УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэргүүцлийн тайван жагсаал хоёр дахь удаагаа өнөөдөр /2019.01.10/ 12.00 цагт Сүхбаатарын талбайд эхлэлээ. УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцэгчид буюу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар санаачлан улстөрийн жагсаалд иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд нэгджээ. Жагсаалын үеэр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид өндөр хамгаалалттай ажиллаж буй. Тодруулбал, тэд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал"-ын үеэр аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг ханган ажиллаж байна. Төв талбайн төмөр хашлагаар хамгаалалт хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг хангахын тулд цүнх үүрсэн хүн уг хашаагаар нэвтрүүлэхгүй байсан юм.
Жагсаалын гол зорилго нь УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх, улмаар МАНАН бүлэглэлийг татан унагах. Ингэснээр олон олон жил Монголын төрд нүүрлэсэн, бугшсан олон хэргүүд илчлэгдэн, Монгол төрийн ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэнэ гэж энд цугларсан олон үзэж байгаа юм. Тайван жагсаалыг зохион байгуулагч нэр бүхий гишүүдийн байр суурийг хүргэе. Жагсаалын үеэр зохион байгуулагчдын зүгээс тайзан дээрээ жагсагчдад хандаж үг хэлсэн юм.
М.ЭНХБОЛД ОГЦОРВОЛ МОНГОЛ ТҮМНИЙ МАГНАЙ ТЭНИЙНЭ
УИХ-ыг гишүүн Л.Болд “Өнөөдөр энд цугласан олон түмэн “МАНАН” дэглэмийн эсрэг, 1990 оны хувьсгал шиг ялалтад хүрэх нөхцөл бүрдэж байна. Бид арванхоёрдугаар сарын 27-ны өдөр тулган шаардах бичгийг М.Энхболдод хүргүүлсэн ч хариу өгөөгүй, хаалгаа тайлаагүй. Гэхдээ бид М.Энхболдыг буюу "МАНАН" дэглэмийг буулгаж авна. Монголын төрийг цэвэрлэж шударга бусын хонгилыг нурааж, монголчууд бид эрх чөлөө эд хөрөнгө баялаг ирээдүйгээ олж авах хувьсал гэж харж байна. Ард түмэн их хурлаар дамжуулж биш өөрсдөө шууд шийдвэрээ гаргахаар түвшинд хүрлээ. Тийм гавьяа ч энэ хүнд байхгүй. Одоо М.Энхболдод ганц л сонголт үлдсэн. Тэр нь ард түмнийхээ өмнө үнэнээ хэлээд огцрох. Өнөөдөр талбай дээр ирж огцорсноо мэдэгдээд ард түмнээ баярлуулах хэрэгтэй. Тэгвэл монгол түмний магнай тэнийнэ” гэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өмнөх 27-ны өдрийн жагсаалаас тодорхой үр дүн гарсан. Их хурлын даргыг огцруулах үндэслэлийг төрийн тусгай горимоор Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авлаа. Өмнө нь төрийн байгуулалтын байнгын хороон дээр байнга унадаг байсан. Ард түмний ундуйцал бухимдлаас айж эмээж байгаагийн илрэл юм. "МАНАН"-ийн эсрэг тайван жагсаал дан ганц Улаанбаатарт биш 21 аймаг, дэлхийн 17-18 хотуудад монголчуудын хөдөлгөөн нэг дор өрнөж байна. Мэдээж гадаадад байгаа хүмүүс цахим хэлбэрээр тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Ард иргэдийн амьдрал 1990 оныхоос өөрчлөгдсөнгүй. Үүнд л ард түмэн бухимдаад байна. Баялагийн тэгш бус хуваарилалт, удирдлагын алдаанаас болж ард иргэдийн амьдрал сайжрахгүй байгаа гэдэгтэй бүх хүн санал нийлж байна. Хууль засагладаг төрийг бүтээж чадвал гадны хөрөнгө оруулалт сайжирна. Өөрөөр хэлбэл хууль сайн засагладаг газар гадны хөрөнгө оруулалт найдвартай орж ирдэг. Хөрөнгө оруулалт хэдий чинээ орж ирнэ. Иргэдийн амьдрал ахуй сайжирна” гэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол сэрж байна. Бидний эхний жагсаалыг олон улсын хэвлэлүүд 1990 оноос хойш хоёр дахь түүхэн жагсаал болсон” гэж тодотгосон. Үүнээс “МАНАН” бүлэглэл үүрээ эвдлүүлсэн шоргоолж мэт сандран гүйлдэж байгааг та бүхэн ажиглаж байгаа байх. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гэж гүрийж байсан бол одоо үнэн гэж хэлж байгаа шиг огт огцрохгүй гэж байсан их хурлын дарга өнөөдөр өөрийгөө огцруулах хуульд коноп дарахад хүрлээ. Энэ бол бидний хамтын ялалт. Монголчууд тайван замаар тамхины иш ч хаяахгүйгээр алдсан эрхээ олж авч байна. Монгол Улс дэлхийд эрэмбэлэгдэх газар нутагтай ч гэсэн өнөөдөр нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Үүнийг бид “МАНАН”-ийн буруу тогтолцооноос болсон гэж үзэж байгаа. Өнөөдөр олон жил шүд зуун тэвчсэн монголчууд шударга ёсны хувьсгал хийхээр дахин сэрж байна”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр бид “МАНАН”-ийн барьцаанаас монголоо гаргахаар энд цуглаад байна. Монгол түмэн төр засгаасаа их зүйл хүсээгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна. Монголын бизнес эрхлэгчид төр засгаасаа олон зүйл хүсээгүй. Зөвхөн бизнесийн шударга орчныг хүсэж төрийн дарамтыг бууруулж өгөөч ггэж хүсч байна. Өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 30 гаруй хүмүүс манай жагсаалд оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Дорнод аймгийн Матад, Халхгол сумын иргэд бидэнд нэг л зүйлийг ярьж байна. Тэд “Матад, Халхгол суманд газрын тос гараад 20 гаруй жил болсон. Гэтэл тэдгээр сумд өнөөдөр монголын хамгийн ядуу хөгжил муутай сум боллоо гэж ярьж байна. Тэр үнэн. Бид байгалийн баялгийн шударга хуваарилалтыг нэхэж энд жагсаж байна. Монголчууд төрийнхөө сүлдэнд залбирч идээ ундааныхаа дээжийг төрдөө өргөдөг ганцхан үндэстэн. Бид 28 жил хангалттай харсан. Бид 28 жил хангалттай тэвчсэн. Гэхдээ “Манан бүлэглэлийг бид даран унагана. Бид нэг л сэрсэн бол босдог ард түмэн”
Э.БУРАМ