Өнөөдөр /2019.01.10/ Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уулзалтын үеэр УИХ-ын даргын өрөөнд юу болсон талаарх бодит мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Тэрбээр мэдээлэлдээ:
-Өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болж, УИХ-ын гишүүд жагсаалд оролцож байгаа. Жагсаалд оролцож байгаа УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл дөнгөж сая УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ талаар товчхон мэдээлэл өгөх гэсэн юм.
Би ямар нэгэн байдлаар улс төрийн өнцгөөс ярихгүй. УИХ-ын Тамгын газар бол төрийн захиргааны байгууллага. Тиймээс би энэ уулзалтын үеэр ажил үүргийнхээ хүрээнд УИХ-ын даргатай хамт байлцсан учир УИХ-ын даргын өрөөнд яг ямар явдал болсон талаар товч мэдээлэл өгье.
Өнөөдөр 14.30 минутад над руу Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан залгаж, УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. УИХ-ын гишүүд хэзээ ч, ямар ч үед УИХ-ын даргатай уулзах эрх, боломж нээлттэй байдгийг гишүүнд би хэлсэн. Тэгэхэд гишүүн “Бид нар жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэдэг шаардлага тавьсан. Түүний дараа би Т.Аюурсайхан гишүүнтэй таван удаа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөн надтай утсаар хоёр удаа холбогдсон.
Тиймээс би УИХ-ын даргад энэ талаар танилцуулсан. Ингээд Улсын их Хурлын гишүүд болон жагсагчдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт есөн хүн УИХ-ын даргатай ирж уулзсаныг та бүхэн мэдэж байгаа. Тэд уулзалтаас гарч ирээд ямар мэдээлэл, мэдэгдэл хийснийг би мэдэхгүй.
Харин УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал өрнөсөн талаар би албан ёсны, нэмэлт хачиргүй мэдээллийг та бүхэнд өгч байна.
УИХ-ын даргад гишүүд өмнө нь шаардлага тавьсан байсан. Нэг хуудасны хэмжээтэй тэр шаардлагад тодорхой үндэслэлүүдийг тавьсан. УИХ-ын дарга тэр шаардлагын дагуу албан ёсны хариуг гардуулж өгсөн. УИХ-ын дарга шаардлагын хариу өгч байгаатай холбогдуулан ярилцах бодолтой, төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын дарга жагсагчдын шаардлагад хариу өгсөн 30 хуудас биш гурван хуудас материал байгаа.
Гэвч УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн төлөөллүүд УИХ-ын даргын хариултыг сонсоогүй. УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.
-Энэ хүмүүст хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцох, эсэхийг би мэдэхгүй. УИХ-ын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Ямар ч байсан энд баривчлах, саатуулах үйл ажиллагаа болоогүй. Тэр хүмүүс гараад жагсаалдаа оролцоод явсан гэж би ойлгосон.
УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ