Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн мөсөн талбайд өнөөдөр гурван тоглолт боллоо. Канадын төлөөлөл Оттава Сенаторс баг Анахайм Дакс багийн талбайд зочлон нэмэлт цагт 2-1 харьцаатай хожил байгуулж хожигдлын цувралаа зогсоов. Оттава өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ээс хойш найман тоглолт дараалан хожил авч чадаагүй байсан юм. Өнөөдрийн тоглолтын үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцээд байсан бөгөөд нэмэлт цагт Оттава Сенаторс багаас К.Вайт хожлын гоолыг оруулжээ. Тэгвэл ялагдал хүлээгээд буй Анахайм баг сүүлийн есөн тоглолтоос ганц ч хожил авч чадаагүй байна. Анахайм Дакс баг Өрнөд бүсийнхээ дөнгөж плэй-оффын бүсэд багтаж байгаа бөгөөд цаашид хожлын тоогоо нэмэгдүүлж чадахгүй бол плэй-оффт ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.
Мөн энэ өдөр Нэшвилл Предаторс баг Чикаго Блэйкхаукс багийг талбайд нь нэмэлт цагт хожсон бол Калгари баг Колорадо Эвеланш багийг 5-3 харьцаагаар хожсон байна.
Б.БЯМБАБАЯР