Утаандаа үхэхгүйн төлөө жагсдаг болоосой

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Утаандаа үхэхгүйн төлөө жагсдаг болоосой

Утаандаа үхэхгүйн төлөө жагсдаг болоосой

УИХ-ын даргыг огцортол жагсахаа мэдэгдсэн хууль тогтоогчид өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь акциа зохион байгуулав. Уг нь тэд ганц УИХ-ын даргатай зууралдах бус нийслэлийнхээ 1.4 сая иргэний төлөө утаатай байлдах ёстойг У.Хүрэлсүхэд сануулж, жагссан бол илүү шударга, утга учиртай харагдах байлаа.

Гэр хороололд очоод үз, үүдэн хоймрын зайтай газар харагдахгүй байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгээр дүүрэн уушгины хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эмчлүүлж, эмч нар шөнө, өдрөө ч ялгахгүй болтлоо үхэлтэй тэмцэлдсээр… Монголын ирээдүй болсон бүхэл бүтэн нэг үе өнөөдөр эмнэлэгт байна. Энэ асуудал биш үү эрх баригчид аа?.

Сандал ширээний төлөө үхэн хатан зүтгэдэг шигээ яагаад агаарын бохирдлын эсрэг тэмцэхгүй, жагсахгүй байгаа юм бэ?.

Яагаад Засгийн газар юу ч санаж сэрж, хийхгүй суугаад байгаа юм бэ. Үхлээс ч айхгүй тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд яагаад утаатай тэмцэх тухай юу ч ярьсангүй вэ. Юу ч хийхгүй, юу ч ярихгүй байгаа энэ үйлдэл нь утааны улирал дуустал тэсэх нь тэсэг, тэсэхгүй нь үх гэж байгаагаас ялгаагүй сонсогдох боллоо. Хэдий болтол нийслэлчүүд тэсч, амь насаараа дэнчин тавих вэ?.

Тавантолгойн коксжуулсан нүүрсээр хийж байгаа боловсруулсан түлш агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэх нь үнэн юм бол үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ядаж хоёр дүүргийн гэр хорооллын хэрэглээг хангахад анхаарч ажиллаж болдоггүй юм уу. Баянхошуунд гаргасан хоёрхон цэгт ирдэг боловсруулсан түлш хаанаа ч хүрэлцэхгүй дуусаад байна уу, эсвэл хоёр цэгийг л хангах хэмжээний түлш үйлдвэрлэж байна уу. Иргэд боловсруулсан түлш хайгаад олохгүй байгаа тухай гомдол тавих боллоо. Өнөөдөр хоёр дүүрэг хангах хэмжээний боловсруулсан түлш үйлдвэрлэж чадахгүй байхад ирэх жил нийслэлийн 220 мянган өрхийн хэрэглээг хангах боловсруулсан түлш үйлдвэрлэж чадах уу.

Эрчим хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь үнэн юм бол ядаж л байшингаа цахилгаанаар халааж байгаа иргэдийн шийдэнд анхаарал хандуулж, хүчдэл нь буухааргүй болгож зас гэдэг үүргийг холбогдох хүмүүстээ өгч болохгүй юу, Эрчим хүчний сайд аа?. Гэр хорооллын 40 мянга гаруй өрхийг цахилгаан халаагуураар халаадаг болбол нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэдэг “үлгэр”-ийг сонсох бус үр дүнг нь мэдэрмээр байна.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ажил авсан цагаасаа ипотекийн зээлийн журмыг хөнгөвчлөх тухай их ярилаа. Хэдэн жил урьдчилгааг нь 25 хувь болгох тухай ярих юм бэ. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэгчлэн гэр хорооллыг барилгажуулахыг харсаар бултаараа нэг жилийг ардаа хийлээ. Ядаж л Яармагт Төрийн орон сууцны корпорацын захиалгаар баригдаж байгаа орон сууцандаа тогтмол орлоготой, гэр хороололд амьдардаг иргэдийг нэн тэргүүнд хамруулж, яндангийн тоог бууруулахад анхаарч ажиллахгүй бол ярьсаар суутал утаандаа иргэд нийтээрээ хордсоор.

Хятад улс агаарын бохирдлоо бууруулах зорилго тавиад таван жилийн дотор 50 хувиар бууруулж чадсан байна. Харин Монгол Улс 2008-2016 оны хооронд дотоодоосоо 164 тэрбум төгрөг, гадаадын эх үүсвэрээр 104.7 сая ам.долларын хөрөнгийг агаарын бохирдолд зарцуулсан хэрнээ яагаад үр дүн гардаггүй юм бэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч тэрбум, тэрбумаар тоологдох мөнгийг утаанд зарцуулсан. Үр дүн гарсан уу. Үүний төлөө жагсаал зохион байгуулагчид тэмцэх ёстой юм биш үү. Ирээдүй үеэ аврах тулгамдсан асуудал нь утаа болоод удлаа шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж