Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээний эхний үе шатыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн өрнүүлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Атар-Өргөө, Мах маркет, ДЦС-4 ХК-ийн Эрчим зоогийн газар, СХД-ийн 112, 101, 226 дугаар цэцэрлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Номадс болон Бродвэй сүлжээ ресторан гэсэн 11 аж ахуйн нэгж хамрагдсан юм. Арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүд өнгөрөгч 10 дугаар сард үр дүнгээ танилцуулж, тэдгээрээс хоол, хүнснийхээ давсны хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан байгууллагыг "Дэлхийн хүнсний өдөр"-өөр шагнаж урамшуулсан.
"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний хоёр дахь үе шатыг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт. Хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг юм. Хэрэв зохист хэмжээнээс хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлж байна. Давс их хэрэглэх нь хеликобактери үүсэх таатай орчин болдог.
Судалгаагаар үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг учраас “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг зохион байгуулж, хоол, хүнсэн дэх давсны агууламжийг бууруулахыг зорьж байгаа юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Холбоотой мэдээ