УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ өөрөө тарах ёстой гэж үзэн, УИХ дахь АН-ын байрлуулсан самбарт гарын үсгээ зуржээ. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:
– Өнөөдрийн жагсаалд би оролцоогүй, үймээн дэгдээгээгүй. Үүнийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар батална. ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд ЖДҮ-чид аваад үлдлээ. Тэднийг шалгахад бүрэн эрх нь саад болж байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн шүү дээ. Гэвч бүлгийн хурлаар мөн тэднийг олонхын саналаар үлдээлээ. Би бүлгийн хуралд оролцоогүй. Энэ УИХ өөрөө тарах ёстой. Хэрэв дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл ар араасаа олон гишүүний асуудал яригдах учраас У.Хүрэлсүх цээжээрээ хамгаалж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг баримт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ. Гэтэл Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан. Уг нь Үндэсний хөгжлийн газар газрын тос нийлүүлэгчийг уралдаант шалгаруулалт явуулж, сонгох нь зөв гэж үзсэн юм билээ. ЗГХЭГ-ын ажлын алба мөн хуулийг үндэслэл болгон, уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргажээ. Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна. Засгийн газар ААН-тэй концессын гэрээ хийх нь зөв ч онгоцны шатахуун нийлүүлэгч өөр ААН-үүдэд энэ төсөлд оролцох саналаа илэрхийлэх боломж олгох ёстой шүү дээ. Хэрэв өөр ААН санал өгөөгүй, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ бол Засгийн газар шууд гэрээ байгуулах эрхтэй. Гэвч ийм нөхцөл үүсээгүй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ