АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр /2019.01.09/ Иракт гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр Иракийн эрх баригчидтай АНУ-ын Сириэс цэргээ татах асуудлаар ярилцсан байна.
Ойрх Дорнодод айлчлал хийж яваа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Иракийн нийслэл Багдад хотноо тус улсын Ерөнхийлөгч Бархам Салих болон Ерөнхий сайд Адел Абдул Махди нартай уулзсан аж. Тэд “Исламын улс” бүлэглэлийг дарахад хамтран ажиллах, мөн АНУ Иракийн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх тухай ярилцсан хэмээн АНУ-ын Төрийн департментаас мэдээлсэн байна.
Иракийн Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр АНУ Сириэс цэргээ татах асуудалд яарахгүйгээр ул суурьтай, зохион байгуулалттай хандахын сацуу Ирактай зөвшилцөх замаар хамтран ажиллахаа амласан гэв.
АНУ Сириэс цэргээ гаргаснаар тус улсад төдийгүй Ойрх дорнодын аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн үзэх хүмүүс олон байгаа юм. Харин шинжээчдийн үзэж байгаагаар Майк Помпео тус ойлголтыг үгүй хийж, Д.Трампын санаачилсан цэрэг татах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Ойрх Дорнодод айлчилж яваа аж.
Түүнчлэн өнгөрсөн зул сарын баяраар Д.Трамп тэргүүн хатагтайн хамт Ирак дахь АНУ-ын цэргийн баазад гэнэтийн айлчлал хийх үедээ нийслэл Багдадад саатаж, тус улсын эрх баригчидтай уулзалгүй буцсан нь АНУ Сириэс цэргээ татах асуудалд Ирактай зөвшилцөх бодолгүй байна хэмээх бодлыг олон улсад төрүүлээд байсан юм. Харин Майк Помпео энэ удаагийнхаа айлчлалаар Ойрх дорнодоос цэргээ татах асуудалд Ирак улсыг ч бас бодолцож байгааг харуулахыг хичээж байгаа бололтой.
Эх сурвалж: NHK