АНУ-ын Аризона мужийн Финикс хотын “Hacienda” эрүүл мэндийн төвд 14 жил ухаангүй байсан эмэгтэй хөл хүнд болж, арванхоёрдугаар сарын 29-ны өдөр хүүхдийг нь төрүүлжээ. “Hacienda” эрүүл мэндийн төв нь өөрийн биеэ хянах чадваргүй өвчтөнүүдийг асрах үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг бөгөөд энэхүү хэргээс үүдэн тус төвийн дарга Билл Тиммонс өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэлсэн ба тус эмнэлгийн эрэгтэй ажилтнуудаас амны арчдасын шинжилгээ авч, ДНК-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Эмэгтэйг бэлгийн хүчирхийллийн хохирогч гэж үзэж байгаа учир нэрийг нь нууцалж, төрөх хүртэл эмнэлгийн ажилтнууд жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан эсэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас нууцалж байгаа юм байна.
Хохирогч эмэгтэй Америкийн уугуул Апачи омгийн хүн ажээ. Усанд живсний улмаас 14 жилийн турш ухаангүй байгаа ба гэр бүлийнхэн нь энэ мэдээг сонсоод ихэд цочирдсон байна. Эмэгтэйн өмгөөлөгчийн мэдээлснээр гэр бүлийнхэн нь охиноо ийм байдалд орсонд цочирдон харамсч байгаа ч хүүг нь найрсаг дотноор хүлээн авч, сайн асарч халамжлахаа мэдэгдсэн гэнэ.
Эх сурвалж: CNN