Татвар төлсөн иргэн таны эрхээ эдлэх боломж

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Татвар төлсөн иргэн таны эрхээ эдлэх боломж

Иргэн бүр татвар төлөх ёстой гэж мэдэх ч түүнийхээ тодорхой хувийг буцаан авах боломжтойг тэр бүр мэддэггүй. Зарим нь мэддэг ч олон бичиг баримт бүрдүүлэхээс халшран хөнгөлөлтөөс хоцрох нь түгээмэл. Тэгвэл энэ жил татварын хөнгөлөлт эдлэхээр материал бүрдүүлж буй иргэн хэр олон байгаа, тэдэнд ямар асуудал тулгарч буйг сурвалжиллаа.

Нэг цэгийн үйлчилгээний төв буюу “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо. Тус төвийн татварын хэлтсийнхэн иргэдийн материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ.

Татварын хөнгөлөлт авахаар тус хэлтэст ирсэн хүн цөөнгүй байв. Иргэд “Дөнгөж материал авч эхлэх үеэр нэлээд ачаалалттай байсан бол одоо багасаад байна. Эртхэн л амжуулж өгөхгүй бол материал хүлээн авах хугацаа дуусах дөхөхөд хүн шавчихдаг” гэж ярилаа.  Мөн “Татварын ерөнхий газрын цахим хуудсан дахь бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлчхээд дүүрэг дээр ирэхэд заримыг нь нотариатаар батлуулсан байх ёстой гээд буцааж байна" хэмээн бухимдах иргэд ч байлаа.

Хөнгөлөлт, чөлөөлөлт авахыг хүссэн иргэдийн өргөдлийг харьяалах татварын алба, хэлтэс нь нэгдүгээр сараас авч эхэлдэг ч хоёрдугаар сар гармагц хөл хөдөлгөөн нь улам нэмэгддэг. Гагцхүү хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байдгийг энд дурдах илүүц биз. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл дэх нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өгөх боломжтой.

Мөн орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс заавал авах шаардлагатай аж. 2018 онд төгссөн оюутан материалаа бүрдүүлэн буцаан олголт авах юм байна.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ОРЛОГОО НОТЛОХОД ХАМГИЙН ИХ БЭРХШЭЭЛ ТУЛГАРДАГ

Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцагч И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


Татварын буцаан авалт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авч эхэлсэн талаар яриагаа эхлүүлье?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу орон сууц анх удаа худалдан авсан эсвэл шинээр барьсан иргэн, оюутны сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч иргэн хөнгөлөлтөд хамрагдахын тулд жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлан гаргаж өгдөг. Хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл нь бүрдсэн иргэд нэмэлт материал бүрдүүлж ирүүлээд тайлангаа хамт өгсөн тохиолдолд хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой. Хуульд зааснаар өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн мэргэжлийн сургуульд суралцсан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс хасаж хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг.

Иргэд материалаа хаана бүрдүүлж өгөх ёстой вэ?

-Татвар төлөгч иргэд маань өөрийн цахим үнэмлэхийн харьяаллаар харьяа дүүргийнхээ, аймгийнхаа татварын албанд хандах ёстой. Татвар төлөгчид цахим тайлангаа илгээхийн тулд цахим руу нэвтрэх кодоо авна. Мөн манай Татварын албаны сайтад татварын материал бүрдүүлэх материалын жагсаалтыг ангилаад тавьсан байгаа. Жишээлбэл, шинээр баригдсан орон сууцыг худалдаж авсан татвар төлөгч ямар шаардлага хангасан байх вэ гэх мэтчилэн бүрдүүлэх материалын жагсаалт бий. Жил бүр татварын албад эдгээрийг материалыг хүлээн авах ажлын хэсэг байгуулдаг. Мөн өнгөрсөн оноос эхлээд төрийн байгууллагаас гаргадаг дөрвөн төрлийн лавлагааг тухайн татварын албанд хурууны хээгээ уншуулаад “Хур” мэдээллийн системээс гаргуулж авах боломжтой. Ийм байдлаар татвар төлөгч иргэдэд хурдан шуурхай үйлчлэхээр ажиллаж байна.

Орон сууц худалдан авсан иргэн хэчнээн төгрөгийн чөлөөлөлт авах боломжтой вэ?

-Орон сууц худалдан авсан иргэд 30 сая төгрөгийн орлогоо татвар ногдох орлогоос хасч чөлөөлүүлдэг. Жишээлбэл, би 100 сая төгрөгийн байр худалдаж авлаа гэхэд түүнийхээ 30 сая төгрөгийг татвар ногдох орлогоос хасч чөлөөлөгдөнө гэсэн үг юм. Мөн шинээр баригдсан орон сууцыг худалдаж авсан бол 2017, 2018 онд төлсөн төлбөртөө Е баримт авчрах ёстой.

-Худалдан авсан орон сууцныхаа Е баримтыг авчрахгүй бол хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, тухайн компани орон сууц бариад түүнийгээ танд худалдаалсан бол Е баримт заавал өгөх үүрэгтэй. Иргэн та баримтаа авсан байж хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Хэрвээ Е баримт олгохгүй байгаа бол тэрийг олгуулах гомдлоо гаргаад асуудлаа шийдүүлэх шаардлагатай. НӨАТ-ын буцаан олголт нэгдүгээр сарын 8-нд хаагдсан шүү дээ. Тэгэхээр татвар төлөгч Е баримтаа авч амжаагүй бол иргэд маань нөхөөд аваад ирвэл хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулна. Тиймээс нөхөөд Е баримтаа аваад ир гэдэг шаардлага тавьж байна. Мөн энэ онд сургалтын төлбөр дээр Е баримт шаардаж байгаа. Их дээд сургуулиуд сургалтын төлбөрт зайлшгүй Е баримт олгосон байх ёстой. Олгож чадаагүй бол нөхөж олгох боломжтой.

– Жилдээ хэчнээн хүн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байна вэ?

-Жил бүр татвар төлөгчийн тоо өсөх хандлагатай байна. Өнгөрсөн оны байдлаар 70 мянга 200 татвар төлөгч иргэн 41 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авсан байдаг.

ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ТУЛГАРЧ БАЙНА УУ?

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн тоо жил бүр 10 орчим мянгаар нэмэгддэг гэсэн тойм тооцоо бий. Тиймээс иргэдэд материал бүрдүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх саналыг сонслоо. 


БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭН М.ЭРДЭНЭМӨНХ: Орон сууцны татварын хөнгөлөлт анх удаа авахаар долоо хоногийн өмнөөс материалаа бүрдүүлсэн. Урьдчилгаа төлбөрийн бүрдүүлэлт дээр хаанаас энэ мөнгөө олсон буюу эх үүсвэрээ батлах гэдэг нь нэлээд түвэгтэй юм байна. Дүүргийн татварын хэлтсийнхний үйлчилгээ боломжийн. Аль болох тусалж дэмжин, зааж өгч байгаа ч зохион байгуулалт сайнгүй санагдлаа. Би өглөө ирээд нэг материал дутуу гээд буцсан. Уг нь материалаа зөв бүрдүүлэх юм бол түвэг учрахгүй байх. 17-18 төрлийн материал бүрдүүлээд байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН XIX ХОРООНЫ ИРГЭН Т.САЙНЖАРГАЛ: Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд анх удаа хамрагдах гэсэн ч миний материалыг буцаачихлаа. Ээж маань хувиараа ажилладаг. Гэхдээ татвар, нийгмийн даатгалаа төлдөг. Харин төсвийн байгууллагад ажилладаггүй, хувь хүний орлогын албан татвар төлдөггүй болохоор намайг хөнгөлөлтөд хамрагдаж болохгүй гэнэ. Мэдээлэл муу байснаас нэлээд бичиг баримт бүрдүүлж, цаг алдлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭН Б.МАНДАХ: Шаардлагатай материалуудаа дөнгөж цуглуулж эхлээд байна. Анхны жил орон сууцны татварын хөнгөлөлт авах гэж байгаа юм. Бичиг баримтаа бүрдүүлчихвэл Татварын хэлтэс дээр нэг их уддаггүй юм шиг байна лээ. Байр худалдаж авсан иргэд банкинд материалаа өгчихөөд аваагүй байдаг болохоор буцаж очоод шүүлгэнэ. Хүндрэлтэй тал нь гэвэл хэтэрхий олон “цаас” нэхэх юм. Нэг нь л дутуу бол байцаагч нь хүлээж авахгүй гээд буцаана. Татварын хөнгөлөлтийн материал хүлээж авах хугацаанд иргэдэд зөвлөх нэг хүн ажиллуулбал зүгээр юм. Хүн ажиллуулдаггүй юм гэхэд ямар бичиг баримт болохыг нь нэлээд сайн тайлбарлах хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс нь завгүй гээд сайн хэлж өгөхгүй, иргэд нэг нэгнээсээ л асуух юм. Зөвхөн өөрсдөө ойлгох юм бичиж хэвлэчихээд байж болохгүй.

Татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлэх юм байна. Орон сууцны чөлөөлөлт анхны жилд эдэлж байгаа иргэн 12 төрлийн баримт бичиг бүрдүүлэх бол хоёр ба түүнээс дээш жилдээ энэ чөлөөлөлтөд хамрагдаж буй татвар төлөгч зургаан төрлийн баримт, бичгийг өргөдөлдөө хавсаргах шаардлагатай аж.

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж