Мүн Жэ Ин: Японы тал хүлээцтэй, уян хатан хандах хэрэгтэй | News.MN

Мүн Жэ Ин: Японы тал хүлээцтэй, уян хатан хандах хэрэгтэй

Мүн Жэ Ин: Японы тал хүлээцтэй, уян хатан хандах хэрэгтэй

Мүн Жэ Ин: Японы тал хүлээцтэй, уян хатан хандах хэрэгтэй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2019.01.10/ шинэ оны анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ. Түүний онцлох байр сууриудаас дурдвал:

  • “Ким Жон Ун Бээжинд айлчилж, Си Жиньпинтэй уулзсан нь АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалт ойртож байгаагийн илрэл”
  • “БНХАУ дахь айлчлалынхаа дараа Ким Жон Уныг Сөүлд удахгүй айлчилна гэдэгт итгэлтэй байна”
  • “Дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх асуудалд Японы тал хүлээцтэй, уян хатан хандах хэрэгтэй”

Хагас цагийн турш үргэлжилсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Мүн Жэ Иний голчлон ярьсан асуудал нь Өмнөд Солонгосын эдийн засаг болоод Хойд Солонгостой харилцах харилцааны тухай байлаа. Тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийх дараагийн дээд хэмжээний уулзалт нь солонгосын хойгт энхийг тогтоох үйлсэд чухал түлхэц өгөх болно гэв.

Мэдэгдлээ хийж дууссаныхаа дараа тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултын дагуу солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц болон Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын хоригийн талаар байр сууриа илэрхийлжээ.

“Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын хоригийн асуудал хэрхэх нь тус улс цөмийн зэвсгээсээ ангижрах ажлыг хэрхэн хийхээс л шалтгаална. Тиймээс хориг арга хэмжээнүүдийг сулруулахын тулд тэд  цөмийн хөтөлбөрөө зогсоох илүү далайцтай ажил хийх нь зүйтэй гэж үзэж байна. Бид ч бас Хойд Солонгосыг дэмжиж, хамтран ажиллах болно. АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалтаар яригдах гол асуудал ч бас энэ байх юм” хэмээн Мүн Жэ Ин хэлсэн байна.

Түүнчлэн Японы эзэнт гүрний дарлалын үед солонгосчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн явдал дахин сөхөгдсөнөөс болж хоёр улсын харилцаанд таагүй уур амьсгал бий болоод байгаа нь Өмнөд Солонгост өрнөсөн бас нэгэн анхаарал татсан асуудал юм. Энэ тухайд Мүн Жэ Ин “Японы Засгийн газрыг түүхэн хэрэг явдалд илүү хүлээцтэй, уян хатан хандах хэрэгтэй. Японы эрх баригчид тус асуудлыг хэт дэвэргэж, олон нийтэд сурталчилж байгаа нь тийм ч ухаалаг явдал биш юм” гэжээ. Дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудал хоёр улсын цаашдын харилцаанд саад учруулахгүй байх арга хэмжээг авахад бэлэн байна хэмээн БНСУ-ын ерөнхийлөгч онцолсон байна.

Сөүлийн Дээд шүүхээс Дэлхийн хоёрдугаар дайны үед солонгос иргэдээр албадан хөдөлмөр эрхлүүлсэн компаниудаас нөхөн төлбөр шаардсанаас үүдэн Япон, Өмнөд Солонгосын харилцаа ээдрээтэй болжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн Өмнөд Солонгосын Дээд шүүхээс Японы  “Ниппон ган” болон “Сумитомо металл” компанийг нөхөн төлбөр төлөхийг албадаж, эд хөрөнгийг нь битүүмжлэх шийдвэр гаргаад байгаа юм.

Эх сурвалж: NHK

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж