Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Цагаан сар болоход 20 гаруй хоног үлдэж, иргэд сар шинийн бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Цагаан сарын хүндэтгэлийн идээний чухал хэсэг ууц, өвчүүний үнэ болон ууц, өвчүү чанах газрын стандартын асуудлаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Бууз банш хийх мах, ууц, өвчүү хайсан хүнээр “Хүчит шонхор” худалдааны төв дүүрчээ. Захын урд хэсэгт ачааны машины тэвшин дээр ууц, өвчүүг эгнүүлэн өрсөн байв. Тус захад ихэвчлэн Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дундговь аймгаас ууц, өвчүү авчирсан байлаа. Ууцнууд дунджаар 23-40 кг-ийн жинтэй байсан бөгөөд 140 мянгаас 380 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин үхрийн өвчүү нь 15-40 кг-ийн жинтэй, 180 мянгаас 400 мянган төгрөгийн үнэтэй байв.

Мэдээж ууцны хэмжээ томрох тусам үнэ нь өснө. Том хэмжээний ууц нь илүү нугаламтай хониных аж. Хонь 26 хавиргатай байдаг бол илүү нугаламтай хонь нь 28 хавиргатай байдаг. Сүхбаатар, Дорнодоос авчирсан ууц нь ихэвчлэн илүү нугаламтай хониных юм.

УУЦЫГ ТУСГАЙЛАН БЭЛТГЭДЭГ

Иргэн Н.Наранбаатар

Хамгийн том ууцыг эгнүүлэн өрсөн Н.Наранбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

Аль аймгаас авчирсан ууц вэ. Жин болон үнэ нь хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ?

-Дундговь аймгийн Эрдэнэдалайгаас ирсэн. Махны үнэ гайгүй байгаа болохоор ууцны үнэ ч дажгүй байна. Ууцны жижиг нь 25 кг жинтэй, том нь 40 кг гаруй жинтэй байгаа. Үнийн хувьд 180 мянгаас 380 мянган төгрөгийн  үнэтэй байгаа.

-Таны худалдаж байгаа ууц бусдаас том байгаагийн шалтгаан юу вэ. Ууц хэт том, өөхлөг байхаар тусгайлан хөөлгөсөн байх магадлалтай зэргээр хардах нь бий?

-Дундговь аймгийн ууцан сүүлт үүлдрийн хониных болохоороо бусдаас том байгаа юм. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум чанартай хоньтой. Нугалмын хувьд энгийн хоньтой адил. Нутгийн онцлогоос шалтгаалаад, отрын бүс гэдэг утгаараа мал нь их сайн таргалдаг юм. Бас хонио хашдаггүй. Тийм болохоор мал нь маш сайн таргалдаг.

-Баярын ууц бэлтгэх тусгай технологи байдаг юм уу. Хэдийд бэлтгэдэг юм бэ?

-Ууцыг арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 1-ны хооронд бэлтгэдэг. Ууц бэлтгэхдээ хонийг бойны аргаар нядалдаггүй. Хонь муулдаг хүнд арай илүү өртөг төлж, тусгайлан бэлтгэдэг. Үүнийгээ дагаад кг нь бусдаас арай илүү, үнэтэй байдаг юм.

-Хотод хэдэн ууц авчирсан бэ. Хэд хоног зарагдаж байна вэ?

-Би энд долоо хоногийн өмнө ирсэн. Ирэхдээ 200-гаад ууц авчирсан. Одоо талыг нь зарчихаад байна.

ҮЗЭМЖ САЙЖИРЧ, ҮНЭ ӨСЧ  БАЙНА

Дараа нь баярын ууц сонгохоор яваа иргэдийн сэтгэгдлийг нь сонслоо.

Ж.Төмөрбаатар

“Ууцны үзэмж их сайхан болж байгаа ч үнэ нь өндөр байна. Манайх жил бүр ууц авдаг. Жил ирэх бүр ууцны үнэ нэмэгдэж байна. Энд хамгийн том ууц нь 380 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ тийм томыг авахгүй. Одоо өөх иддэг хүн байхгүй болсон. Би 150 мянган төгрөгт ууц авах бодолтой ирсэн юм” гэлээ.

УУЦНЫ ҮНЭ ДУНДЖААР 250 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Н.Оюунгэрэл

“Өнгөрсөн жил 190 мянган төгрөгт ууц авч байсан. Энэ жил дундаж нь 250 мянган төгрөг байна. Үхрийн өвчүү сонирхтол бүр илүү үнэтэй байна. Манайх ач, зээ олонтой болсон болохоор жил бүр ууц авдаг. Харж байгаад ямар ч байсан нэг ууц авна” гэв.

“ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР УУЦ, ӨВЧҮҮ ЧАНАВАЛ ОРЛОГЫГ НЬ ХУРААЖ, 300 МЯНГААС 3 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО”

Мэргэжлийн хяналтын газрын Чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор

Сонгосон ууцаа хаана чануулах, тухайн газар нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх нь том асуудал болдог. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгороос тодрууллаа.

-Иргэд ууцыг ямар газар чануулах нь стандартад нийцэх вэ?

-Ууцыг зөвшөөрөгдсөн хоолны газруудад чануулж болно. Бэлгэдлээ бодсон ч сар шинийн идээгээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйд нийцсэн газарт чануулбал зохимжтой.

-Хоолны газрууд нь ууц чанах тусгай зөвшөөрөл авах ёстой юу?

-Хоолны газар нь үйл ажиллагаа явуулахдаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхээ Мэргэжлийн хяналтын газарт шалгуулаад, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээ эрхлэх газраас зөвшөөрлөө авсан байдаг. Тиймээс дахин зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин сургууль, цэцэрлэгийн хоолны газарт ууц чанахыг хориглосон.

-Хороолол, гудамжинд гэр бариад ууц, өвчүү чанах үйлчилгээ үзүүлбэл чухам ямар хариуцлага тооцох вэ?

-Орон сууцны хороолол, талбайд барьсан гэрт ууц чанах нь эрүүл ахуйд нийцэхгүй. Нийтийг хамарсан баяр, ёслолын үеэр Мэргэжлийн хяналтын газар урьдчилан сэргийлэх шалгалт явуулдаг. Үүний нэг нь Цагаан сарын баярын үеийн хяналт шалгалт. Шалгалтын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлд хоёр төрлийн шалгалт хийж байгаа. Үүний нэг нь золголтын хүлээн авалт хийж байгаа зоогийн газар, ресторанд шалгалт хийх. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд, орон сууцны хорооллын дунд зөвшөөрөлгүйгээр гэр барьж ууц, өвчүү чанадагт хяналт тавина.

Энэ хүрээнд нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн талбайд хүнсний бараа бүтээгдэхүүн ил задгай худалдах, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт ууц, өвчүү чануулахгүй байх шаардлага хүргэж байгаа. Хэрэв мэдэгдэл хүргүүлээд байхад орон сууцны хороолол, талбайд гэр барьж, мөн подвал зэрэг зөвшөөрөгдөөгүй газар ууц, өвчүү чанавал орлогыг нь хурааж, иргэнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгоно.

-Иргэд ууц, өвчүү чанах газар ховор байгаа болохоор, зөвшөөрөлгүй газраар чануулж байна гэдэг?

-Иргэд ийм тайлбар өгдөг. Зориулалтын бус газар хүнс боловсруулах нь нийтийг хамарсан хордлого зэрэг олон эрсдэл үүсгэх магадлалтай.  Тиймээс нийтэд үйлчилж байгаа газруудад шалгалт хийдэг юм.

УУЦЫГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЧАНАНА

Ингээд ууц чанадаг газартай холбогдон дараах мэдээллийг авлаа. Ууцыг гурван цаг чанадаг бол үхрийн өвчүүг 4-6 цаг чанадаг байна. Энэ утгаараа ууцыг 30 мянган төгрөгөөр чанадаг бол өвчүүг түүнээс илүү үнээр чанадаг ажээ. Мөн ууцыг өндөр үнээр худалдаж авалгүйгээр гулууз махыг түүнээс хямд үнээр аваад ууцныхаар тусгайлан бэлтгүүлж, чануулж болдог байна. Гулууз махыг тусгайлан бэлтгэх, бусад махтай чануулах зэрэг нь багцаараа 45 мянган төгрөгийн өртөгтэй болдог аж. Мөн хөлдүү махыг гэсгээж, авчирсан цагаас хойш 24 цагийн дараа чанадаг ч иргэд аль болох хурдан болгохыг шаарддаг байна. Түүнчлэн цагаан сараас олон хоногийн өмнө эрт ууц, өвчүүгээ чануулбал дараалалд зогсож ажлаа алдахгүй, цагийг тулгаж чанах газар хайж явахгүй сайн талтай. Энэ тохиолдолд чанасан ууц, өвчүүг бүрэн хөрсний дараа гялгар уутаар битүү ороож, тагт болон амбаартаа хадгалах хэрэгтэй. Харин хөргөлгүйгээр гялгар уутаар ороосон тохиолдолд үнэр орох, муудах эрсдэлтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж