УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсад танилцах аяллаар хүрэлцэн ирсэн Харвардын их сургуулийн оюутнуудыг өнөөдөр хүлээн авч уулзсан. Монгол Улсад анх удаа ирж буй 8 орны 14 оюутны нэг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ байв. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН ялагдал хүлээж намын залуу боловсон хүчнүүдээс Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуульд суралцахаар эх орноосоо мордож байсан. Оюутнуудын хамт аяллын журмаар эх орондоо ирсэн Л.Оюун-Эрдэнэтэй цөөн хором уулзлаа.
-Харвардын оюутнууд анх удаа Монгол Улсад аялж байгаа гэсэн. Энэ аяллыг ямар журмаар зохион байгуулдаг юм бэ?
-Дэлхийн 15 орны оюутнууд хаврынхаа амралтаар жил бүр ийм аялал хийдэг. Монголд энэ жил анх удаа ирж байгаа. Хол нислэгтэй, хүйтэн учир залуучууд Монголыг тэр болгон сонирхдоггүй байсан. Анхны аялал маань амжилттай болж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дэд даргатай уулзлаа. Бас Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, залуучуудын байгууллагуудтай уулзалт хийнэ. Анхны аялал маань уламжлал болж жил бүр явна. Ирэх зургадугаар сард 40-50 оюутан аялах төлөвлөгөөтэй байна. Энэ жил Харвардын Хуулийн сургууль, Төрийн удирдлагын сургууль, Дизианы сургууль, Бизнесийн сургууль гэсэн дөрвөн сургуульд анх удаа Монгол оюутнууд суралцаж байгаагаараа онцлог. Өнөөдрийн байдлаар Харвардад мастерийн түвшинд 5 оюутан, бакалавр болон коллежийн түвшинд нэлээд хэдэн оюутан суралцдаг. Энэ жил 11 оюутан Монголоос суралцаж байна. Цаашдаа олон монгол залуус туршлага судлаап, аргаа олоод энэ сургуульд суралцаасай гэж хүсдэг. Энэ бүх үйл ажиллагаа бүгд оноо болно. Цаашаа өргөжүүлээд явснаар Монголд байгаа Харвард клуб албан ёсны болвол илүү боломж нээгдэнэ. Үүний төлөө кредит цуглуулаад явж байна гэж ойлгож болно.
–Аяллаар ирсэн оюутнууд Монголын юуг илүү сонирхож байна?
-Монгол Улс олон улсын түвшинд сонирхолтой орны нэг. Хоёр том хөршийн дунд байрладаг. Нөгөө талаас эдийн засгийн хөгжилтэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөө алдаж байгаа улс. Энэ бүхэн оюутнуудын хувьд судлах сонирхолтой зүйл л дээ. Анхны аялалаар гэр хороолол, хөдөө орон нутагт очиж үзнэ. Монгол Улс уул уурхайг дагнасан биш газар тариалан, хөдөө аж ахуйтай хослуулах боломж, бусад орны туршлага зэргийг харьцуулж гаргаж ирдэг.
-Хэзээ сургуулиа төгсөх гэж байна. Төгсөөд Монголдоо ирэх үү?
-Энэ оны тавдугаар сарын 28-нд сургуулиа төгсөнө. Төрийн удирдлагын чиглэлээр суралцаад төгсөх гэж байна. Төгсөөд Монголдоо ирэлгүй яах вэ.
–Улстөрд эргэж ирэх үү. МАН-ын залуусыг намаа ялагдал хүлээсний дараа зугтсан гэж шүүмжилдэг?
-2012 оны сонгуулийн дараа намын удирдлагууд дүгнэлт хийгээд намайг Америк явж суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн. Надад ойлгож, харьцуулах зүйлүүд байсан. Үүнийгээ хоёр жилийн хугацаанд чадлынхаа хэрээр хийсэн гэж бодож байгаа.
-Уучлаарай, дахиад ганц асуулт. Таныг суралцахаар явснаас хойш улс төрийн нөхцөл байдал их өөрчлөгдлөө. Ялагдал хүлээсэн нам тань өнөөдөр эрх баригчийн суудалд сууж байна. Энэ үйл явцыг ажиглаж байсан биз дээ?
-Монголдоо ирээд ердөө дөрөв хонож байна. Зөвхөн интернэтээр авсан мэдээллээс улс төрийн амьдралд дүгнэлт хийх боломжгүй. Надад дүгнэлт хийх хангалттай мэдээлэл алга байна. Төгсөөд Монголдоо ирээд дүгнэлт хийх боломж гарах байх.
С.ОТГОНСҮРЭН