. Багийн тэмцээн учир нэг сэтгэл зорилготой байх ёстой. Урамдаа биш миний ажил юм даа.

-Юу гэж хэлсэн юм бэ?

-Нэгдүгээрт багшийгаа зэмлэсэнд уучлаарай гэнэ. Хоёрдугаарт маргаашийн ажилдаа орно. Мэдээж та нар бүх талаараа илүү гэдийг ойлгуулсан. 

-Хэн хэний оноо 21 болсон бэ?

-Сүүлийн хоёр барилдаанаас өмнө С.Батцэцэг цэвэр ялж энэ барилдааны эцсийн цэгийг тавьсан. Э.Сумъяа, Шоовдор, Цэрэнчимэд, С.Батцэцэг нар цэвэр ялснаар манай багийн шагналын оноо 20 болчихсон байсан юм.

Хэдийгээр ялах нь тодорхой болсон байсан ч гэсэн О.Насанбурмаа өмнө нь ялагдаж байсан Елена Пирожковатай барилдан 8:5 харьцаагаар ялсан. 

-Хүрэл медалийн төлөө АНУ-ыг бут ниргэсэн. Терри Стайнер, Б.Батбаяр нарын тулаан дэвжээнээ үргэлжилсэн?

-/Инээв/ Түшиг тулгуур болсон Сүхбаатар, Дүвчин багш нар минь амжилтын гол эзэд нь юм. Тэд ямар зөвлөгөө өгөхөө мэднэ. Манайхан ч яаж зааврын дагуу сайн ажилладаг. Хүрэл медаль хүртэх мөчид охидоороо л их бахархаж байлаа

Ж.ЦЭЦЭГМАА

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж