Чуулган: Ардчилсан намын бүлэг зургаан цагийн завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Ардчилсан намын бүлэг зургаан цагийн завсарлага авлаа

Чуулган: Ардчилсан намын бүлэг зургаан цагийн завсарлага авлаа
03 : 58
2019-1-11

Чуулган: АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өнөө шөнөдөө багтаад баталъя гэдэг горимын санал гаргасан ч гишүүдийн олонх эсэргүүцсэн юм. Тэрбээр Өнөөдөр УИХ хулхидаж болно. Тоглоом биш шүү. 1990 оны бүх хөдөлгөөн тэмцэлд би оролцож байсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх ёстой. Албан тушаалтай булаацалдсан хүн байхгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Л.Болд гишүүн их сайхан ярих юмаа. Олон ч удаа сонсож байна. УИХ-ын даргын гурван хуудас шаардлагыг 30 хуудас гэж хүртэл яриад ингэж худал ярихаа боль. Юундаа яарч шөнө дөлөөр батлах гэж яараад байгаа юм. Хүзүү дагуулж гуя оруулж ирсэн шүү. Арга буюу л өнөөдөр л хэлэлцэж байна. ҮАБЗ-өөс оруулж ирсэн зөвлөмжийг хүндэтгээд асуудлыг хэлэлцэж байхад  шөнөдөө  хуулийн төслийг баталъя гэж дайраад байх юм. МАН үл ойлголцлоо ойлголцол болгох гэж ажлын хэсэг хүртэл байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан. Зөвшилцлийн ажлын хэсэгт орсон гишүүд энд орж ирээд өөр зүйл ярьцгааж  нэгнээ хуурахаар яаж бие биедээ итгэх юм бэ. Ингэж 28 жил явж ирсэн. Одоо бүр хүч хэрэглэдэг боллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Маргааш чуулган хуралдана. Уг нь сайдад горилж байгаа Ч.Улаан гишүүнийг хэлэлцэх асуудлаа маргааш болгоё гэх болов уу гэсэн чинь гүрийгдээд л суугаад байх юм.  Хуулийн төслийг маргаашдаа хэлэлцээд дуусгая гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Бид нар дур зоргоороо ярьдаг болсон. Энэ асуудал Л.Болд мэтэд хамаагүй л дээ. Л.Болдын үгэнд итгэж дэмжиж байгаа нь бас л харамсалтай. Өдөр Н.Номтойбаяр бид хоёрыг 200 цэрэг бэлдсэн цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж хүртэл худал ярьсан. Энэ талаар хэнээс юу сонссон тухайгаа бичгээр надад мэдэгдээрэй. Хэрэв нотолж чадахгүй бол би өргөдөл гаргана шүү. Мэдрэл муутай хүмүүсийн үг яриа үйлдэлд бид автаж хөөрхий 64 гишүүн дотроо хуваагдсан нь үнэхээр харамсалтай. 1950 оны сайд ах нар энэ намыг ийм хүртэл нь явахад  биднийг больцгоо, хэл амаа ол гэж хэлээд намынхаа эв нэгдлийг хангах боломж байсан. Амиа биш намаа бодох цаг болсон юм шүү. 2016 оны сонгуулиар ард түмэндээ амласан амлалт гэж бий. Л.Болд 2020 онд манай намыг хорлоно оо. Үүнийг нь мэдэхгүй манай гишүүд дагаад явж байгаа нь харамсалтай. Хутган үймүүлэгч нь Л.Болд чи өөрөө шүү.

Гишүүд санал хэлсний дараа үргэлжлүүлэн дараагийн хэлэлцэх асуудал болох УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий прокурор болон Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороодын санал дүгнэлтийг хэлэлцэж, гишүүд асуулт, тодруулга авч байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Зээл олгосон хүмүүс нь ном журмынх нь дагуу олгосон гэдгийг хуулийн байгууллагад мэдүүлсэн байсан шүү дээ. Хэдэн удаа байцаахыг нь заах гэсэн юм биш. Мөрдөн байцаалтад саад учруулсан эсэхийг нь асуухад учруулаагүй гэдгээ хэлсэн. О.Баасанхүү өмгөөлөгч байсан юм бол өмгөөлөгч хүн шиг юм яриарай. Яллах биш яллахын эсрэг байдаг хүн бол өмгөөлөгч, чамайг харахаар яллагч л харагдаад байх юм. Асуудал шалгагдаад төгсгөлийн шатандаа орж байгаа гэж УЕП хэлсэн. Байсхийгээд л нэг гишүүний асуудлыг ярьдаг болох ийм дүр зураглал харагдаад байгаа юм. О.Баасанхүү чи өдөржин загналаа. Одоо боль. Чамд загнуулах гэж энд гишүүд суугаагүй шүү. Зүгээр асуул даа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-2016 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн ажиллаж байсан хувийн эзэмшлийн аж ахуй нэгжүүдийг бүгдийг нь шилжүүлсэн. Одоо ямар ч аж ахуй нэгжийн хувьцаа надад байхгүй. Зээлийн асуудлыг би асууж тодруулсан. Сонгон шалгаруулалтад ороод 2018 оны наймдугаар сард тушаал нь гарч төсөлд хамрагдсан гэсэн албан бичиг ирсэн. Импортын бүтээгдэхүүн орлох бүтээгдэхүүний төсөл байсан юм билээ. Энэ төслийг дэмжээд өгөөч гэж би ямар ч албан бичиг болон утас цохиогүй. Ингээд 2018 оны аравдугаар сарын сүүлээр ЖДҮХ-сангаас мөнгө нь орсон юм билээ. Ажлын 21 хоногт авсан зээлээ буцааж төлсөн гэдгийг төслийн багийнхан надад хэлсэн.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Шударга ёс яриад байсан Л.Болд гараад явчхаж. Хонгил яригдаад нэлээн удлаа. Манай Ц.Нямдорж дарга олон жил ярьсан, манан бүлэглэл гэж их ярьж байгаа. УЕП чуулганы хуралдаанд орж ирсэн дээр хонгил гэдэг нь хэзээ баригдаж одоо ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөөч. 2014 онд энэ хэллэгийг Н.Алтанхуяг сайд хэлж байсан л даа. Би Ц.Нямдоржийг мэднэ л дээ. Үе үе хэн нэгнийг тойрдог ах нар шударга царай гаргаж энд битгий загнаад бай. Ц.Нямдорж сайдаа, хэн нь УИХ-ын дарга болох гэж байгаа юм. Нэрээ тодруулсан уу, тохироогоо хийсэн үү. Ц.Нямдорж олон жил  сайдаар нь ажиллачхаад хонгил гэдгийг яагаад мэдээгүй өнгөрсөн юм. Анх сонгогдсон залуу гишүүдэд баавар царай гаргаад байх шаардлага байхгүй.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 

-Би шударга бусын хонгилыг мэдэхгүй. Сүүлийн үед л энэ үгийг их хэлдэг боллоо. Би сүүлийн дөрвөн жил хууль хяналтын байгууллагыг толгойлж ажиллаж байна. Намайг Ерөнхий прокурор болсноос хойш шударга бусын хонгил гэдгээр хүн чирэгдсэн үү,  та нар мэдэж байгаа. Надаас өмнө чирдэг байсан эсэхийг би мэдэхгүй. Хэрэв хонгил гэж байдаг бол одоо байхгүй болсон. Байхгүй хонгилд өөр тайлбар хэлэх юм алга.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Хонгилд нь хэвтэж байгаад гарч ирээд уйлаад байсан нь Ё.Баатарбилэг чи шүү дээ. Энийг чинь л яриад байна.

Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дөрвөн цагийн завсарлага авах горимын санал гаргасан юм. Өөрөөр хэлбэл, үүр цайтал хуралдсан чуулганы хуралдааныг өнөөдрийн 10.00 цагт хуралдуулах горимын санал гаргасныг дэмжиж, чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. 

03 : 29
2019-1-11

Чуулган: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжлээ

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн  УИХ-ын  Дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын даргыг гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулна гэж тусгажээ. Хууль санаачлагчийн илтгэлийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ хууль ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хэлэлцэх гэж байна. ҮАБЗ-д гурван хүн бий. Энэ гурван хүн ҮАБЗ-д ямар харшлах, аюултай зүйл гарлаа гэж энэ хуулийг хэлэлцэж байна вэ. Өмнө нь утааны эсрэг жагсаал болдог байсан бол одоо УИХ-ын даргыг огцруулахын тулд жагсдаг болж.  ҮАБЗ-ийн хуралдаанаар утааны асуудал ярьсан уу? Улс оронд ямар аюул учирсан юм бэ. Энэ хууль батлагдсанаар хэдэн дарга, хэдэн парламентын тогтворгүй байдлыг бий болгох вэ. Энэ хууль нэг хүнд зориулсан юм уу, нийтийнх юм уу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Гадаа -30 хэм, олон хүн гэр бариад талбай дээр буусан үед ҮАБЗ хуралдахаас өөр арга байгаагүй. УИХ-ын чуулган сар гаруй хуралдаагүй гацсан, талбай дээр хүмүүсийг хонуулахгүй, дараагийн удаа жагсаал хийлгэхгүйн тулд танхим дотроо асуудлаа яриад, нэн даруй хэлэлцээд явдаг байхаар санал болгосон. ҮАБЗ-ийн ямар зөвлөмж гаргах, гаргахгүй та зааварлах эрхгүй. Энэ зөвлөмжийг гишүүд анхааралдаа авч, хурдан баталж өгвөл сайн байна. Бусад асуудлаар хариулт өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хууль бусад хуулийн нэгэн адил удаан үргэлжлэх байх. Хэрэгцээгүй гэж бодож байгаа бол УИХ хүчингүй болгож болно. Нэг хүнд зориулсан хууль байдаггүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Та өөрөө УИХ-ын дарга байсан хүний хувьд ийм хууль бариад гүйж байгаа тань сонин санагдаж байна. Таныг УИХ-ын дарга байхад ийм хууль орж ирсэн бол хэрхэн хүлээж авах байсан бэ. Хууль хэрэгжсэнээр Монголын төрд ямар ашигтай вэ. Монгол төрийн дархлаа суларна. Засгийн газар олонхын тодорхой бүлэглэлийн лоббигоор тогтворгүй байдал нь үүсдэг шиг парламентын тогтворгүй байдал үүснэ. Та Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүний үгээр ийм хууль бариад явж байгаад тань гайхаж байна. Та ийм өчүүхэн, өөдгүй, арчаагүй, дархлаагүй хүн байсан юм уу. Парламентын дархлаа үгүй болж, энэ танхимд сууж байгаа бүх хүмүүс хэн ч биш болно. Өнөөдөр энд шударга бусын хонгилын эзэн хэн байх вэ гэдэг тулаан л үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-С.Эрдэнэ гишүүн парламентын дархлааны талаар буруу ойлголттой байна. УИХ-ын дарга огцрох таван шалгуур дээр нэг л заалт нэмж байгаа юм. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа энэ бүхнийг тооцсон. Харин ч илүү их дархлаатай болно.

Асуулт, тодруулга авсны дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Ардчилсан Үндсэн хуультай, парламентын засаглалтай орон. Төрийн ямар ч тогтолцоотой бай дархлааг нь сайжруулах ажлыг хариуцлага өндөртэй улс орон хийдэг юм билээ. Яг үнэндээ ийм хууль орж ирсэн нь харамсалтай. Гэхдээ цааш цаашдаа нэг улс төрийн нам үнэмлэхүй олонх болоогүй нөхцөлд энэ парламентын дархлаа байхгүй болно доо. УИХ-ын дарга болох хүсэлтэй хүмүүст бол сайхан л байгаа. Яг төрийн дархлаа, зарчим бодож байгаа нөхцөлд их эмзэг болж байна. Монгол төрийн босго намсч байгаа шүү. Энэ хүнийг чөлөөлөөд буцаагаад энэ хуулиа хүчингүй болгоорой гэдэг нь бараг үнэн шүү. Тиймээс би нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмждэг байхаар хуульд оруулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Энэ бол өөрөө төрийн дархлааг сайжруулж, босгыг өндөрсгөж байгаа. Нэгэнт энэ хууль ороод ирсэн юм чинь батлаад явах нь зөв юм. Асуудлаа шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэ буруу алхам шүү, засах ёстой шүү. Ер нь цаашид хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг зарчмаар явах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Хоёр сар гаруйн хугацаанд хуралдахгүй байж байгаад маш чухал хууль орж ирэхээр ярих хүнгүй болсон нь сонин байна. Хууль сахих, ардчилсан Үндсэн хуулиа хамгаалдаг нам гэж МАН-ыг боддог байсан өнөөдөр төгсч байна. Хэдийгээр өнөөдөр түр зуурын улс төр явж байгаа ч сэтгэлдээ ардчиллын үнэ цэнийг мэдэрч байгаа. Эрх баригчдын талцлаас үүдэн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын дархлаа суларч байгаа нь туйлын үнэн. Энэ 75 гишүүн дотроо харамсаад сууж байгаа гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ нэг хүнийг огцруулахын тулд энэ хуулийг санаачилж байгаа гэдэгт би итгэхгүй байна. Би энэ хуулийг хэлэлцэхийг дэмжинэ гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Ард түмэн 2016 онд 65 суудал МАН-д өгсөн. Монгол Улсын төрийн эрх дээд байгууллагыг хоёр сар шахам гацаалаа. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өмнө нь хэлэлцэгдэхээр байсан. Бид шөнө дөл хуралдахгүйгээр хэлэлцэх боломж байсан. Бид 65-уулаа. Иргэд сонгогчдынхоо эрх ашгийн төлөө мэтгэлцээд сууж байх байсан. Бид дэндүү арчаагүй байна. Гэтэл бид иргэдээ жагсаал цуглаанд турхирч, хоёр сар МАН-ын хоорондоо сошиалаар хэлэх, хэлэхгүй үгээр дайралцав. Гэхдээ бид Монголын хойч үе, залуучуудаа ямар болгож хүмүүжүүлж байна вэ. Цаашид ийм баймааргүй байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Одоо чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байна.

02 : 36
2019-1-11

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 02:00 цагт эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй, үлдсэн асуудлыг маргааш хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, бусад асуудлыг маргааш хэлэлцэх ёстой гэдгийг хэлж байлаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бид Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийг өнөөдөртөө хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг ярилцсан. Харин УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг амжвал хэлэлцэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Би намынхаа гишүүнээс татгалзах, бүлгээсээ гарах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Энэ талаар танилцуулна уу.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Нам улс төрийн шийдвэр гаргасан байхад манай хоёр гишүүний байр суурь өөр байсан. Намын шийдвэр гаргахдаа Ж.Батзандан гишүүнийг намаас хассан, Л.Болд, Д.Мурат нарын гишүүдэд нам арга хэмжээ авсан. Бид энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн та Ардчилсан намын дүрмийн дагуу асуудлаа шийдвэрлэх ёстой. УИХ-ын хуулийн дагуу Л.Болд гишүүний хүсэлтийг гаргаж, шийдвэрлэж өгнө.

Ингээд гишүүд саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанд оруулах эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас өнөөдөр хэлэлцэхээр боллоо. Мөн ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн  УИХ-ын  Дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг эхэллээ.

02 : 02
2019-1-11

ТББХ: Г.Солтан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд УЕП М.Энх-Амгалангаас асуулт асуув. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн. Хэвлэлийнхнийг шөнө дөл хүртэл хуралдуулж байгаа нь танаас болж байгаа шүү. Ёсзүй гэж байгаа бол уучлалт гуйж болно доо. Гэтэл тэр компаниас нь асуу гэж хэвлэлийнхэнд хэлж байсан. Бид компанийн тухай асуудал яриагүй биз дээ. Хулгайтай тэмцмээр байгаа бол жижгээс нь эхэл. Тоо хүртэл тэгээс эхэлдэг. Том том хулгайтайгаа тэмцье гэвэл хууль шүүхийн байгууллагад нь баримтуудыг нь өг.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Солтан гишүүний хүүтэй хамааралтай компани. ЖДҮ-гээс авсан мөнгөө эхнэрийнхээ дансаар оруулуулсан.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Асуудлыг нь хэлэлцэхэд тухайн гишүүн өөрөө байх ёстой учраас Г.Солтан гишүүнийг хүлээсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Засгийн газрын харъяа тусгай сангуудыг байхгүй болгож мухарлах хэрэгтэй. Мөн УЕП аливаа асуудлыг оруулж ирэхдээ цаг хугацааны хувьд дандаа эргэлзээ, хардлагыг төрүүлдэг. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал жагсаал, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл зэрэгтэй давхцаж байгаа нь өөрөө нийгэмд улстөржүүлж харагдаж байна. ЖДҮ-тэй холбогдсон бүх гишүүдийг оруулж ирээгүй атлаа яагаад дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирэв. Т.Ганболд гэдэг хүнийг мэдээлэл өгсний дараа яагаад Д.Дорлигжавыг баривчлав гэдгийг тэрбээр хэлэв.

Үүний дараа ЗГХГ-ын дарга Г.Занданшатар О.Баасанхүү гишүүнд хандан асуудлыг хэт улстөржүүлж байгааг шүүмжлэв.

Ингээд Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Г.Солтан гишүүнд хамаарах асуудлаар Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулав. Гишүүдийн 76,9 хувь нь түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй.

Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Одоо УИХ-ын чуулган хуралдана.

01 : 11
2019-1-11

ТББХ: Д.Дамба-Очир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүнийг түдгэлзүүлэх саналаа танилцууллаа. Тэрбээр, “УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас зээл олгохдоо албан үүрэг, эрхээ эдлэн бусдад давуу байдал олгосон гэж үзэж хэргийг шалгаж байна. ЖДҮХС-аас зээл авсан компанид 1,2 тэрбум төгрөгийн зээл олгоход УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэл тогтоогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж байна” гэлээ. Үүний дараа мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны саналыг танилцуулсан бөгөөд

Танилцуулгын дараа УИХ гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би Д.Дамба-Очир гишүүнийг ийм зүйл хийсэн гэдэгт итгэхгүй байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын компани ЖДҮХС-аас зээл авсан гэдэг мэдээлэл гарсан. Яагаад энэ хүмүүсийг оруулж ирэхгүй байгаа юм бэ? Энэ хүмүүсийн талаар хэвлэлээр мэдээлэл маш их гарч байсан. Яагаад тэр хүмүүсийг оруулж ирээгүй юм бэ. Д.Дамба-Очир гишүүн хэлэхдээ намайг зөөлчилж байна гэсэн тайлбар хэлж байсан. Яагаад эхний дөрвөн хүнд оруулж байгаа юм бэ.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Дөрвөн гишүүн оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах байгууллага, нөхцөл байдал тогтоогдлоо гэж үзэж санал оруулж ирсний дагуу прокурор хянаж, шийдвэрээ гаргасан. Түүнээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ямар нэг байдлаар онцгойлон оруулж ирээгүй. Түрүүний яригдсан хүмүүсийн хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой болсны дараа оруулж ирэх шаардлагатай бол оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Таны албан бичиг дээр Д.Дамба-Очир гишүүний нэр дээрх бланк дээр гурван үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд барьцаанд байршуулна гэжээ. УИХ-ын гишүүнд давуу эрхээ ашигласан учраас ийнхүү оруулж ирж байна гэж ойлголоо энэ зөв үү. Мөн Халдашгүй байдлын дэд хорооноос мөрдөн шалгалт дуусгах ажиллагаа дуусаагүй учраас энэ удаад түдгэлзүүлэхгүй гэсэн. 

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн.

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Н.Энхболд:

-Халдашгүй байдлын дэд хорооноос гурван үндэслэл гаргасан. Нэг биш нилээд хэдэн гишүүдийн асуудал яригдаж байгаа, зарим нь мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орж байгаа гэж прокурор танилцуулсан. Прокуророос цаашид нэг эсвэл хоёр зэргээр нь оруулж ирж болзошгүй гэдгээ хэлсэн. Халдашгүй байдлын дэд хороо бол хүнийг буруутай, буруугүйг нь тодорхойлдоггүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр энэ хэргийг шалгаж болох уу, үгүй юу гэдгийг л харж, дүгнэлт гаргадаг.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Энэ УИХ-д сууж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь ЖДҮ, 60 тэрбум, шударга ёсныхон, шударга бусынхан гээд хуваагдчихсан. Энэ байдлаараа Монгол төрд байгаагүйгээр гацсан, талцсан, тэмцсэн зүйл боллоо. Энэ байдал арилаасай, ойлголцож, учраа олоосой гэж хүсч байна. 2016 оны сонгуульд ард түмэнд өгсөн амлалтаа МАН биелүүлээсэй. Мөрийн хөтөлбөрт итгэлийн зээл олгоно гэж ярьж, хэлсэн. Ард түмэн ч итгэсэн байх. Өнөөдөр энэ итгэл нь ийм зүйл болчихлоо. Анх ЖДҮХС-нд мөнгө тусгах асуудал эхлэхэд л би шүүмжилж байсан. Яг ийм зүйл болно шүү, салбарын яаманд байршуулах нь буруу аль нэг банк эсвэл орон нутагт шилжүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ бие биенийхээ мууг үзэх гэж байгаа биш. Бид бол улс төрийн намын төлөөлөл болоод жил гаруйн дараа ард түмэндээ очиж дүнгээ тавиулна. Бид одоо юу ярьж очих вэ гэдгээ Халдашгүй байдлын дэд хорооны ах нараараа заалгаж аваад л очино доо. 

Ингээд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

00 : 56
2019-1-11

ТББХ: Л.Энхболд гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

УИХ- ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан 23:45 цагаас эхэлж, 73.8 хувийн ирцтэйгээр Улсын ерөнхий прокуророос ирсэн Л.Энхболд гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ  "Та зээлээ аваад зээл төлсөн юм уу. Үндэслэл дээр чинь тэгэж дурдагдсан байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД: Би зээл авсан, зээлээ төлөөгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: Манай Архангай аймгийн 45 ААН нийлээд 850 сая төгрөгийн зээл хүссэн. Тэд зээлээ авсан бол 200 гаруй ажлын байр шинээр үүсэх байсан. Одоо олон сонгогдсон гишүүд шударга ёс яриад л байдаг. Гэтэл энэ гишүүдээ өмгөөлөөд байх юм. Энэ яг гэмт хэрэг мөн юм уу.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН: Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан. Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм. Яах аргагүй гэмт хэрэг. Тийм учраас л оруулж ирсэн.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Л.Энхболд гишүүнд хамаарах асуудлаар Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулав. Гишүүдийн 73.3 хувь нь түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй.

00: 45
2019-1-11

ТББХ: УИХ-ын гишүүн Б.Ундармааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ.  Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингээд байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах, нээлттэй явуулах дээр гишүүд горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас байнгын хорооны хуралдаан нээлттэй хэлэлцлээ.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн оролцохоос 14 гишүүн оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхий прокурор “ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг сонгон шалгаруулалтаас хасагдсан компанийг сонгон шалгаруулж, зээл олгосон. Үүнд нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг танилцуулсан юм.

Үүний дараа Халдашгүй байдлын дэд хорооны саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр, “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс тодруулга авсан. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-АТГ нэг удаа дуудаж, байцаасан гэж байна. 10 удаа дуудагдах ёстой юу. Сүүлийн үед маш олон гишүүдээс шударга бусын хонгилоор орлоо гэж ярих боллоо. Ерөнхий прокурорын зүгээс энэ асуултад хариулт өгнө үү. Зарим гишүүдийн зүгээс бүрэн эрхээсээ түдгэлзэхийг хүссэн ч шударга бусын хонгил бий болох гээд байна гэх мэтээр яриад байна. Үүнд тайлбар өгнө үү.  Хэвлэлээр ЖДҮ-тэй холбоотой маш олон гишүүд холбогдож байгаа гэх яриа байгаа ч яагаад дөрвөн гишүүнийг оруулж ирж байгаа юм бэ. Олон нийтэд үнэн мэдээлэл өгнө үү. Ц.Нямдорж та мафийн толгойлогч байгаа гэж яриад байна. Түүнийгээ одоо зарлана уу. Хууль тэгш үйлчлэх ёстой.  УИХ-ын дарга, Хууль зүйн сайд байна уу хамаагүй, тэгш үйлчлэх ёстой.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Шударга бусын хонгил гэдгийг өөрийнхөө үйлдэлд эрүүгийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн яриа байх гэж би бодож байна. Миний ажиллаж байсан түүх бол хуулийн байгууллагад насаараа ажиллаж, толгойлж явсан. Би өөрийнхөө амьдралын түүхээс үзэхээр хуулийн байгууллага хэн нэгнийг шударга бусын хонгилоор чирээд явж байсныг би мэдэхгүй. Ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө тайлбарлах байх. Энэ дөрвөн гишүүний хувьд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдах нөхцөл байдал үүссэн гэж түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байгаа. Цаашид ээлж, дараатайгаар оруулж ирнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Би Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлттэй холбоотой асуултад хариулт өгнө. Хэн нэгэнтэй хэрүүл хийх сонирхол алга. Хаалттай хуралдаанаар дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцсэн. Мөрдөн байцаалтын ажилд саад болж магадгүй гэсэн утгатай бичиг прокуророос оруулж ирсэн. Тэгээд гишүүдээс дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгсөн үү гэдгийг нь асуухад өгсөн гэсэн. Хууль мэддэг, мэддэггүйн тухай яриад байна л даа. Би энэ хуулийг чамаас хамаагүй илүү гадарлана шүү, О.Баасанхүү. Олон гишүүдийн нэр дуулдаж, шалгалт төгсгөлийн шатандаа яваа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Шалгалт эцэслэгдэж дууссаны дараа нэг мөсөн оруулж ирээч гэж байгаа юм. Зээл авсан гэдгээ мэдэгдсэн гишүүд нэг бус байгаа. Тийм гишүүдийн асуудал орж ирээгүй. Ер нь энэ УИХ-ын гишүүд чинь гишүүнээр сонгогдоод өмнө нь удирдаж байсан компанийн аж ахуйн ажлаа өгөөд л сонгогддог. УИХ-ын гишүүн Г.Солтан гишүүн орон нутагт томилолттой байсан учраас өнөөдөр дэд хороо хуралдсан.

-УИХ-ын дарга М.Энхболд:

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дунд УИХ-ын даргын хувьд нэр заагдсан гишүүдтэй тус тусад нь уулзсан. Г.Солтан гишүүнтэй уулзаж чадаагүй. Энэ гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, түдгэлзүүлэх асуудлыг захиалгаар хууль хяналтын байгууллага оруулж ирж байгаа, хууль хяналтын бүх байгууллагыг толгойлж, удирдаж байгаа хүн нь М.Энхболд гэсэн яриа ил, далд хэлбэрээр их явагдаж байна. Надад ямар нэг хуулийн байгууллагыг хянадаг, нөлөөлдөг асуудал байхгүй. Танд УИХ-ын гишүүд, даргын зүгээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн зүйл бий юу. Танд ямар нэг нөлөөлөл байгаа юу. Энэ асуудалд зөв зүйтэй тайлбар өгнө үү.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Хууль хяналтын байгууллага хэний ч хараат бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний баталгаа нь би өөрөө. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй хэдхэн асуудлаар хуулийн хүрээнд харилцдаг, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Би М.Энхболд гэдэг хүнээс заавар, даалгавар авах хүн биш. Улс төрийн зорилгоор хууль, хяналтын байгууллагын ажлыг үнэгүйдүүлэх нөхцөл байдлаа болиоч ээ гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хууль хяналтын байгууллага улстөрчидтэй холбоотой хэрэг шалгахаараа сүр дуулиантай баривчилж, сар хорьж, эмнэлэгт хэвтдэг тэгээд сураггүй алга болдог. Энэ үйл явц нь өөрөө хуулийн байгууллагыг  улстөрчдийн гар хөл болсон гэдэг хардлагыг бий болгож байна уу гэж бодож байна. Шударга бусын хонгилын толгойлогч М.Энхболдын заавраар оруулж ирж байна гэж зарим гишүүд ярьж байна. Гэтэл нэг хэсэг нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн заавраар оруулж ирж байна гэдэг хардлага хоёр талд байгаа юм. Тиймээс  хууль, хяналтын байгууллага асуудал бүрийг тухайн цагт мэдээлж байх нь зөв юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр манай намын 65-ын бүлэг хоорондоо талцаж, бие биенээ хардаад сууж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүд зарчимтай, шударга байх ёстой. Үнэхээр зарчимтай, шударга байх юм бол айгаад байх зүйлгүй, хэний ч өмнө ийм зүйл хийгээгүй гэдгээ ил тод хэлэх хэрэгтэй. Цаашид бид аливаа асуудлыг хуулийн дагуу хаалттай хэлэлцэх ёстой бол хаалттай, нээлттэй хэлэлцэх ёстой гэж бодож байна.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. 

Одоо байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

23 : 45
2019-1-10

Байнгын хороо: Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан компанид албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй, өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ерөнхий прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх санал оруулж ирсэн юм.

Тиймээс энэ асуудлыг хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Одоо эдгээр гишүүдийн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

22 : 11
2019-1-10

Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулган хоёр цагийн өмнө зарлагдсан ч одоогоор эхлээгүй байна. Чуулганы хуралдааны ирц 54,7 хувьтай бүрдсэн ч УИХ-ын даргыг орж ирэхийг хүлээж байна. Түрүүхэн МАН-ын бүлгийн даргын өрөөнд цөөн хэдэн гишүүд уулзалдсан юм. Яг одоо МАН-ыг эвлэрүүлэх ажлын хэсэг хуралдаж байна гэсэн мэдээлэл байна.

Мөн яг одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаж байна. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингээд Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

20 : 14
2019-1-10

ҮАБЗ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг өнөөдрийн дотор батлахыг зөвлөжээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнөөдөр /2019.01.10/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх чиглэл бүхий зөвлөмжид гарын үсэг зуржээ. Энэ талаар жагсаал зохион байгуулсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Тэдний танилцуулснаар ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдрийн дотор хэлэлцэн, батлахыг шаарджээ. Энэхүү зөвлөмжд ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа гарын үсгээ зурсан байна.

19 : 33
2019-1-10

УИХ-ын чуулган Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэх гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан яг одоо хуралдах гэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Учир нь өнөөдөр ҮАБЗ яаралтай хуралдаж, үүсээд байгаад нөхцөл байдалд дүгнэлт хийсэн байна.

ҮАБЗ-ийн хурлаар УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхоор үүрэгт ажлаас нь чөлөөлөх төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр болсон учраас УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг түр хойшлуулсан байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэний дараа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Гэхдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон МАН-ын бүлгийн хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн Хуулийн дагуу энэ асуудлыг УИХ-ын хоёр байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь хуулийн хугацаатай буюу 48 цагийн дотор УИХ хэлэлцэх ёстой. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. 

17 : 08
2019-1-10

МАН-ын бүлэг: Гишүүдийг түдгэлзүүлэхгүй, Ерөнхийлөгчийн төслийг дэмжинэ

 
12 : 31
2019-1-10

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг байнгын хороо хаалттай хэлэлцэнэ

Одоо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах бөгөөд УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх эсэх прокурорын саналыг хэлэлцэх юм.

Мөн өнөөдөртөө буюу хуулийн хугацаанд багтааж, УИХ хариугаа гаргах ёстой юм. Гэхдээ байнгын хороод болон чуулганы хуралдаан хаалттай хуралдах юм. 

11 : 52
2019-1-10

Дэд хороо УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. 

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:

-Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаа буруутай, буруугүйг шийдээд, гарцаагүй гэж үзсэн асуудал байвал оруулж ир. Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 100 хувийн саналаар хүлээж авсангүй” гэдгийг тэрбээр тодотгов.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокуророос "УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй, хамаарал бүхий компани зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж, хэрэг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх" саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна. 

 

11 : 09
2019-1-10

Дэд хорооны хурал эхэлж, Г.Солтан оролцож байна

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая Төрийн ордны Г танхимд эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэж байна. Тэрбээр, орон нутагт томилолттой байсан учраас өчигдөр хэлэлцэж чадаагүй, дэд хорооны хуралдаан хойшилсон юм. Тиймээс Г.Солтан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэний дараа дэд хороо шийдвэрээ гаргах юм.

УИХ-ын гишүүн Г.Солтан өөрөө дөнгөж сая дэд хорооны хуралдаанд орлоо. Энэ үеэр “Прокуророос санал гаргасан бол би шалгуулахад бэлэн байна. Бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг миний дөрөвдүгээр тойргийн сонгогчид маань мэднэ. Ямар ч УИХ-аас шийдвэр гарах байх” гэсэн тайлбарыг өглөө.

Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал оруулсан гурван гишүүний асуудлыг хэлэлцсэн юм. 

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн бөгөөд хуулийн дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. 

08 : 12
2019-1-10

Халдашгүй байдлын дэд хороо үргэлжлүүлэн хуралдана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт томилолттой явсан учраас Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаж чадахгүй завсарласан хуралдаан өнөөдөр 09.30 цагт хуралдах товтой байна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "УИХ-ын гишүүд болон Ерөнхий прокурор нарын мэдээллийг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт томилолттой яваа учраас дэд хорооны хуралдааныг түр хойшлуулсан. Гишүүн нь өөрөө байхгүй байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжгүй" гэсэн тайлбарыг өгсөн. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон түдгэлзүүлэх санал ирсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүд оролцож өөрсдийн тайлбараа өгсөн.

Дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороод гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх бөгөөд чуулганы хуралдаанаар ч мөн хаалттай хэлэлцэх юм. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх саналыг улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн бол УИХ 48 цагийн дотор хэлэлцэх учиртай. Тэр хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа учраас Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороод, чуулганы хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудал нь УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж